Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1286

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01286

 

 

Ш.Нацагням, А.Энхтөр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Нацагням, А.Энхтөр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Баянмөнхөд холбогдох,

 

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Барбарих

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Д.Баттулга

Хариуцагч: А.Баянмөнх

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Цогтсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Нацагням нь “Найн Т” ХХК-ийн 35 хувийн, А.Энхтөр нь 30 хувийн, А.Баянмөнх нь 35 хувийн хувьцааг эзэмшигч нар бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр санаа нэгдэн “Найн Т” ХХК-ийг үүсгэн байгуулж, А.Баянмөнхийг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авсан.

Гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь “Найн Т” ХХК-ийг төлөөлөн өөрийн дур зоргоор, бусад хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “Найн Т” ХХК-ний дийлэнх олонхи буюу 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нарын эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж хөрөнгө оруулалтыг саатуулж улмаар үнэ цэнийг унагаах бодит байдлыг бий болгосон нь нэхэмжлэгч бидний олох ашиг орлогод хохирол учруулж байна.

А.Баянмөнхийг уг нэхэмжлэлээ татаж авах, бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлтэйгээр хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байх, бусад хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, мэдээллээр хангахыг удаа дараа шаардсан боловч компанийн болон гэрийн хаягтаа байхгүй, утсаа авахгүй зугтаах болсон.

Иймд 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг үндэслэн компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гаргаж, гүйцэтгэх захирал А.Баянмөнхөд компанийн дүрэмд дурьдсан компанийн болон гэрийн, и-мэйл хаяг, мессэжээр мэдэгдэж хүргүүлсэн боловч Компанийн тухай хуульд заасан 10 хоногийн хугацаанд ямар нэг шийдвэр гаргаагүй.

 Иймд Ш.Нацагням хувьцаа эзэмшигчийнхээ бүрэн эрхийн дагуу Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.7 дахь заалтуудыг үндэслэн “Найн Т” ХХК-ийн ээлжит бус хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулах шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр зэргийг дээр дурдсан хаягууд, и-мэйл, мессэжээр илгээн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ зарын дагуу 35 хувийн хувьцаа эзэмшигч А.Баянмөнх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ирж, 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлсний дараа хуралд оролцохгүйгээ мэдэгдэн хурлыг орхиж явсан. 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, 30 хувийн хувьцаа эзэмшигч А.Энхтөр нар буюу 65 хувийн хувьцаа эзэмшигчид үргэлжлүүлэн хуралдаж А.Баянмөнхийг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, У.Барбарихыг гүйцэтгэх захирлаар томилж, ‘"Найн Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгож, “Плагиоклаз” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ямар нэг болзолгүйгээр буцаан шилжүүлж, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-019899 тоот тусгай зөвшөөрлийг “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлж, компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэж тогтоолыг баталсан.

Хариуцагч А.Баянмөнх нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч гадаадын хөрөнгө оруулалт босгох үүрэгтэй ажиллах “Гоби Минералс Групп" ХХК-д зөвхөн өөрөө 20 хувийг эзэмших шаардлага тавиад, санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “Плагиоклаз” ХХК, “Гоби Минералс Групп” ХХК-дын хооронд байгуулсан “Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасан гүйцэтгэх захирал компанийн эрх ашигтай нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах гэсэн заалтыг, Компанийн дүрэмд заасан компанийн болон гэрийн хаягтаа байхгүй, утасны дуудлага, мессэжэд хариу өгөхгүйгээр, компанийн дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгийг авч санаатай зугтааж байгаа нь 65 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нарын эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна. Түүнчлэн А.Баянмөнх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй тул түүний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон байдаг.

Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоон, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоон, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг албадан гаргуулан, түүний хууль зөрчсөн үйлдлийг нь таслан зогсоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Нацагням, А.Энхтөр нар нь удаа дараа компанийн хурлыг хууль зөрчин хуралдуулж, хууль бус шийдвэрүүд гаргаж, хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал А.Баянмөнхийг хохироож байгаа. Тухайлбал, “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан бөгөөд тэгэхдээ “гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй болно” гэж тэмдэглэжээ.

Уг хурлаар Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Улаан цохио нэртэй газрын ХҮ-019899 тоот ашигт малтмалын хайгуулын анхдагч материал, тайлан, мэдээ, мэдээллийн хамт “Гоби Минералс Групп” ХХК-д шилжүүлэх тухай, хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүх эрхийг “Плагиоклаз” ХХК-ийн захирал М.Машбатад итгэмжлэн олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулсан. Ингэхдээ гүйцэтгэх захирал А.Баянмөнх нь “Найн Т” ХХК-ийн компанийн тамга, гэрчилгээ зэргийг авч яван олдохгүй байгаа, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэхээр шийдвэрлэж байжээ. Уг хурлаараа А.Баянмөнхийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх, гүйцэтгэх захиралаар У.Ууганбаярыг томилох, “Плагиоклаз” ХХК-д 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг зөвшөөрөх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.

“Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигч Ш.Нацагнямын санал, шаардлагаар хуралдуулж мөн л хувьцаа эзэмшигч А.Баянмөнх тодорхойгүй шалтгаанаар оролцоогүй гэж тэмдэглэсэн. Тус хурлаараа А.Баянмөнх нь түүнд олгосон гүйцэтгэх захирлын эрх, үүрэг дуусгавар болсны дараа “Плагиоклаз” ХХК, “Гоби Минералс Групп” ХХК-ний эсрэг нэхэмжлэл гаргасан хувьцаа эзэмшигчдийн олонхийн эрх ашиг, сонирхолд ноцтой хохирол учруулахаар байгаа тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргах шийдвэрийг гаргаж байжээ.

Энэхүү зарлан хуралдуулсан гэж байгаа хурлын шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хувьцаа эзэмшигч А.Баянмөнхөд хурлын зарыг зохих журмын дагуу мэдэгдэлгүй, эрх ашгийг илтэд хохироосон болно. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн зэрэг хуульд нийцээгүй олон зөрчлийг гаргасан болно.

Түүнчлэн, хурлын хэлэлцэх асуудал, хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт зэрэг хуралд бэлтгэж баримт бичгүүдийг бэлэн болгохгүйгээр богино хугацаанд хурлыг хийх гэж оролдсон. Үүгээрээ Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1, 60.2.2, 60.2.4, 60.2.5 дах хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн болно. Мөн хуулийн 60.3-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн заалтыг баримтлаагүй байна. Ийнхүү богино хугацаанд компанийн гүйцэтгэх захирлыг 2 ч удаа өөрчилсөн шийдвэр гаргасан нь хурлын шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.

Иймд “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэр нь Компанийн тухай хууль, компанийн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй оолгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнхийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07 дугаар, 16/09 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, “Найн Т” ХХК-ийн аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг албадан гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнхийн "Найн Т" ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож" шийдвэрлэсэн.

Гэтэл Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал А.Баянмөнх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг зохих журмын дагуу гаргаж, улмаар хуульд заасны дагуу Өдрийн сонины 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаарт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ээлжит хурлыг хуралдуулахаар зарласан. Хуралд хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирээгүй учир мөн Өдрийн сонины 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаарт 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 15 цагаас хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралдааныг хуралдуулахаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж зарласан. Хувьцаа эзэмшигчид хурлын товыг мэдсэн атлаа хуралдаа ирж оролцоогүй болно.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т зааснаар хурлын ирцийн хувь хүрээгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг гүйцэтгэх удирдлага товлосон болно.

Энэ талаар буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл зэрэг нь хэргийн материалд авагдсан бөгөөд хуулийн дагуу дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн дагуу зохих шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч нар хуралд ирээгүй нь гүйцэтгэх удирдлага хуулинд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 2/ШШ2017/00928 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад дурьдсан "иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баянмөнхийг "Найн Т" ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу "гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож.." гэсэн заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Ш.Нацагням, А.Энхтөр нар нь хариуцагч А.Баянмөнхөд холбогдуулан “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирал А.Баянмөнхийн эрх дуусгавар болж шинэ гүйцэтгэх захирлаар У.Барбарих томилогдсоныг тогтоолгох, А.Баянмөнхөөс “Найн Т” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг албадан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар “Найн Т” ХХК-ийг  үүсгэн байгуулах хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1 тоот тогтоолоор А.Баянмөнхийг уг компанийн захирлаар томилж, түүнийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохыг  улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Мөн тус компанийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар 1 тоот тогтоолын хавсралтаар компанийн хувьцааны 35 хувийг А.Баянмөнх, 35 хувийг Ш.Нацагням, 30 хувийг А.Энхтөр нар эзэмшихээр шийдвэрлэжээ. Талууд дээрхи үйл баримтад маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Нацагням, А.Энхтөр нарыг “Найн Т” ХХК-ийн нийт 65 хувийн хувьцааг эзэмшдэг тул компанийн үйл ажиллагааны талаар шүүхэд шаардлага гаргах этгээдүүд байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй  болно.

 

            Компанийн хувьцаа эзэмшигч нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжилт болон ээлжилт бус хурлыг зарлан хуралдуулах эрхтэй боловч ээлжилт бус хурлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуралдуулахаар зохицуулсан байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаас гарсан 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна

 

Учир нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д “төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан” тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулах ба нэхэмжлэгч нар санал шаардлагыг  хэзээ гаргасан болох, уг  шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна  уг тайлбараа нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч А.Баянмөнх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хугацаанд  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх түүнийг компанийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон  гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэдийгээр хариуцагч А.Баянмөнх нь “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон байх боловч компанийг төлөөлөх эрхтэй дараагийн субьектийг талууд хуульд заасан журмын дагуу томилоогүй байх тул анхан шатны шүүх компанийн тамга, тэмдэг болон аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэг хувьцаа эзэмшигчээс нөгөөд олгох үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч А.Баянмөнхийг “Найн Т” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх удирдлагын үүрэг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА