Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0124/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Эд холбогдох 2118000000134 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Э /РД: /, 1992 оны 02 дугаар сарын 01-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ** дугаар байрны ** тоотод хамтран амьдрагч Н.Эзтой маргалдаж түүний хүзүү, цээж, бэлхүүс, гуянд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Гэртээ ороод бид 2 маргалдсан бөгөөд би Эг алгадаад хоолойг нь боосон. Тэгтэл намайг “зайл” гэж хөөж байгаад шүүгээнээс хутга аваад цээжний баруун хэсэгт, баруун гуянд 2 удаа, зүүн суганы хэсэгт 1 удаа тус тус хатгаад намайг гэрээс гарах үед зүүн бөөрний хэсэгт дахин 1 удаа хутгаараа хатгачихсан. Миний бие одоо тогтвортой байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Н.Эзгийн мэдүүлэг /хх-ийн 33/,

- ...Тэгж байгаад нэг мэдсэн чинь Э нь “авраарай, аллаа” гэж орилохоор нь би босох гэж байтал Э нь “цагдаа дуудаарай” гээд гэрийн хаалга онгойлгоод хашхирч байсан. Яг тэр үед түүний хажуугаар Эз дайрч гараад явсан... гэх гэрч Ч.Эт-ийн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

- ...Эз, Э хоёр дээр очихоор байрных нь үүдээр ороход орцны 1 давхарт нь их хэмжээний цус болчихсон, цагдаа нар ирчихсэн байсан... гэх гэрч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 44/,

- ...шөнө 03 цаг өнгөрч байхад Эз бид 2 хажуу өрөө түрээслэн амьдардаг Дархан сумын 8 дугаар багийн ** тоот гэртээ ирснийхээ дараа хоорондоо маргалдсан. Тэгтэл Эз миний толгой руу цохиод хоолой боохоор нь би хутга шүүрч аваад түүнийг хутгалсан... гэх шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

- Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ** дугаар байрны 1 давхрын шатны урд хүзүү орчмоос нь цус алдсан, зүүн бөөр хэсэгт ногоон өнгийн бариултай хутга зоолттой эрэгтэй хүн хэвтэж байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-17/,

- Хохирогч Н.Эзгийн өмсөж байсан хувцас, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан ажлын хэсэг нь 8 сантиметр, бариулын урт 10 сантиметр, нийт 18 сантиметр урттай, ногоон өнгийн бариултай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 262 дугаартай “Н.Эзгийн биед хүзүү, цээж, бэлхүүс, гуянд хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх шархнууд хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Эзгийн биед тогтоогдсон шархнууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Эзгийн биед илэрсэн шархнууд нь цаг хугацааны хувьд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн байж болно. Н.Эзгийн биед тогтоогдсон шархнууд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/,

- Н.Эзгийн баруун хөл болон цээж хэсэг олон тооны хатгагдсан шархтай гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-50/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмийн зүүн талын суганы доод залгаас оёдол дагуу 140 миллиметр урттай гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, зүүн талын залгаас оёдлоос 1.5 сантиметр, арын доод залгаас оёдлоос эгц дээш 11 сантиметр зайд 10 миллиметр хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, зүүн залгаас оёдлоос 4.3 сантиметр зайд арын доод зах ирмэгээс эгц дээш 50 миллиметр хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өмдний баруун хөлийн дээд зах ирмэгээс 26 сантиметр, дотор зах ирмэгээс 6 сантиметр зайд 12 миллиметр хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Дээрх хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай хутганы ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-64/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Эзгийн эрүүл мэндэд хүзүү, цээж, бэлхүүс, гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Эзгийн “...Миний бие одоо тогтвортой байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ** дугаар байрны ** тоотод хамтран амьдрагч Н.Эзтой маргалдаж түүний хүзүү, цээж, бэлхүүс, гуянд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуур орлоготой зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 267 дугаартай албан бичиг, тодорхойлолт /хх-ийн 82-83/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 87-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-94/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 3 хүүхдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуур орлоготой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Харин улсын яллагчийн саналд дурдсан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Учир нь үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд тэнссэн хугацаанд нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх бөгөөд ялаас чөлөөлсөн тохиолдолд давхар албадлагын арга хэмжээ авах нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул ач холбогдолгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 8 сантиметр, бариулын урт 10 сантиметр, нийт 18 сантиметр урттай, ногоон өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 8 сантиметр, бариулын урт 10 сантиметр, нийт 18 сантиметр урттай, ногоон өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР