Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 159/ШШ2019/0021

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо,

Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто замын /Сэлэнгэ, Мандал сум / тендер шалгаруулалтад ******* ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тухай Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын шийдвэр (2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 тоот мэдэгдэл)-ийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Тендерийн үнэлгээний хороонд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч

*******

Хариуцагчийн төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай ******* ХХК нь Сэлэнгэ Аймгийн Орон Нутгийн Өмчийн Газраас зарласан СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/ нэртэй цахим тендерт оролцож, хууль болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хүснэгтэд заасан шалгуур, шаардлага, бүрдлийг бүрэн ханган тендерийн материалыг хүргүүлсэн.

Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2/216 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан дараах шаардлагыг хангаагүй, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.2-д заасан татварын өргүй байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр шалгараагүй, тус ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК шалгарсан тухай хариуг манай компанид ирүүлсэн.

Манай компани нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хуртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто замын /Сэлэнгэ, Мандал сум/ тендер шалгаруулалтад ******* ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тухай Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/ ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, ТОӨЗ-ны 5.3 (а) дахь Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 6,650,000,000 /зургаан тэрбум зургаан зуун тавин сая/ төгрөг байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хууль, тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангаагүй ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгож өгнө үү.

Манай компани дараах үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын шийдвэр (2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 тоот Мэдэгдэл)-ийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Энэхүү мэдэгдэл нь огт үндэслэлгүй юм. Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны хүснэгтэд заасан шалгуур, шаардлага, бүрдлийг бүрэн хангаж, материалаа бүрдүүлж хүргүүлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар тендерийг нээж, тендерт оролцогч, сонирхогч этгээд хэн бүхэнд нээлттэй болдог. Тус тендер нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний 10:30 цагт нээлтээ хийсэн бөгөөд тендерт манай компаниас гадна Хурдны зам ХХК, ******* ХХК материалаа илгээж, үнийн санал өгснөөс манай компаний илгээсэн санал хамгийн бага үнийн дүнтэй байсан болно;

2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (а)-д Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 6,650,000,000 /зургаан тэрбум зургаан зуун тавин сая/ төгрөг байна гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасантай нийцэхгүй байна.

Ийнхүү манай компани тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан бүх материалыг бүрэн хүргүүлсэн байгаа ба хамгийн бага өрсөлдөх үнэ санал болгосон байхад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй тухай мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто замын /Сэлэнгэ, Мандал сум/ тендер шалгаруулалтад ******* ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тухай Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын шийдвэр (2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 тоот Мэдэгдэл)-ийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү....... гэв.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...манай ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/ нэртэй тендертэй холбоотой нэхэмжлэл гаргасан билээ. Манай компанийн захирал хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч болох менежер Б.Мөнгөншагай нь ээлжийн амралттай байгаа болно.

Иймд тус шүүх хуралдаанд төлөөлөн оролцох төлөөлөгчгүй байгаа тул шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын төлөөлөгчгүйгээр явуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Даблью Экс пи ХХК-ий нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/21 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд холбогдох нэхэмжлэлтэй танилцаад Даблью Экс пи ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж байх бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх автозамтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/-ын тендер шалгаруулалтад оролцоод гүйцэтгэгчээр шалгарсан Замын битум ХХК нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(а)-дахь борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн дундаж нь 6,650,000,000 /Зургаан тэрбум зургаан зуун тавин сая/ төгрөгийн шаардлагыг ТББ-ийн ТОӨЗ 5.4-д "Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3 (а), (б)болон (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой" гэж заасны дагуу түншлэгч компани болох Увт инвест ХХК-ийн борлуулалтын орлогын үзүүлэлтийн нийлбэр дүнгээр хангаж байгаа болно.

2. Даблью Экс пи ХХК нэхэмжпэлдээ манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендөрт оролцогчдод өгөх зааварчилгааны хүснэгтэд заасан шалгуур, шаардлага, бүрдлийг бүрэн хангаж, материалаа хүргүүлсэн... гэсэн боловч Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.2-т заасан Татварын тодорхойлолтыг Татварын ерөнхий газрын www.e-tax-mta.mn сайтыг ашиглан бар код бүхий тодорхойлолт ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн тодорхойлолтыг татварын цахим системийн тодорхойлолт шалгах хэсгээс QR кодыг ашиглан шалгахад 1,570,992.40 төгрөгийн өр бүхий тодорхойлолтыг 0 болгон засварлаж ирүүлснийг тогтоож татварын газарт өртэй тул шалгараагүй тухай мэдэгдэл өгсөн. ******* пи ХХК нь энэхүү тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой холбогдох гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзээд тендерт оролцогч ******* пи ХХК-ийг тендертээ хавсарган ирүүлсэн татварын цахим системийн өртэй тодорхойлолтыг өргүй болгон зассан гэж харагдаж байх тул уг тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн ******* пи ХХК-ийг хуулийн 521.2.1-д заасны дагуу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг тус яаманд албан ёсоор ирүүлэх нь зүйтэй. гэсэн шийдвэрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3272 тоот албан бичгээр ирүүлсэн.

Энэхүү татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй болон илт худал мэдээлэл ирүүлсэн нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэж тухайн тендерээс татгалзах хангалттай үндэслэл болно.

Мөн ******* пи ХХК-ийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж 3,189 сая төгрөг, түншлэлийн гишүүн Энх төгөл бэх ХХК-ийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж 3,139 сая төгрөг, түншлэлийн нийлбэрээр борлуулалтын орлогын дундаж нь 6,328 сая төгрөг байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(а)-д заасан Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 6,650,000,000 / зургаан тэрбум зургаан зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангаагүй.

З. ******* пи ХХК нэхэмжпэлдээ Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(а)-д Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 6,650,000,000 / зургаан тэрбум зургаан зуун тавин сая/ төг байна" гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасантай нийцэхгүй байна гэсэн байна.

Энэхүү ажил нь нийт 22,119,400,000 төгрөгийн төсөвтэй бөгөөд дээрх шалгуур үзүүлэлтийг төсөвт өртгийн 30 хувиар тооцож тавьсан нь өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна гэж үзэхгүй байна. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 заасны дагуу тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж шийдүүлэх боломжтой байсан...гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Октябрь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн тендерт Замын битум ХХК шалгарсан. Тус компани нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн дундаж нь 6.650.000.000 төгрөгийн шаардлагыг хагасан эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ гэсний дагуу түншлэгч Увт инвест ХХК-ийн борлуулалтын орлогын үзүүлэлтийн нийлбэр дүнгээр хангасан учраас тендерт шалгарсан.

******* ХХК нь нэхэмжлэлдээ .. Манай компани нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгуур шаардлагыг бүрэн хангасан... гэх боловч Тендерийн бармит бичгийн 4.2.2 дахь хэсэгт зааснаар татварын өртэй эсэхийг сайтаас шалгахад 1.570.992 төгрөгийн татварын өртэй тодорхойлолтыг 0 болгон засварлаж ирүүлсэн нь тогтоогдож, татварын гөргүй байх шаардлагыг хангаагүй учраас тендерээс хассан.

Энэхүү татвар, хураамж, төлбөрөө төлөөлгүй болон илт худал мэдээлэл ирүүлсэн нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэх хангалттай нөхцөл тогтоогдсон гэж үзсэн.

Мөн ******* ХХК-ийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 3.189.000 төгрөг, түншлэгч Энх төгөл бэх ХХК-ийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 3.169.000 төгрөг, түншлэлийн нийлбэрээр 6.328.000 төгрөг байгаа нь Тендер шалгаруулалтын өгөгдөлд заасан Борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 6.650.000.000 төгрөгөөс багагүй байна гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Хамтран хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019.05.08-ны өдрийн 2/216 тоот мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019.03.21-ний өдрийн А/21 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь 2019.05.06-ны өдөр хуралдаж, ******* ХХК, Хурдны зам ХХК-иуд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан материал ирүүлээгүй шалтгаанаар шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх, шаардлага хангасан Замын битум ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулахыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, 2019.05.07-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын нэр дээр ирүүлсэн.

Ийнхүү үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн төндөр ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтын дагуу ******* ХХК-д 2019.05.08-ны өдрийн 2/216 тоот мэдэгдлийг хүргүүлж хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан тул мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн завшөөрөхгүй байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээний хороог байгуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Нэхэмжлэл үндэслэлгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Манай Замын битум ХХК нь түншлэгч байгууллагатай хамтарч борлуулалтын сүүлийн 3 жилийн орлого, бүх баримт бичиг тендерийн баримт бичгүүд маань хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу, Самбуугийн гудамж, Бльюмон төв, 9 дүгээр давхар 902 тоотод байрлалтай ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтад ******* ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тухай Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмж болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн зөвлөмжөөр ******* ХХК нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 4.2.2-д заасан татварын өргүй байх шаардлагыг хангаагүй, Хурдны зам ХХК нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 5.3 /а/ -д заасан сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж 6.650.000.000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй шалтгаанаар шалгараагүй, ******* ХХК нь тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан тул хуулийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөмж болгож шийдвэрлэжээ.

Дээрх зөвлөмжийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 дугаартай албан тоотоор ... тендерт оролцогчдын тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар үнэлэхэд уг хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр шалгараагүй тухай ... хариуг ******* ХХК-д хүргүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

 

******* ХХК нь татварын өргүй тухай тодорхойлолтыг Үнэлгээний хороонд ирүүлсэн боловч Үнэлгээний хорооноос бар кодоор нь шалгахад ******* ХХК нь 1.570.992.4 төгрөгийн, түүний түншлэлийн гишүүн Энх төгөл бэх ХХК нь 1.113.583 төгрөгийн татварын өртэй болох нь тогтоогджээ.

******* ХХК-ийн дээрх татварын өртэй боловч түүнийгээ засварлаж татварын өргүй гэсэн тодорхойлолтыг Үнэлгээний хороонд ирүүлсэн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн... гэж заасныг , мөн 1.570.992.4 төгрөгийн татвараа төлөөгүй нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т ...татвар хураамж төлбөрөө төлөөгүй... гэж заасныг тус тус зөрчжээ.

Дээрх хууль зөрчсөн үйлдэл нь хэргийн материалын 58-63 дугаар хуудсанд авагдсан Татварын ерөнхий газрын тодорхойлолтууд, үнэлгээний хорооны тэмдэглэл, Монгол улсын Сангийн яамнаас Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газарт гомдлыг хянаад ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/3272 дугаартай албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлдээ ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, ТОӨЗ-ны 5.3 /а/ дахь борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж 6.650.000.000 төгрөг байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргажээ.

Замын битум ХХК-ийн борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн дундаж 5.817.770.00 төгрөг, түүний түншлэлийн гишүүн Увт инвест ХХК-ийн борлуулалтын орлогын сүүлийн 3 жилийн дундаж 4.530.860.000 төгрөг бөгөөд борлуулалтын орлогын нийлбэр дүнгээр 10.348.630.000 төгрөг болж байгаа бөгөөд 6.650.000.000 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангаж байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.6-д заасныг тус баримтлан тус Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын СЭ-ОНӨГ-64/2019 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтад ******* ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тухай Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/216 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР