| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0122 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0117/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Г-ын О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003320137 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүргэн ах, 2 хүүхдийнх нь хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Ц овогт Г-ын О /РД:ХХХХХХХ/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух Г.Г-ын Самсунг А50 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж худал хэлэн хуурч, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Г-ын “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө манай гэрт эхнэрийн төрсөн дүү ***** гэх залуу усанд орохоор ирсэн. Тэр манайд хоол хийж идээд байж байгаад орцонд тамхи татахаар гарах шиг болсон. Тэгээд удалгүй байж байтал манай хүүхэд над дээр ирээд О ах таныг гар утсаа өгч байгаач орцонд хүнтэй ярьчхаад ороод ирье гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүдээ утсаа өгөөд явуулсан, гаднаас О орж ирэлгүй удаад байхаар нь би гайхаад орц руу араас нь гартал байхгүй байсан. Би явснаас нь хойш 2 хоног ирэхийг нь хүлээтэл ирээгүй, тэр чигтээ алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20,24/,
Шүүгдэгч Г.О-ын “...Би Г ахыг танина. Манай том эгч Г-тай сууж байсан манай том хүргэн ах гэдгээр танина. Том эгч маань 2020 оны 03 дугаар сард өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш хүргэн ахтай холбоотой байж байгаад хэрэг гарах өдрийн урд өдөр би хүргэн ахын гэрт очиж хоночхоод маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ахын Самсунг А50 маркийн гар утсаар нь гэрт нь тоглож байхад ахын утас руу манай найз надтай яръя гэж залгахаар нь би орц руу утсаар яриад тамхи татаад буцаад ороод ирье гэж хэлж гараад утсыг нь аваад тэр чигээрээ яваад өгсөн. Тухайн утсыг 20/4 дүгээр байранд байдаг ломбардад 200,000 төгрөгөөр өөрийн нэрээр тавьчхаад таксигаар Улаанбаатар хот руу яваад мөнгөөр нь архи ууж, идэж уух юм авч идээд дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийсэн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 700,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчид утсаар нь ярьчхаад буцаагаад өгнө гэсэн итгэл төрүүлэн 700,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь өөрийн эзэмшилд авч гаран буцааж өгөлгүйгээр өөрийн эд хөрөнгө мэт зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.О-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч, бага хэмжэнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Яллагдагч Г.О нь “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан ба улсын яллагч шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч, торгох ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүх нөхцөл хангагдсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хуралдаанд улсын яллагч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул уг саналын хэмжээнд шүүгдэгчид торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 16-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 165,000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Г-ын О-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 108,750 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД