| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0119 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0082/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгч П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х А овогт Б-гийн Б, Х овогт П-гийн Ч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003190089 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Нэхий таннери” ХХК-д үйлдвэрлэлийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ............................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х А овгийн Б-гийн Б /РДХХХХХХХХ/,
Монгол улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Архангай аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Нэхий таннери” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл-2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын............................. оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн П-гийн Ч /РД:ХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б, П.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Б.Б нь “Нэхий таннери” ХХК-ийн нойтон боловсруулах цех үйлдвэрлэлийн менежерээр ажиллаж байхдаа “Нэхий таннери” ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөл байгуулах тухай Б/22 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрлэлийн менежерүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх ажил үүргийн заавар”-ын 2 дахь хэсэгт заасан: Ажил эхлэхийн өмнө өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын нарядтай уялдуулан хүн бүрд өгч, гарын үсгээр баталгаажуулна. Цех дотроо ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд аюулгүй ажиллагааны давтан зааварчилга өгч гарын үсэг зуруулж ажилд гаргана. Мөн өөр цех, өөр ажлын байрнаас шилжин ажиллаж буй ажилтанд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаас аюулгүй ажиллагааны зааварчилга авсны дараа ажлын наряд, зааварчилга өгөх”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS4969:2000 стандартын 4.9 дэх хэсэгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчлагыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгөх”, мөн стандартын 4.16 дэх хэсэгт заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөх” үүргээ биелүүлээгүй,
П.Ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “Химийн хорт ба идэвхт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцагч ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг дадлагатай байна, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т дахь хэсэгт заасан “...Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт, 17.3, энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна, 17.4 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 27.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь дараах чиг үүргийн хэрэгжүүлнэ, 27.3.3 дахь хэсэгт заасан аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах,
“Нэхий таннери” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг гардан хэрэгжүүлэх, ...Үйлдвэрлэл үйлчилгээний бүх нэгж хэсэг, салбарын ажлын байранд ХАБЭА-ийн хууль, дүрэм, заавар журмын биелэлтэд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгаж, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх, “Нэхий таннери” ХХК-ний захирлын 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 2 дахь хэсэгт заасан: Арьс ширний үйлдвэрт химийн хорт болон аюултай бодис ашиглах аюулгүй ажиллагааны журмыг хавсралт 2-оор баталсан бөгөөд “Нэхий таннери” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт химийн хорт бодис болон аюултай бодис ашиглах ажиллагааны журам”-ын 2.1 Химийн бодис ашиглах үеийн аюулгүй ажиллагаа, 2.2 Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилчдыг сургалтад /Бодис бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө гэх мэт/ хамруулж, гарын үсэг зуруулсны дараа ажиллуулах,
“Нэхий таннер” ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.11 /Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын онцлог, ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүй арга барил /өгнө, 4.14/ Ээлжит бус давтан зааварчилгыг ...хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм заавар шинэчлэгдэн өөрчлөгдөх үед давтан зааварчилгаа өгөх үүргээ тус тус зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нэхий таннери” ХХК-ийн идээлэгч машины оператор ажилтай Б.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа идээлэгч машин дээрээс 4 метр 20 см орчим өндрөөс унаж, эрүүл мэндэд нь баруун хацар, хоншоор, ухархай, доод эрүүний ясны хугарал, нүүрний шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:
Хохирогч Б.М-ын “...Би өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ очоод барабанаас арьс үзэх гээд тонгойсон чинь үнэрт нь нүд харанхуйлаад толгой эргэхээр нь дээшээ өндийгөөд хамт байсан техникчид барабанаа дээшлүүлээрэй гэж хэлээд өндийхдөө толгой эргээд газарт унасан, ...Би архи дарс хэрэглээгүй байсан, ...Миний эрүү хугарсан байна гэж эмч хэлсэн, ...Надад толгой эргэдэг хууч өвчин байхгүй, ...Намайг ажилдаа ирээд ажилд гаргахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер зааварчилга өгөөгүй, ... Миний санаж байгаагаар миний ажилладаг “Нэхий таннери” ХХК-иас 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр огт сургалт зохион байгуулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 119-125/,
Гэрч Б.Ц-гийн “...Би өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 04 минутын үед өөрийн компанийн ажилтан М-ыг гэрийнх нь гаднаас очиж аваад 07 цаг 12 минутын үед ажил дээр ирээд бид хоёр цуг үйлдвэрийн байр луу орсон. Тэгээд ажил дээр очоод М барабаны тагийг онгойлгоод арьсаа авсан. Тухайн үед би барабаныг доош нь эргүүлээд байж байсан юм. Майдар “Ц-оо болчихлоо, дээшээ эргүүлээрэй” гэх хэлэхээр нь би удирдлагаар нь эргүүлж, М дээшээ гарч ирж байсан. Нэг харсан чинь М барабанаас тавцан руу гишгэж гарч ирэхээсээ өмнө хөл нь халтирч харагдсан. Тэгээд доошоо унахдаа нэг гараараа зүүгдээд дүүжлэгдсэн байхаар нь би гүйгээд очиж явтал доошоо уначихсан... Тухайн үед нүүр нь их хэмжээний цус болчихсон байсан. Манайх өглөө бүр 07 цагаас хоёр хүн ирж барабан руу химийн материалаа хийдэг, ...архи дарс уугаагүй, эрүүл байсан, ...Барабан дээр идээлэгч машины операторчны ажил нь химийн хортой нөхцөл мөн, ...Тухайн хэрэг болсон цаг хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн урд 23 цагийн орчим идээлэгч машин руу ширнүүдээ хийгээд 10 тн ус хийгээд 980 кг давс, шоргоолжны хүчил 45 кг, хүхрийн хүчил 6 кг-ыг хийсэн. Дээрх бодисууд нь “Монгол Улсад бүртгэгдсэн химийн бодисуудын аюулын үнэлгээ ба химийн аюулын лавлах мэдээлэл”-д давс нь хорт аюул багатай бодис, шоргоолжны хүчил нь шатамхай бодисын ангилалд буюу аюултай бодисын ангилалд ордог. ...Б.М бид хоёр тэр өдөр цуг ажил дээрээ очсон. Б.М тухайн өглөө эрт боссон байсан болохоор өлөн ходоодтой очоод барабаны таг нээгээд химийн бодисны үнэрт толгой нь эргээд унасан болов уу гэж би үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140/,
Гэрч Б.Ч-ны “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчим дэд захирал Б миний утас руу залгаж манай ажилтан М барабан дээрээс унасан байна гэж надад хэлсэн. Тэгээд би осол болсныг мэдсэн, ...манай “Нэхий таннери” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан бол Ч юм, ...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө Б.М нь нойтон өнгөлгөөчний ажил хийж байгаад манай компанийн өнгөлгөөчний ажил нь дуусаад буюу түүхий эд дуусаад Б.М нь ажилгүй болсон юм. Ингээд 111 дүгээр тасагт идээлэгч машины операторчийн ажилд шилжүүлэн томилсон юм. Идээлэгч машины операторчийн ажил нь “барабан” буюу идээлэгч машинд ширнүүдийг хийгээд технологийн зааврын дагуу химийн бодисыг орц нормын дагуу хийж, хэсэг хугацааны дараа идээлэгч машины тагийг онгойлгож хийсэн арьсаа дэгээ төмрөөр татаж гаргаж шалгаад гүйцэд боловсорсон байвал хавхлагаа нээж идээлэгч машин доторх усыг гоожуулах ажил үүргийг гүйцэтгэдэг юм...Тухайн осол болох үед тасгийн менежер буюу Б Б.М аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэгтэй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141,146/,
Иргэний хариуцагч Б.Ч-ны “...Уг үйлдвэрлэлийн ослын улмаас идээлэгч машины операторч Б.М нь өндрөөс унаж, тархи, толгой, нүүр зэрэгт гэмтэл учирсан байсан. Манай байгууллагын зүгээс Б.М-т учирсан хохирол, эмчилгээний төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан бөгөөд мөн түүнийг өвчтэй байх хугацаанд цалинг нь ажилласнаар бодож олгож байсан. Байгууллагаас түүний эмчилгээний төлбөрт зориулж гаргаж өгсөн баримтыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,582,918 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Яг осол болсны маргааш өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын санхүүгээс 900,000 төгрөгийг бэлнээр авч Майдарын эмчилгээнд зориулж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-150/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 428 дугаартай “...Б.М-ын биед баруун хацар, хоншоор, ухархай, доод эрүүний ясны хугарал, нүүрний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 152-153/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Г, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Ч, Б.Н нарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ХАБ-03/21 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 174-183/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/,
Б.Майдарын эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 101-117/,
Б.Майдарын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд / 1 дүгээр хх-ийн 18-28/,
“Нэхий таннери” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ч, Б.М нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 07, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ Б/61 дугаартай “Ажлын байр шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 37/,
Идээлэгч буюу Хром пикелийн барабан дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар / 1 дүгээр хх-ийн 38/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
Арьс ширний мэдээлэх машины операторчийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 45/,
“Нэхий таннери” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Б-ыг Нойтон боловсруулах цех /111-р тасаг хариуцсан/ үйлдвэрлэлийн менежер албан тушаалд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хх-ийн 78, 248/,
“Нэхий таннери” ХХК-ийн 111-р тасгийн үйлдвэрлэлийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 46/,
“Нэхий таннери” ХХК-ийн үйлдвэрлэлийн менежерийн ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хх-ийн 50-51/,
“Дархан Нэхий” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай П.Ч-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах байцаагчаар томилсон тухай тушаал /1 дүгээр хх-ийн53/,
“Нэхий таннери” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтны ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хх-ийн 47-49/,
“Нэхий таннери” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаал, Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны журам, Арьс ширний үйлдвэрт химийн хорт болон аюулгүй ажиллагааны журам, Ажлын байрны аюулгүй ажиллагааны зааврууд, Хром пикелийн барабан дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар /1 дүгээр хх-ийн 56-66/,
“Нэхий таннери” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/22 дугаартай “Зөвлөл байгуулах тухай” тушаал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам, Үйлдвэрлэлийн менежерүүдийн ХАБЭА-н талаар хэрэгжүүлэх ажил үүргийн заавар, Үйлдвэрийн нийт ажилтнуудын ХАБЭА-н талаар хэрэгжүүлэх ажил үүргийн заавар /1 дүгээр 81-91/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай эсхүл болгомжгүй хэлбэрээр үйлдэгдддэг ба болгоомжгүй гэмт хэрэгт үйлдэл эс үйлдэхүйн улмаас гарч болох хор уршгийг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэр хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байхад хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг хамаардаг.
Шүүгдэгч Б.Б, П.Ч нар нь өөр өөрсдийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан: хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол, ажилтан Б.М-ыг өөр ажилд томилж ажиллуулахдаа, өглөө ажилд гаргахдаа зохих хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаж, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, учирч болох эрсдлийг сануулж, урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цаг тухай бүр өгч ажилласан бол дээрх осол гарахгүй байж болох байжээ.
Шүүгдэгч Б.Б, П.Ч нар нь ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна
Иймд Б.Б, П.Ч нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.М-т учирсан гэмтлийн улмаас эмчилгээний зардал “Нэхий таннери” ХХК-аас 2,482,918 төгрөг шилжүүлсэн баримт, мөн хохирогч Б.М “...Миний эмчилгээний зардал болон бусад зардлыг “Нэхий таннери” ХХК бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х А овогт Б-гийн Б, Х овогт П-гийн Ч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, П.Ч нарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Ч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, П.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД