Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолт/,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б.Ад холбогдох эрүүгийн 2107000000096 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............................” ХХК-д техникийн инженер ажилтай, ам бүл 2, ахын хамт .............................................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

            Боржигон овогт Б.А /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Аптанбагана нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...................” амралтын газрын гэрт Б.Дтай маргалдаж улмаар барьцалдах үед түүний найз охин болох хохирогч Г.Г нь салгах зорилгоор очиход яллагдагч Б.А хохирогч Г.Гийг түлхэн түлээний хайрцган дээр унагасны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзуудаараа 10 жилийн ангийнхантайгаа хамт амралтад явж байсан. Жоохон уусан байсан. Сагсны талбайд сагс тоглох гээд очтол хоёр ах байсан. Тэгээд тоглож байгаад гэр лүүгээ ороод хөзөр тоглож байгаад буцаад гарч ирсэн. Бөмбөгийг нь гуйх гээд арын гэрт очсон. Манай арын гэрт тэр ах нар байсан, бөмбөгийг нь гуйтал харамлаад байсан. Тэгээд хоорондоо маргалдаад зодоон болсон. Тэгэх явцдаа хохирогчийг түлхэж унагаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

         

            Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай найз залуугийн төрсөн өдөр байсан. Бид нар гэр бүл болон найзуудын хүрээнд амралтад очиж амрахаар явсан. Орой болсон учраас би унтаж байхад гэрт үймээн самуун болж байсан. Тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй салгах гэж очиж байгаад түлхүүлсэн. Түлхүүлээд хамраас маш их цус гарсан. Хамраа ямар болсныг тухайн үед мэдээгүй. Дараа нь эмнэлгээр явж байж хамраа хугарсныг мэдсэн. Хавдартай байсан учраас мэдээгүй. Тухайн үед намайг түлхэхэд түлээний хайрцаг мөргөсөн, мөн бетонон шалан дээр хүчтэй унасан” гэв. 

 

   Гэрч Ш.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн “...................” гэх амралтын газар найзуудын хамтаар амарсан. Орой 20 бил үү 21 цагийн үед амралтын газрын сагсны талбай дээр бөөндөө сагс тоглож байхад бид хэдийн араас сүүлд ирж амарцгаасан хүмүүсийн нэг болон танихгүй залуу бид нар дээр ирж сагс тоглосон. Ингээд сагс тоглож дуусаад бид нар өөрсдийн амралтын гэрт орж амарцгаах гэж байхад хамт сагс тоглосон нөгөө танихгүй залуу орж ирээд манай найз Б.Дг “сагс сайн тоглох юм аа” гэж хэлээд үгээр өдөөд хоорондоо муудалцах гээд зууралдаад авсан. Тэгсэн Б.Дгийн найз охин болох Г.Г “хөөе юу болоод байгаа юм вэ” гээд найз залуугаа өмөөрч тэр хоёрын дундуур орсон чинь Б.Дтай зууралдаж байсан залуу Г.Гийг хойшоо гэрийн түлээний хайрцаг руу түлхчихсэн. Үүнээс болоод Г.Г хамраараа түлээний хайрцаг мөргөж, хамарнаас нь цус гарч бид нар Г.Гийг түлхсэн нөгөө залууг гэрээсээ хөөж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

   Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021  оны 03 дугаар сарын 26-ны өдөр орой 18 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид “...................” гэх амралтын газар найзуудын хамтаар амарсан. Амралтанд очоод сагсны талбай дээр сагс тоглож байхад бид хэдээс сүүлд ирж амарцгаасан хүмүүсийн нэг нь болон нэг танихгүй залуу цуг ирж сагс тоглосон. Сагс тоглож дуусаад бид нар бөмбөгөө аваад өөрсдийнхөө гэрлүү явцгаасан. Удалгүй хамт сагс тоглосон нөгөө залуу гэт орж ирээд “ах яасан сайн тоглодог юм бэ” гэх зэргээр хэрүүл өдөөд байхаар нь түүнийг гэрээс гаргах санаатай “гар” гэж хэлээд биенээс нь бариад гаргах гэтэл өөдөөс эсэргүүцээд надтай хэрүүл хийсэн. Энэ үед манай найз охин Г.Г хүрч ирээд “хөөе юу болоод байгаа юм бэ” гээд намайг өмөөрч бид хоёрын дундуур ороход тэр залуу манай найз охиныг түлхчихсэн. Манай найз охин тэр залууд түлхүүлээд унахдаа гэрийн түлээний хайрцгийг хамраараа цохиж унаад хамраас нь цус гарчихаар нь тухайн үед хамт байсан манай найз Ш.У бид хоёр уурлаад тэр залууг гэрээсээ хөөж гаргасан. ...Сүүлд нь манай найз охиныг түлхсэн залуу хүрч ирж Г.Гээс уучлалт гуйхдаа өөрийгөө Б.А гэж танилцуулаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б.Аы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...сагс тоглож байсан хүмүүс тарж өөрсдийнхөө амралтын гэр рүү ороход би тэр хүмүүсийн гэр рүү нь дагаж орж сагсны бөмбөгийг нь гуйхаар явсан. Намайг гэрт ороход бөмбөгөө өгөх дургүй надтай жаахан сонин харьцаад байхаар нь би тэр ахтай маргаж муудалцсан юм. Энэ үед хажуунаас нэг эмэгтэй дундуур орж ирэхээр нь би санамсаргүй байдлаар тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулах гэж байгаад гараараа хальт түлхэх шиг болсон. Тэгсэн тэр эмэгтэй газар нүүрээрээ юм мөргөөд унах шиг болсон би сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 196 дугаар:

            “1. Г.Гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд өнгөц язралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

            “Мед траума” эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 57 дугаар хуудас/,                             

 

            Шүүгдэгч Б.Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, хаан банкны дансны хуулга /хх-ийн 60-72 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, сургууль төгссөн тухай мэдээлэл /хх-ийн 74-82 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 58 дугаар хуудас/, Төгс ялгуун гоо сайхны эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...................” амралтын газрын гэрт Б.Дтай маргалдаж улмаар барьцалдах үед түүний найз охин болох хохирогч Г.Г нь салгах зорилгоор очиход шүүгдэгч Б.А хохирогч Г.Гийг түлхэн түлээний хайрцган дээр унагасны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Үүнд:     Шүүгдэгч Б.Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бөмбөгийг нь гуйх гээд арын гэрт очсон. Манай арын гэрт тэр ах нар байсан, бөмбөгийг нь гуйтал харамлаад байсан. Тэгээд хоорондоо маргалдаад зодоон болсон. Тэгэх явцдаа хохирогчийг түлхэж унагаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

         

            Хохирогч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй салгах гэж очиж байгаад түлхүүлсэн. Түлхүүлээд хамраас маш их цус гарсан. Хамраа ямар болсныг тухайн үед мэдээгүй. Дараа нь эмнэлгээр явж байж хамраа хугарсныг мэдсэн. Хавдартай байсан учраас мэдээгүй. Тухайн үед намайг түлхэхэд түлээний хайрцаг мөргөсөн, мөн бетонон шалан дээр хүчтэй унасан” гэх мэдүүлэг, 

 

   Гэрч Ш.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар өөрсдийн амралтын гэрт орж амарцгаах гэж байхад хамт сагс тоглосон нөгөө танихгүй залуу орж ирээд манай найз Б.Дг “сагс сайн тоглох юм аа” гэж хэлээд үгээр өдөөд хоорондоо муудалцах гээд зууралдаад авсан. Тэгсэн Б.Дгийн найз охин болох Г.Г “хөөе юу болоод байгаа юм вэ” гээд найз залуугаа өмөөрч тэр хоёрын дундуур орсон чинь Б.Дтай зууралдаж байсан залуу Г.Гийг хойшоо гэрийн түлээний хайрцаг руу түлхчихсэн. Үүнээс болоод Г.Г хамраараа түлээний хайрцаг мөргөж, хамарнаас нь цус гарч бид нар Г.Гийг түлхсэн нөгөө залууг гэрээсээ хөөж гаргасан” гэх мэдүүлэг,

 

   Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамт сагс тоглосон нөгөө залуу гэт орж ирээд “ах яасан сайн тоглодог юм бэ” гэх зэргээр хэрүүл өдөөд байхаар нь түүнийг гэрээс гаргах санаатай “гар” гэж хэлээд биенээс нь бариад гаргах гэтэл өөдөөс эсэргүүцээд надтай хэрүүл хийсэн. Энэ үед манай найз охин Г.Г хүрч ирээд “хөөе юу болоод байгаа юм бэ” гээд намайг өмөөрч бид хоёрын дундуур ороход тэр залуу манай найз охиныг түлхчихсэн. Манай найз охин тэр залууд түлхүүлээд унахдаа гэрийн түлээний хайрцгийг хамраараа цохиж унаад хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 196 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч Г.Гийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч түүнийг түлхэж түлээний хайрцаг мөргөж унагасны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б.Аын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г.Гийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтлийн улмаас үзлэг, оношилгоо хийлгэсэн 121.800 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Г.Г нь “эмнэлэгт үзүүлэхэд хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн удахгүй хагалгаанд орно, хагалгааны  төлбөр 1.200.000 төгрөг, толгойн томографын шинжилгээ хийлгэхэд 500.000 төгрөг болсон, нийт 1.700.000 төгрөг нэхэмжилж байгаа, шүүгдэгч Б.Атай эмчилгээний төлбөр 1.700.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж авахаар тохиролцсон, эхний төлөлт болох 500.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дансаар хүлээн авсан. Дараагийн төлөлт 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 дугаар сард 700.000 төгрөгийг авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлэг гаргасан болно. Иймд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.700.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, шүүгдэгч эхний төлбөр болох 500.000 төгрөгийг төлсөн, үлдсэн төлбөрийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Г нь “хохиролд 500.000 төгрөг авсан, үлдэгдэл 1.200.000  төгрөгийг хувааж авахаар тохиролцсон, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Батзоригийн Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ