Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0129/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.Аөд холбогдох эрүүгийн 2118000000073 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт С.А /РД: /, 1983 оны 12 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, замын мастер ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Аийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 8 дугаар байрны урд авто зам дээр **-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Мгийн хамар тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Аийн өгсөн: ...мөнгө төгрөгөөс болж жаахан маргалдсан. Эхнэрээсээ уучлал гуйсан. Одоо хамт амьдарч байгаа. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Мгийн өгсөн: ...нөхөртэйгөө хамт Хуучин Дархан руу гэр рүүгээ явж байтал манай нөхөр “банк оръё” гэхээр нь би “зовж олсон мөнгөө яах гэж чамд өгдөг юм бэ?” гэж хэлэхэд Хээтэй хорооллын 5.8 дугаар байрны харалдаа машинаа зогсоогоод миний энгэрээс татаад шууд миний хамар луу нэг удаа мөргөсөн. Тэгэхэд миний хамар маш их өвдөөд цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

Гэрч Б.Мзгийн өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт их эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 17:50 цагт “нөхөртэйгөө маргалдаад хамар руугаа мөргүүлсэн” гэх өгүүлэмжтэй Г.М гэх эмэгтэй ирсэн. Тэгэхээр нь үзлэг хийхэд хамар улайж хавдсан, толгой дүүрч, дотор муухайрах шинж тэмдэгтэй байсан. Тухайн хүнд толгой, нүүрний рентген зураг авхуулах, гэмтэл судлал, нүүр ам судлалын эмч нарт үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Хохирогч Г.Мгийн хамар хэсэгт улайж хавдсан гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17/,

Хохирогч Г.Мгийн нүүрний рентген зураг /хх-ийн 18/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Г.Мгийн биед хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ нь 1 оноо буюу бага түвшинд гэх тэмдэглэл /хх-ийн 51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.А нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 8 дугаар байрны урд авто зам дээр **-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Мгийн хамар тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч,шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүгдэгч С.А нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, улсын яллагчийн яллаж байгаа хэргийн Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр **-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ явах замдаа эхнэр Г.Мтай маргалдаж улмаар түүний нүүр лүү мөргөж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч С.А, хохирогч Г.М нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох эхнэр, нөхөр мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тэдний 0037190 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 49-50/ зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч С.Аийн эхнэр Г.Мгийн бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд хамар тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахаас хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 84/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгч С.А нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, замын мастераар ажилладаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-43/, ажлын газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 73/190 тоот албан бичиг /хх-ийн 46/, С.А, Г.М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-50/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Аөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР