Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0133/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт С.От холбогдох эрүүгийн 2118001230151 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт С.О /РД: /, 1969 оны 10 дугаар сарын 14-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 11 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.О нь 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.............” зочид буудлын урд зогсоолд байрлуулж тавьсан “Б..............”ХХК-ийн эзэмшлийн **-** УБД улсын дугаартай Тоёота токома маркийн тээврийн хэрэгслийн тэвш дээр байсан гинжин татлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...манай авто ачигчийн оператор над руу “**-** УБД улсын дугаартай машины тэвш дээр байсан краны гинжин татлага байхгүй байна. Та буулгасан уу? Мэдэж байна уу?” гээд залгахаар нь “.............” зочид буудлын хажуу талын хүнсний дэлгүүрийн хяналтын камерын шүүж үзэхэд 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 05 цаг өнгөрч байхад үл таних хүн шуудайнд хийгээд авч явж байгаа бичлэг байсан. Алга болсон эд зүйл буюу машины гинжин татлагаа олж авсан тул гомдол санал байхгүй... гэх хохирогч З.Эын мэдүүлэг /хх-ийн 32, 35/,

- ...2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна. Буян захын орчмоор хог түүж тушаадаг С буюу О ирж “гинж авах уу? Би ганцаараа даахгүй байна. Чи машинтай бол очоод авчих, 8 дугаар багийн Микр хороололд байгаа” гэж хэлэхээр нь би “авахгүй, очих зав байхгүй” гэж хэлсэн... гэх гэрч Б.Аийн мэдүүлэг /хх-ийн 37/,

- ...Дархан сумын 8 дугаар багт байрлах “.............” зочид буудлын урд талаар шил, лааз түүгээд явж байтал ачаатай жийп бололтой машин байхаар нь ачаа дээр нь юу байгааг хартал урт гинж байсан. Тэгэхээр нь ачаа дээр нь гараад үүрч явсан шуудайндаа тэр гинжийг хийгээд “.............” зочид буудлын урд талын 9 давхар байр руу аваачиж тавьсан... гэх шүүгдэгч С.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/,

- Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “.............” нэртэй зочид буудлын гадна талд ил зогсоол дээр Тоёота токома маркийн тээврийн хэрэгсэл байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,

- “С.............” дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/,

- ...Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 1 давхрын зоорины давхраас хар өнгийн хувцастай эрэгтэй хүн шуудайтай эд зүйл үүрч яваа дүрс бичигдсэн байв гэх “С.............” дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/,

- Шүүгдэгч С.Оаас 4 дэгээ төмөртэй 1 холбоос гинжин татлагыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “краны гинжин татлага 2.500.000” төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

- Шүүгдэгч С.Оаас хураан авсан гинжин татлагыг хохирогч З.Эт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 136/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “Б..............” ХХК-нд 2.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч З.Эын “...Алга болсон эд зүйл буюу машины гинжин татлагаа олж авсан тул гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35/, “...алдагдсан эд материалаа олсон тул гомдолгүй байна” гэх хүсэлт /хх-ийн 142/, шүүгдэгч С.Оаас хураан авсан гинжин татлагыг хохирогч З.Эт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 136/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.О нь 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.............” зочид буудлын урд зогсоолд байрлуулж тавьсан “Б..............”ХХК-ийн эзэмшлийн **-** УБД улсын дугаартай Тоёота токома маркийн тээврийн хэрэгслийн тэвш дээр байсан гинжин татлагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Оыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин С.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд сурдаггүй гэх хувийн байдал тогтоогдож байх тул түүнд ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх шаардлагагүй байна.    

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР