| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0144/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар У овогт Т.Гд холбогдох эрүүгийн 2118000000159 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Т.Г /РД: /, 1989 оны 7 дугаар сарын 06-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.......” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” авто засварын газарт иргэн М.Мгийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, багажийн арын нарийн шил, баруун талын урд, хойд хаалганы усны хамгаалалт, кузовын зүүн хойд талын гурвалжин шил, баруун талын хойд хаалгыг тоосгоор цохиж, зүүн талын гадна толийг өшиглөж гэмтээн 735.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...засварын газрын ах залгаад “хүүшээ чи машин дээрээ очихгүй бол машины чинь цонхыг хагалаад байна шүү дээ” гэж хэлэхээр нь би засварчин залуу руу залгаад юу болсон талаар асуусан. Тэгэхэд “би машиныг чинь засаад байж байсан чинь гаднаас нэг хүүхэн орж ирээд машины чинь цонхыг хагалаад байна. Би хүчирч дийлэхгүй нь ээ. Та цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд би буцаад яваад очиход Алтанчөдөрийн эхнэр болон түүний найз нар намайг үстээд, давсаг руу өшиглөөд, нүүр самардаад засварын хоёр залуу намайг хамгаалаад салгасан. Тэгээд би арай хийж салаад засварын газар луу орж машинаа хартал урд салхины шил, жолоочийн эсрэг талын толь, арын багажийн нарийн шил, жолоочийн эсрэг талын арын хаалганы гурвалжин шилийг хагалсан. Жолоочийн талын усны хамгаалалт болон арын хаалгыг хонхойлгосон байсан. Миний машины зүүн ар талын ойролцоо шалан дэр улаан өнгийн тал тоосго байсан. Тэр тоосгоор миний машиныг эвдэлсэн юм байна лээ. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл алга байна... гэх хохирогч М.Мгийн мэдүүлэг /хх-ийн 19, 22/,
- ...нэг эмэгтэй хүн орж ирээд цагаан өнгийн приус-30 маркийн **-** СЭА улсын дугаартай машины шилийг хагалсан. Тэгэхээр нь “та яаж байна?” гээд яваад очтол үгэнд орохгүй улаан тоосго аваад дахин дахин шидээд байсан... гэх гэрч Б.Эийн мэдүүлэг /хх-ийн 24/,
- ...засварчин Энхтөр над руу залгаад “намайг юм хийж байх хооронд нөгөө хэрүүл хийгээд байсан эгч тоосго барьж орж ирээд цагаан өнгийн приус-30 маркийн машины цонхыг хагалчихлаа. Та хурдан хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ ирэхэд өдөр засварын ажил хийлгэхээр орсон цагаан өнгийн приус-30 маркийн машины салхины шил, толь, арын багажийн нарийн шил зэрэг эд ангийг хагалаад эвдсэн байсан... гэх гэрч Э.Эийн мэдүүлэг /хх-ийн 26/,
- ...”эхнэр чинь хүний машины цонх хагалаад байна, хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь манай эхнэр Мгийн машины цонхыг хагалчихсан байдалтай өөдөөс орилж чарлаад байсан. М бид 2 хоорондоо ямар нэгэн холбоо байхгүй. Эхнэр маань буруугаар ойлгоод хардсан... гэх гэрч А.Аийн мэдүүлэг /хх-ийн 31/,
- ...манай найз Г залгаад “...............” авто засварын газар хүрч ирээд гэрт хүргээд өг” гэж хэлэхээр нь би очсон. Г “Эс” маркет дэлгүүрээс 2 шилтэй шар айраг аваад гэртээ орсон. Тэгээд 20 цагийн үед над руу дахин залгаад “хүрээд ирээч, нөгөө хүүхний машиныг үзэх гэсэн юм” гэхээр нь би очсон. Г “.......” авто засварын газар луу ороод 20 орчим минут болоод удаад байхаар нь залгасан чинь “би манай нөхөртэй холбоотой хүүхний машины цонхыг хагалчихлаа” гэж хэлээд байсан. Тэгтэл таксинаас нэг хүүхэн бууж ирэхэд Г тэр танихгүй хүүхэн хоёр үстэлцэж аваад Г тэр хүүхнийг өшиглөөд бие бие рүүгээ хараалын үгээр хэлж дайраад байсан... гэх гэрч Х.Оын мэдүүлэг /хх-ийн 33/,
- ...хоёр лааз шар айраг ганцаараа уугаад 20 цагийн орчимд найзтайгаа “.......” засварын газар луу явсан. Тэгээд засварын газрын ойролцоо байсан тоосгыг аваад тус эмэгтэйн цагаан өнгийн приус-30 маркийн авто машины урд салхины шил, арын багажийн нарийн шил, зүүн хойд салхины гурвалжин шил, жолооч талын болон хойд талын үргэлжилсэн борооны хамгаалалт, жолооч талын арын хаалгыг тоосгоор цохисон. Жолоочийн эсрэг талын толийг хөлөөрөө өшиглөсөн... гэх шүүгдэгч Т.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” авто засварын газар байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,
- Тоёота приус маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М.Мгийн өмч гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/,
- Шүүгдэгч Т.Г нь 1.08 хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг улаан өнгийн тоосгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/,
“Капитал зууч” ХХК-ийн “Тоёота приус-30 маркийн **-** СЭА улсын дугаартай сувдан цагаан өнгийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ нь 735.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мд 735.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Мгийн “...Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ггийн 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” авто засварын газарт иргэн М.Мгийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн **-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, багажийн арын нарийн шил, баруун талын урд, хойд хаалганы усны хамгаалалт, кузовын зүүн хойд талын гурвалжин шил, баруун талын хойд хаалгыг тоосгоор цохиж, зүүн талын гадна толийг өшиглөж гэмтээн 735.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, “.......” ХХК-эд нягтлан бодогч ажилтай зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, “.......” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/13 тоот албан бичиг /хх-ийн 69/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73/,гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 75-76/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Ггийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн хураагдсан 1 ширхэг улаан өнгийн тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг улаан өнгийн тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР