Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0132/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2118001200148 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, 1980 оны 11 дүгээр сарын 27-нд Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** гэх газарт бэлчиж байсан Ш.Згийн малаас 2 тооны бог малыг өөрийн малтай нийлүүлэн авч явсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Би малаа 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тоолоход бүрэн байсан. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө тоолоход 8 толгой мал дутуу байсан. Манай малаас 8 тооны мал дутсан байснаас 6 мал нь тасарсан байсныг 2021 оны 5 дугаар сарын 19-ний орой бэлчээрээс олж авлаа. Одоо 2 толгой хонь дутсан ба нэг нь улаан алаг зүсмийн зүүн чихэндээ цуулбар имтэй, цэнхэр өнгийн даавуутай эм төлөг байгаа. Нөгөө нь бор нүдтэй зүүн чихэндээ цуулбар имтэй эм төлөг байгаа. Би Дөөшкө гэдэг залууг сэжиглэж байна. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Алдагдсан 2 толгой малаа буцаан авсан тул одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй... гэх хохирогч Ш.Згийн мэдүүлэг /хх-ийн 20-24/,

- ...Сар өдрийг сайн санахгүй байна одоогоос 20 гаруй хоногийн өмнө Б ирээд “2 хонь малаас хоцроод байна. Танай хашаанд түр хийж байгаад авъя” гэхээр нь би “тэг тэг” гэсэн. Тэр 2 толгой малын нэг нь бор нүдэн зүсмийн эм төлөг байсан. Энэ бор нүдэн төлөг нь хургалсан. Нөгөөх нь улаан алаг зүсмийн эм төлөг байсан. Улаан алаг зүсмийнх нь зүүн чихэнд цэнхэр даавуу уясан байсан. Бор нүдэн төлөг нь ямар им тамгатай байсныг анзаараагүй... гэх гэрч Ц.Збын мэдүүлэг /хх-ийн 29/,

- ...Би 20 гаруй хоногийн өмнө хонь хариулж явж байгаад манай хонь айлын хоньтой ойртоод ирэхээр нь тэр малаас 2 толгой хонийг өөрийнхөө хонь руу нийлүүлээд авч яваад маргааш нь Збыг гуйгаад малд нь нийлүүлсэн... гэх шүүгдэгч Б.Бий гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Гэрч Ц.Збаас улаан алаг зүсмийн зүүн чихэндээ цэнхэр өнгийн даавуу уясан эм төлөг 1 толгой, бор нүдэн зүсмийн зүүн чихэндээ цуулбар имтэй эм төлөг 1 толгой, шар халзан зүсмийн хурга 1 толгой зэрэг нийт 3 толгой хонийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

- Гэрч Ц.Збаас хураан авсан 3 толгой хонийг хохирогч Ш.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хохирогч Ш.З нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 5 толгой адуу, 116 толгой хонь, 106 толгой ямаа, нийт 227 толгой мал тоолуулсан тухай Дархан-Уул аймгийн Хонгор сумын ** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /хх-ийн 12-14/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “охин төлөг 2 толгой мал 240.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Зд 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдагдсан малаа буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Згийн “...Алдагдсан 2 толгой малаа буцаан авсан тул одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй... гэх хохирогч Ш.Згийн мэдүүлэг /хх-ийн 20-24/, “...Б.Бий авсан 2 толгой хонийг зүсээр нь буцаан авсан. Надад хохирол гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 85/, гэрч Ц.Збаас хураан авсан 3 толгой хонийг хохирогч Ш.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бий 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 017 гэх газарт бэлчиж байсан Ш.Згийн малаас 2 тооны бог малыг өөрийн малтай нийлүүлэн авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Б.Б нь мал малладаг, сургуульд сурдаггүй гэх хувийн байдал тогтоогдож байх тул түүнд ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх шаардлагагүй байна.    

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР