Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Лын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2022/00ХХ дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Л

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.

 

Хэргийн индекс: 116/2022/0026/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2022/00ХХ дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль ёсоор эзэмшиж байгаа Х сумын 6-р баг, Ивээлийн ХХ дугаар байрны ХХ тоотод байрлах 975 м.кв  хэмжээтэй газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Лын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга холбогдох, Х сумын 6-р баг, Ивээлийн ХХ дугаар байрны ХХ тоотод байрлах 975 м.кв газрын гэрчилгээний хугацааг сунгахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2023/00ХХ дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Дорнод аймгийн Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Д.Лд X 25ХХ дугаартай гэрчилгээг, мөн 20ХХ оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07/14/00292 дугаартай газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож, 15 жилийн хугацаатайгаар “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших гэрээ”-г байгуулсан мөртлөө дээрхи захирамжаар иргэн Д.Лд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй, ..харин төрийн эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Х сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар 891 м.кв газрыг нэр бүхий иргэдэд ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба тус захирамжид иргэн Д.Лд газар олгосон талаар шийдвэр байхгүй. Энэ нь газрын тухай хуулийн ХХ дугаар зүйлийн ХХ.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн хугацааг сунгадаг ба иргэн Д.Лд газар эзэмшүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул нэхэмжпэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй байна. Энэ нь дан ганц төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд иргэн газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эрх бүхий байгууллагад хүсэлтээ хүргүүлэх үүрэгтэй ба энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Хоёр. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2020 оны 05 дугаар сарын 10, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт гаргасан байхад хариу өгч зохих журмын дагуу шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэн Д.Лын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2ХХ6 онд дууссан ба Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заасан ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл болсон. Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсоноос хойш 4 жилийн дараа буюу 2020 онд аймгийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн хугацааг сунгах талаар хүсэлтээ гаргасаныг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасны аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар энэ талаар хариу өгч байсан тул өргөдөл, гомдлыг хянан үзэхээргүй байх тул аймгийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаагүй.

Гурав. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тазар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ” дүгнэсэнд гомдолтой байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, зшиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд шугам сүлжээ бүхий тус газарт иргэнд газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул нэхэмжпэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2023/00ХХ дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.Л “Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль ёсоор эзэмшиж байгаа Х сумын 6-р баг, Ивээлийн ХХ дугаар байрны ХХ тоотод байрлах 975 м.кв хэмжээтэй газрын гэрчилгээний хугацааг сунгахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2. Анхан шатны шүүх “... иргэн Д.Лд газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй, ... энэ нь төрийн эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, шинээр гэрчилгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт гаргасан байхад хариу өгч зохих журмын дагуу шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

  3. Хэрэгт нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлүүлэхээр Газрын харилцаа, хот байгуулалтын албанд 2ХХ0 оны 12 дугаар сарын 02, 2ХХ9 оны 07 дугаар сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 03, Дорнод аймгийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 10, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус хандсан тухай баримтууд авагдсан байхад дээрх хүсэлтүүдийг хариуцагч байгууллага Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хүлээн авч, хариу өгсөн эсэх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх энэ талаарх тухайн газрын зориулалт, газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, газрын хувийн хэрэг, холбогдох баримтуудыг цуглуулж, газар эзэмших эрх дуусгавар болохоос өмнө гаргасан 2ХХ0 оны хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаан, хариуцагчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад хугацаа сунгах боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулаагүй байхад тус шүүхээс гомдлыг бүхэлд нь хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “....Тухайн газар нь төв магистрал шугамын түвшинд байршсан газар бөгөөд цаашид дахин төлөвлөлт хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа тул иргэнд дахин үргэлжлүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй гэдэг үзэл баримтлалтай байгаа...” гэж тайлбарласантай холбоотой маргаан бүхий газар нь магистрал шугамуудын хамгаалалтын зурваст байгаа эсэх, мөн уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн ямар байдалтайгаар тусгагдсантай холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, энэ талаар дүгнэлт өгөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шугам сүлжээний хамгаалалтын зурвас ... газар тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх үндэслэлгүй байна.

8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ХХ дүгээр сарын 16-ны өдрийн 116/ШШ2022/00ХХ дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ