| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0111/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ж.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ж.Яд холбогдох эрүүгийн 2118000000084 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Я /РД: /, 1978 оны 01 дүгээр сарын 26-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Яыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоот хашаанд байрлах Х.Тий эзэмшлийн BMW520 маркийн машины мотор 1 ширхэг, кроп 1 ширхэг, УАЗ-469 маркийн машины урд тэнхлэгийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу түлхүүр хэрэглэн авч нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Яын өгсөн: ...Дэлгүүрт өртэй байсан учир бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авсан. Мотор сул байсан, урд тэнхлэгийг гэрээсээ хорин дөрвийн түлхүүр авчраад тайлж авсан... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Х.Тий өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын сүүлээр Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоот хашаа байшингаа эргэж тойрч очиход миний эзэмшлийн БМВ-520 маркийн машины мотор, кроп, УАЗ-69 маркийн машины урд тэнхлэг алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Иргэний нэхэмжлэгч А.Сын өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын сүүлээр зүс таних Я гэх хүн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийг усны тэрэг дээр тавьчихсан ирэхээр нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь автомашины мотор, кроп зэргийг бас авч ирэхээр нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өөрийнхөө эд зүйл гэсэн болохоор би өөрийнх нь юм байна л гэж бодож авсан. Би Яаас худалдаж авсан тэнхлэг, кроп, мотор зэргийн 20.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч А.Хны өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Х.Тий хашаанд Я нь үл таних 30 орчим насны өндөр нуруутай залуугийн хамт байж байсан ба Я нь Х.Тий хашаанд байдаг УАЗ-469 маркийн авто машины доогуур ороод суучихсан урд тэнхлэгийг нь тайлж байсан. Яд “бусдын автомашины юуг нь тайлаад байгаа юм бэ?” гэж асуухад “Тэнхлэгийг нь тайлж байна. Х.Төөс зөвшөөрөл авсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч Х.Бийн өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Я ах ирээд “миний машины кроп, моторыг салгаж авахад туслаад өгөөч...” гэсэн. Я ахынд очиход үргэлжилсэн том хашаа байсан. Би Я ахын машин гэж бодсон. БМВ гэсэн логотой дугуй байхгүй, шаргал боронзон өнгөтэй хуучин автомашины мотор, кроп нь салангид биш боолтгүй сул байсан. Я ах хашаанд хэвтэж байсан ременийг авчирч тухайн мотор, кропын сууринаас нь бэхлээд намайг хажуу талаас нь өргөөд өг гэж хэлсэн. Машины мотор, кропыг өргөж гаргаж ирсний дараа УАЗ-469 маркийн автомашины урд тэнхлэгийг тайлж авахад Я ах гэрээсээ 24-ийн түлхүүр гаргаж ирж тайлж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоот хашаанд УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн кузов байх бөгөөд бусад эд зүйлийг тайлж авсан байдалтай байв. БМВ маркийн тээврийн хэрэгслийн урд копудыг онгойлгож үзэхэд мотор, кроп нь байхгүй хөндий хоосон байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 2 дугаар гудамжны 8 тоотод үзлэг хийхэд овоолсон төмөр эд зүйлийн захад хулгайд алдагдсан гэх БМВ маркийн тээврийн хэрэгслийн мотор, кроп, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн тэнхлэгийг хаясан байсныг гаргаж, гэрэл зургаар бэхжүүлж хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,
Иргэний нэхэмжлэгч А.Соос хураан авсан БМВ-520 маркийн автомашины мотор, кроп тус бүр 1 ширхэг, УАЗ-469 маркийн автомашины урд тэнхлэг зэрэг зүйлсийг эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...БМВ-520 маркийн тээврийн хэрэгслийн хуучин мотор 1 ширхэг, хуучин кроп 1 ширхэг, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн хуучин урд тэнхлэг 1 ширхэг зэрэг нь нийт 750.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Я нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны ** дугаар гудамжны ** тоот хашаанд байрлах Х.Тий эзэмшлийн BMW520 маркийн машины мотор 1 ширхэг, кроп 1 ширхэг, УАЗ-469 маркийн машины урд тэнхлэгийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу түлхүүр хэрэглэн авч нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан н.Б, н.С нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ тэнхлэгийг авахын тулд гэрээсээ хорин дөрвийн түлхүүр ашиглан тайлан авсан. Өөрөөр хэлбэл учрах саадыг хялбарчлах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан байх тул шүүгдэгч Ж.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь зэвсэг буюу тусгай багаж хэрэглэж эд зүйл авсанд маргахгүй. УАЗ-469 автомашины урд тэнхлэгийг авч 50.000 төгрөгийн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байна. Харин БМВ-520 маркийн машины 700.000 төгрөгийн хохирлыг зөвшөөрөхгүй байна. Учир нь уг машины моторыг 2016 онд 350.000 төгрөгөөр худалдаж авсан байхад шинжээчийн дүгнэлтэд моторыг 450.000 төгрөгөөр үнэлсэн нь шинжээч дүгнэлт гаргахдаа тал бүрээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна. Мөн БМВ-520 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.Т биш, н.А байдаг. Гэтэл эзэмшигч нь биш хүнийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй болсон. Иймд БМВ-520 маркийн машины мотор, кропны үнэ 700.000 төгрөгийг Х.Төөс буцаан гаргуулж, Ж.Яд олгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Я нь хөрш айл Х.Тий хашаа болох Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн ** дугаар гудамжны ** тоот хашаанд байх БМВ-520 маркийн тээврийн хэрэгслийн мотор, кроп болон УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийг 24-ийн түлхүүр ашиглан тайлж аваад төмрийн түүхий эд авах цэгт худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ж.Яын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан, ингэхдээ өөрийн үйлдлийг түргэтгэх, аливаа саад бэрхшээлийг арилгах зорилгоор түлхүүр багаж ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, мөн БМВ-520 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь н.А тул хохирогч Х.Тд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд БМВ-520 маркийн автомашины хуучин мотор 1 ширхэг, хуучин кроп 1 ширхэг, УАЗ-469 маркийн автомашины хуучин урд тэнхлэг 1 ширхэг зэргийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож дүгнэлт гаргахдаа шинжээч нь дээрх эд зүйлийн элэгдэл, хорогдлыг тооцон, зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргыг ашиглан уг дүгнэлтийг гаргасан талаараа тайлбарласан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн хавтаст хэргийн 87-88 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд БМВ-520 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2001 оны 10 дугаар сарын 19-нд Д.Аг бүртгэсэн талаар тэмдэглэсэн байгаа боловч хохирогч Х.Т нь 2002 онд дээрх тээврийн хэрэгслийг Д.А-с худалдаж авсан, үүнээс хойш өөрийн эзэмшилд байлгаж, хадгалж, хамгаалж байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэдэг бөгөөд Х.Т нь өөрийн хашаанд байсан эд хөрөнгө болох авто машины эд ангиа алдсан талаараа гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, хохирлоо арилгуулахаар удаа дараа шаардлага гаргасан, гэмт хэргийн халдлагын зүйл болох алдагдсан эд ангиудын эзэмшил, өмчлөлийн талаар хэн нэг этгээд маргаан гаргаагүй тул шүүгдэгч Ж.Яын үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд нь Х.Т гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцэж байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Тд 750.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч А.Сод 20.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Х.Тд 750.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...хохирол болох 750.000 төгрөгийг Ж.Я нь бүрэн төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 97/-ээр нотлогдож байна.
Мөн иргэний нэхэмжлэгч А.С нь өөрт учирсан хохирол болох 20.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан түүний “...Би Яаас худалдаж авсан тэнхлэг, кроп, мотор зэргийн 20.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Я нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар /хх-72-77/ нотлогдож байгаа ба шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр санаатай гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Ж.Я нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдал нь дансны хуулганууд /хх-ийн 59-68/, хүү Я.Бийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 80/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 81/ зэргээр нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ж.Яын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Яд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэрэгт цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохих ба эд мөрийн баримтаар хураагдсан БМВ-520 маркийн автомашины мотор, кроп тус бүр 1 ширхэг, УАЗ-469 маркийн автомашины урд тэнхлэг зэргийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Ж.Яыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Яд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Яд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Яд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэрэгт 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсоныг хорих ялын 13 /арван гурав/ хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 450.000 төгрөгийн үнэ бүхий БМВ-520 маркийн автомашины мотор 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэ бүхий БМВ-520 маркийн автомашины кроп 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн автомашины урд тэнхлэг зэргийг улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Яд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР