Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.М холбогдох эрүүгийн 2107000000084 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, .......................................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

Боржигон овогт Н.М /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ..........................................................тоотод Т.Нтай маргалдаж гэрээс яв зайл гэж хөөж, заазуураар цохиж баруун чамархай, зүүн сарвуунд шарх, зүүн сарвууны 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр миний буруу байсан. Гарыг нь заазуурдсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

            Хохирогч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед ..........................................................тоотод Н.Мийн гэрт түүний хадам ах Н.Б бид хэд 0.75 литрийн Хараа нэртэй архи 3 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд цаг орчмын дараа бүгд уусан архиндаа согтчихсон байсан тухайн үед миний хажууд хамт архи уугаад сууж байсан. Н.М гэнэт над руу согтуурхан дайрч гэрээсээ хөөж агсарч байснаа ширээн дээрээс ногоон иштэй заазуур авч над руу далайн миний баруун хэсэг рүү зүссэн дараа дахиад над руу заазуураараа далайж миний зүүн гарын долоовор хурууг зүсэж их хэмжээний цус гарсан. Тэр үед би архиныхаа халуунд зүсүүлсэн шархаа нээх тоолгүй өөрөө гараа угааж цэвэрлэж боогоод цагдаа эмнэлэгт мэдэгдэлгүй хоорондоо эвтэйхэн учраа олоод өнгөрөөчихье гэж бодоод юу ч хэлээгүй. Тэр өдөр үүнээс өөр ямар нэг зүйл бид гурвын дунд болоогүй тэгж байгаад унтаж амарцгаасан. Харин 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 билүү 22 цагийн үед ..........................................................тоот Н.Мийн гэрт дахиад түүний хадам ах Н.Бийн хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Энэ үед Н.М согтчихоод хадам ах Н.Бтэйгээ муудалцаж манайхаас гар зайл гээд хөөж байснаа хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаж энэ хоёрын хэрүүл маргааныг болиулахаар тэднийхээс гараад хажуу айл руу нь орж хүнээр цагдаад дуудлага өгүүлж цагдаа дуудсан. ...Би одоо энэ хэрэгт Н.Мийг уучилсан учир түүнд гаргаад байх ямар нэгэн асуудал, гомдол санал алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,  

 

            Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр билүү 19-ний өдөр 20 цагийн үед ..........................................................тоотод би Н.М, Т.Н нарын хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 3 шилийг хувааж уусан. Ингээд хамтдаа архи ууж байх явцад бид 3 гурвуулаа архиндаа согтож муудчихсан. Энэ үед Н.М, Т.Н хоёр ширээний урд суугаад хоёулаа юм ярьж сууцгааж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг нээх тоолгүй ганцаараа юм бодоод сууж байтал гэнэт Н.М архиныхаа халуунд согтуурхаж Т.Н руу “манайхаас яв зайл” гэх зэргээр орилж байснаа ширээн дээр байсан заазуурыг авчихаад түүн рүү далайж байснаа савчиж байхдаа Т.Нгийн толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хурууг нь зүсчихсэн энэ үед Т.Нгийн гараас их хэмжээний цус гарч байсан тэгэхээр нь сандарч очоод Н.Мийн гараас заазуурыг нь булааж хаяад Т.Нгийн зүсэгдсэн шархыг нь боогоод бид хэд унтаж амарцгаасан. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ..........................................................тоотод Н.Мийнд Т.Н бид гурав дахиад хамтдаа 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгааж байтал Н.М над руу согтуурхаж гэрээсээ хөөгөөд дайраад байхаар нь би цохисон, үүнээс өөр бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан ерөөсөө болоогүй. Ингээд удалгүй гаднаас цагдаа нар хүрч ирээд бид гурвыг бүгдийг нь аваад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ахлах ахлагч Ц.Энхбаатарын хамт хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уул 8-16 тоотод хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч очиж шалгасан. Дуудлага өгсөн айлд очиход 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан бүгдээрээ их согтолттой байсан ба өөрийгөө Т.Н гэх нэг эмэгтэйн гар болон толгойн хэсэгт даавуугаар боосон байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэй буюу өөрийгөө Н.М гэх эмэгтэй болон Н.Б гэх залуугаас юу болсон талаар асуухад миний гар болон толгойг Н.М согтуудаа заазуураар зүсэж гэмтээсэн тухай ярьж байсан. Тэгээд ахлах ахлагч Ц.Энхбаатарын хамт тэр гурвыг хэлтэс рүү авч явж жижүүрт хүлээлгэж өгч ажилласан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.М бид хоёр гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн эхнэр, нөхрийн хувиар нэг гэрт хамтран амьдардаг юм. Н.Мийн зан байдлын хувьд архи уудгаас бусдыг эс тооцвол зан араншингийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй, хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №194 дугаар:

  1. Т.Нгийн биед баруун чамархай, зүүн сарвуунд шарх, зүүн сарвууны 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,        

 

       Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн Н.Мийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, Налайх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252 дугаар албан бичиг /хх-ийн 53 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ..........................................................тоотод Т.Нтай маргалдаж гэрээс яв зайл гэж хөөж, заазуураар цохиж баруун чамархай, зүүн сарвуунд шарх, зүүн сарвууны 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гарыг нь заазуурдсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Н.М гэнэт над руу согтуурхан дайрч гэрээсээ хөөж агсарч байснаа ширээн дээрээс ногоон иштэй заазуур авч над руу далайн миний толгойн баруун хэсэг рүү зүссэн, дараа дахиад над руу заазуураараа далайж миний зүүн гарын долоовор хурууг зүсэж их хэмжээний цус гарсан тэр үед би архиныхаа халуунд зүсүүлсэн шархаа нээх тоолгүй өөрөө гараа угааж цэвэрлэж боогоод цагдаа эмнэлэгт мэдэгдэлгүй хоорондоо эвтэйхэн учраа олоод өнгөрөөчихье гэж бодоод юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг, 

 

            Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М архиныхаа халуунд согтуурхаж Т.Н руу “манайхаас яв зайл” гэх зэргээр орилж байснаа ширээн дээр байсан заазуурыг авчихаад түүн рүү далайж байснаа савчиж байхдаа Т.Нгийн толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хурууг нь зүсчихсэн энэ үед Т.Нгийн гараас их хэмжээний цус гарч байсан тэгэхээр нь сандарч очоод Н.Мийн гараас заазуурыг нь булааж хаяад Т.Нгийн зүсэгдсэн шархыг нь боогоод бид хэд унтаж амарцгаасан” гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлага өгсөн айлд очиход 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан бүгдээрээ их согтолттой байсан ба өөрийгөө Т.Н гэх нэг эмэгтэй нь гар болон толгойн хэсэгт даавуугаар боосон байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэй буюу өөрийгөө Н.М гэх эмэгтэй болон Н.Б гэх залуугаас юу болсон талаар асуухад миний гар болон толгойг Н.М согтуудаа заазуураар зүсэж гэмтээсэн тухай ярьж байсан. Тэгээд ахлах ахлагч Ц.Энхбаатарын хамт тэр гурвыг хэлтэс рүү авч явж жижүүрт хүлээлгэж өгч ажилласан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №194 дугаар дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

Хохирогч Т.Нгийн эрүүл мэндэд учирсан “баруун чамархай, зүүн сарвуунд шарх, зүүн сарвууны 2 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал” гэмтэл нь шүүгдэгч заазуураар цохих, зүссэний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.М нь хохирогч Т.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Н.М нь хохирогч Т.Нгийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад “Н.Мийг уучилсан, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж заасан байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.   

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “Хохирогч нь Н.Мийг уучилсан, гомдол, санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлэгх ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар аль аль байнга архи уудаг, архины хамааралтай болсон, хохирогч нь хотод хаягтай ч гэсэн Налайх дүүргийн 5 дугаар хороонд ирж архи уудаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдсанаас энэ гэмт хэрэг гарах болсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Н.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч аль аль нь архидан согтуурсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, гэмшиж байгаа байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар бариултай, нийт 29 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр  зүйлийн  1  дэх  хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол

санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т хэсэгт зааснаар хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар бариултай, нийт 29 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ