Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0127/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Д.Золзаяа

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ц.М, Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.М, Б овогт Д.Э нарт холбогдох эрүүгийн 2118000000059 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овогт Ц.М /РД: /, 1977 оны 4 дүгээр сарын 01-нд Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Б овогт Д.Э /РД: /, 1977 оны 11 дүгээр сарын 02-нд Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М, Д.Э нарыг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт ** дүгээр хэсгийн ** дүгээр гудамжны **  тоотод буюу Ч.Эцийн гэрт учрах саадыг арилгах зорилгоор зэвэг хэрэглэж нэвтэрч Тошиба загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Эийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Барьцаалан зээлдүүлэх газрын эзэнд М бид хоёр 40.000 төгрөгөөр хувааж нийт 80.000 төгрөгийг төлсөн. Хохирогчид зурагтыг нь буцааж өгсөн. Тухайн айл руу явахдаа хулгай хийе гэж бодоогүй. Таньдаг эгчтэй уулзахаар тэр айл руу явсан. Мийн алхыг би “хаалга янзлаад өгье” гэж хэлээд авсан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Мийн өгсөн: Э “хамтдаа айлд оччихоод ирье” гэхээр нь хамт явсан. Э айл руу ороод гарч ирэхгүй болохоор нь доошоо уруудаад автобусны буудлын орчим явж байтал араас Э зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхэд хулгай хийснийг нь мэдсэн. Эд хулгай хийж болохгүй гэж хэлсэн боловч “би мэдэж байна, чамд хамаагүй” гэсэн. Хамт таксинд суугаад үйлчилгээний төв орж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалах гэтэл бичиг баримтгүй гээд аваагүй. Гэтэл над руу таньдаг хүн залгаад “ачаа буулгах ажил байна, хийх үү?” гэхээр нь би зөвшөөрөөд тэр ажлыг нь хийхээр явсан. Ажлаа дуусгаад Этэй уулзахад авсан зурагтаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байсан. Тэр мөнгөөр нь бид 2 хамт архи уусан. Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ч.Эцийн өгсөн: ...манай нөхөр Мангиртад байх хашаагаа эргэж тойроод над руу “гал тогооны цонхны торыг татаж үзсэн байна. Хулгай орж магадгүй юм байна даа” гэж утсаар хэлсэн. Тэгээд орой нь санаа зовоод хажуу айлын хүнийг “манай байшинг хараад өгөөч” гээд үзүүлсэн. Тэгтэл хажуу айлын хүн удалгүй над руу залгаад “танай цонхыг хагалаад хүн орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би хашаа дээрээ очиход байшингийн цонхыг бүтнээр нь хагалаад том өрөөний хажууд даавуунд ороогоод орхисон байсан зурагтыг авсан байсан. Мөн 2 ширхэг зэс аяга, 1 ширхэг мөнгөн аягыг цагаан өнгийн уутанд хийгээд орхисон байсан. Би тухайн 32 инчийн хар өнгийн зурагтыг буцааж авсан. Тийм болохоор одоо надад гомдол санал байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 47/,

Иргэний нэхэмжлэгч Р.Дгийн өгсөн: Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын, 16 дугаар багт байрлах “................” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийж байхад 15 цагийн орчимд нэг залуу 32 инчийн Тошиба загварын зурагтыг барьцаанд тавихаар орж ирсэн. Тэгэхээр нь би “бичиг баримт байна уу?” гэхэд “байхгүй” гэхээр нь “бичиг баримтгүй хүнээс эд зүйл авахгүй” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гаднаас Сүхбаатар овогтой Энхцэцэг гэдэг хүүхнийг дагуулж ирэхээр нь би тухайн эмэгтэйгээс “чи энэ залууг таних уу?” гэхэд “танина” гэсэн. Тухайн барьцаанд тавьсан зурагтыг тэр залуу “миний зурагт байгаа юм. Мөнгөний хэрэг болоод барьцаалж байгаа” гэж хэлсэн. Гэм буруутай хүнээс 80.000 төгрөгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч Т.Гын өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хашаа байшингаа эгэхээр очиход манай хашаанд хүн ороод мөр гарсан, вакум цонхны торыг сөхөөд урсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Гэрч С.Эийн өгсөн: ...танихгүй бор өнгийн хүрэмтэй ах тааралдаад “ах нь хөдөөгөөс ирсэн юм. Зурагтаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалах гэсэн чинь бичиг баримт хэрэгтэй байна. Чи бичиг баримт байгаа бол ахдаа тус болооч. Ах нь 5000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд “................” барьцаалан зээлдүүлэх газарт ороод би бичиг баримтаа үзүүлээд ха өнгөтэй Тошиба загварын зурагтыг барьцаалсан. Зурагт барьцаалсан хүнийг хараад танина. Бор өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн өмдтэй, бор царайтай ах байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ** дүгээр хэсгийн ** дүгээр гудамжны **  тоот хашаа байх ба үзлэгээр гутлын мөр байсныг 5, 2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Мөн байшингийн цонхны гадна талд цасан дээр алх байсныг хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/,

Гэрч С.Э нь 2 дугаарын цифрээр дугаарласан Д.Эийг зааж “энэ хүн миний бичиг баримтыг ашиглаж зурагт барьцаанд тавиулсан хүн мөн байна” гэв гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/,

“................” барьцаалан зээлдүүлэх газраас хар өнгийн, доод хэсгийн хүрээгээрээ TOSHIBA гэсэн бичиглэлтэй, 32 инчийн зурагтыг хураан авч, хохирогч Ч.Эцт хүлээлгэж өгөхөөр тогтов гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч Д.Эийн биед үзлэг хийж түүний өмсөж явсан шар өнгийн ултай, цэнхэр өнгийн гутлыг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөртэй харьцуулах зорилгоор хураан авав гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/,

“................” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан 32 инчийн Тошиба загварын зурагтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ** дугаар хэсгийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суугч Т.Гт хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/,

“................” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 30/,

Шүүгдэгч Ц.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шар, хар өнгө хосолсон төмөр алх, хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан шар өнгийн ултай, хар хөх өнгийн гутал зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тошиба загварын 32 инчийн Эл Си Ди дэлгэцтэй хуучин өнгөт зурагт 280.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг гутлын мөрний 9.5х14.6 сантиметр хэмжээтэй гэрэл зураг дээрх гутлын мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос гутлын улны хээ нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 2 дугаартай гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны хээтэй тохирч байна. Зүүн хөлийн мөртэй хувийн болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-78/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.М, Д.Э нар нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт ** дүгээр хэсгийн ** дүгээр гудамжны **  тоотод буюу Ч.Эцийн гэрт учрах саадыг арилгах зорилгоор зэвэг хэрэглэж нэвтэрч Тошиба загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Өмгөөлөгч Н.Баярмаа нь дүгнэлтдээ: шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байгаа учраас гэм буруу дээр маргахгүй. Харин яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э нь ганцаараа нэвтэрч орж, ганцаараа энэ гэмт хэргийг хийсэн гэв.

Өмгөөлөгч Д.Золзаяа нь дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.М нь Д.Эийг тухайн айлаас зурагт аваад гараад ирэхэд нь хулгай хийсэн талаар мэдэж, түүнтэй хамт зурагтыг барьцаалж олсон мөнгийг үрж зарцуулсан. Иймд шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ц.М, Д.Э нар нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мийн гэрт хамт архи уусан бөгөөд Д.Э нь “хамт айлд очиж хүнтэй уулзаад ирье” гэж хэлсний дагуу Д.Э, Ц.М нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт ** дүгээр хэсгийн ** дүгээр гудамжны **  тоотод байрлах хохирогч Ч.Эцийнд очсон. Ц.М гадаа нь үлдэж Д.Э хохирогчийнд ороход эзгүй байсан тул байшингийнх нь цонхыг алхаар хөшиж орон 280.000 төгрөгийн үнэ бүхий Тошиба маркийн 32 инчийн зурагтыг нь авч гарсан.

Улмаар уг зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалахаар хамт явсан боловч барьцаалан зээлдүүлэх газарт бичиг баримтгүй гээд аваагүй. Энэ үед Ц.М ачаа буулгах ажил хийхээр явсан ба Д.Э нь гудамжинд явж байсан С.Энхцэцэг гэгчийг гуйж, түүний бичиг баримтыг ашиглан “................” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 80.000 төгрөг авсан. Уг мөнгөөр Ц.М, Д.Э нар нь архи, согтууруулах ундаа авч уусан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагаас шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагаас манай үйлчлүүлэгч Ц.М нь Д.Эийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд оролцоогүй. Харин Д.Эийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг барьцаанд тавьж олсон мөнгөөр нь архи уусан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдээгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж үздэг.

Шүүгдэгч Ц.М, Д.Э нар нь хулгай хийх талаар урьдчилж ярилцаж тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Д.Э нь хүнтэй уулзахаар айл руу ороод зурагт бариад гарч ирэхэд Ц.М нь Д.Эийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэдгийг мэдсэн, улмаар уг зурагтыг барьцаалан зээлдүүлэх газарт тавихаар хамт явсан, барьцаалан зээлдүүлэх газарт тавиад олсон мөнгийг хамт захиран зарцуулсан зэрэг идэвхтэй үйлдлээрээ Д.Эийн хууль бус үйлдлийг дэмжсэн үйл баримт тогтоогдсон тул шүүгдэгч Ц.М, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдэхээр урьдчилж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ц.М, Д.Э нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан, ингэхдээ өөрсдийн үйлдлийг түргэтгэх, аливаа саад бэрхшээлийг арилгах зорилгоор алх ашиглан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.М, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Эцт 280.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Р.Дд 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь алдагдсан зурагтаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид тус тус 40.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Би тухайн 32 инчийн хар өнгийн зурагтыг буцааж авсан. Тийм болохоор одоо надад гомдол санал байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47/, “................” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан 32 инчийн Тошиба загварын зурагтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 2 дугаар хэсгийн 4 дүгээр гудамжны 61 тоотод оршин суугч Т.Ганбаатарт хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 175, 190/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М, Д.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Мийг 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ц.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Э нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй гэх хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 110/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйчилж тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Эийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус цагдан хоригдсон 36 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохих ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алхыг устгаж, 1 хос гутлыг шүүгдэгч Д.Эд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.М, Б овогт Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Эийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Эд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Д.Э нарын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг хорих ялын 36 /гучин зургаа/ хоногоор тооцон эдлэх ялаас тус тус хассугай.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алхыг устгаж, 1 хос гутлыг шүүгдэгч Д.Эд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Д.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.М, Д.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР