Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00076

 

“Монгол такси групп” ХХК, Я  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02152 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1868 дугаар магадлалтай,

            “Монгол такси групп” ХХК, Я  нарын нэхэмжлэлтэй,

             О т холбогдох

             Гэм хорын хохиролд 4,928,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, нэхэмжлэгч Я , хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгч “Монгол такси групп” ХХК-ийн нэхэмжлэлд: Манай компанийн 56-36 УНС улсын дугаартай Верна маркийн автомашиныг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Я  хот доторх такси үйлчилгээнд явах автомашин түрээслүүлэх гэрээ байгуулан автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлж ажлын 600 хоногоор байгуулан, ажлын өдрийн 20,000 төгрөгийн орлого өгөхөөр хот доторх такси үйлчилгээнд явах автомашин түрээслүүлэх гэрээ байгуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд А.Төгсбаяр нь О ийн эзэмшлийн 48-13 УБЦ улсын дугаартай Тоёота Марино маркийн автомашиныг тус зогсоолын манаач Д.Батдоржтой архи уун согтуугаар жолоодож Сүхбаатар дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 17 дугаар сургуулийн зүүн замд Я гийн жолоодож явсан 56-36 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Я н эрүүл мэндэд хохирол учруулсан. “Монгол такси групп” ХХК-д ослын улмаас 56-36 УНС улсын дугаартай автомашинд “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техник эвдрэл, хохирлын үнэлгээгээр 1,928,000 төгрөг, мөн автомашины кузов худалдан авахад 3,000,000 төгрөг нийт 4,928,000 төгрөгийн хохирол гарсан тул тухайн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я н нэхэмжлэл болон тайлбарт: Зам тээврийн ослын улмаас тархи толгой өвддөг болж тухайн үед КТГ тархи, КТГ нурууны шинжилгээ хийлгэсний төлбөрт 160,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зам тээврийн осол болохоос өмнө миний бие гэрээний дагуу өдрийн 20,000-25,000 төгрөгөөр тооцон capд 420,000-575,000 төгрөг төлж нийтдээ 7,941,000 төгрөгийг төлсөн, тухайн үед 3,959,000 төгрөгийг төлсөн тохиолдолд машинаа хувьдаа авахаар байсан. Хэргийн 38 дугаар хуудсанд миний “Монгол такси групп” ХХК-д cap бүр тогтмол төлж байсан орлогын баримтууд байгаа бөгөөд өдөрт дунджаар 30,000-50,000 төгрөгийн орлоготой байсан нөхцөл байдал нотлогдоно. Иймд олох ёстой байсан орлогоо өдрийн 25,000 төгрөгөөр тооцон тодорхойлж байна. Хэрэг гарсан өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс “Toп цонх” ХХК-д жолоочоор 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажилд орох хүртэлх хугацаанд машины эвдрэлийг засаж чадаагүй улмаас орлого олж чадаагүйг тооцвол 680 ажлын өдрийг 25,000 төгрөгөөр бодож, нийт 17,000,000 төгрөг олохоор байсан. Хэдий хуульд заасан боломжийн хүрээнд бид нэхэмжлэлийн шаардлагаа 17,000,000 төгрөгөөр тодорхойлж болох боловч өөрт олгогдсон эрхийн хүрээнд түүнээс энэ хугацаанд олох орлогоос зөвхөн 3,000,000 төгрөг, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхэд төлсөн 160,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 3,165,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: “Сандэй трейд” XXК-тай түрээсийн гэрээ байгуулж, 2014 оны 9 сараас өөрийн эзэмшлийн 48-13 УБЦ улсын дугаартай автомашинаа тухайн компанийн автомашины зогсоолын талбайд тавьдаг байсан. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр уг компанийн автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 48-13 УБЦ улсын дугаартай автомашинаа тавьсан бөгөөд өөр хүний автомашин гарах боломжийг хааж тавьсан байсан учраас уг компанийн манаач болох Д.Батдоржид автомашиныхаа түлхүүрийг үлдээгээд зогсоолд тавьсан автомашин гарах шаардлагатай бол автомашиныг маань хөдөлгөөд гаргачихаад буцаагаад зогсоолд тавиарай гэж хэлж л түлхүүрээ орхисон. Тус компанийн манаач ажилтай Д.Батдорж нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний автомашиныг дур мэдэн, миний зөвшөөрөлгүйгээр А.Төгсбаяр гэдэг хүнд зөвшөөрөл олгож, жолоодуулан явж байгаад осол гаргасан. Д.Батдоржид зогсоолд тавьсан автомашин гарвал машиныг хөдөлгөөд буцаагаад зогсоолд тавиарай гэсэн болохоос биш Д.Батдоржид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн зүйл огт байхгүй. Дээрх түрээсийн гэрээний дагуу зогсоолд тавьсан автомашиныг тус компанийн манаач Д.Батдорж нь ажлын хариуцлага алдаж, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр А.Төгсбаяр гэдэг хүнд тээврийн хэрэгслийг ашиглуулснаас болж бусдад хохирол учруулсан. Нэхэмжлэлд дурдсан бусдад учруулсан хохирол нь миний буруугаас болоогүй учраас энэ хохирлыг хариуцахгүй, харин дур мэдэн зөвшөөрөлгүйгээр бусдад хүний эзэмшлийн автомашин жолоодох эрх олгосон Д.Батдорж, тухайн үед автомашин жолоодож явсан А.Төгсбаяр нар бүрэн хариуцах ёстой. А.Төгсбаяр гэдэг хүнийг огт танихгүй ба энэ хүнд өөрийн эзэмшлийн 48-13 УБЦ улсын дугаартай автомашиныхаа түлхүүрийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02152 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О аас 4,928,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монгол такси групп” ХХК-д 3,165,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я д тус тус олгож, нэхэмжлэгч “Монгол такси групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,440 төгрөг, нэхэмжлэгч Я н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О аас 96,440 гаргуулан нэхэмжлэгч “Монгол такси групп” ХХК-д 63,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1868 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч О ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/02152 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1868 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Би тус компанийн манаач Д.Батдоржид өөрийн эзэмшлийн 48-13 УБЦ дугаартай автомашиныг зөвхөн тус компанийн грашны хашаан дотор хөдөлгөх тодорхой, хязгаарласан үйлдэл хийх зөвшөөрөл л олгосон.

Тэрнээс биш миний эзэмшлийн автомашиныг өөр хүнд зөвшөөрөл олгож жолоодуулан тус компанийн хашаанаас гаргаж явах зөвшөөрлийг огт өгөөгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл шүүх хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талд гэм хор учруулсан хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, гэм хор болон буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоог нарийвчлан тогтоолгүй зөвхөн автомашин эзэмшигч л хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх тухайн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.      

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагч миний бие хуульд заасны дагуу өмгөөлөгч авах эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч нь хэргийн оролцогч мөн бөгөөд хэргийг оролцогч нь тус хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдлэх ёстой. Гэтэл шүүхээс хариуцагч миний өмгөөлөгч Б.Отгончимэгийн гаргасан “хэргийн материалтай танилцах” хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бөгөөд улмаар хариуцагч миний өмгөөлөгчөөр хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах эрхийг маань ч мөн ноцтой зөрсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хуулийн 499.3 “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан тул уг гэм хорын хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болно” гэжээ. Энэ нь хэрэгт авагдсан “Сандэй Трейд” ХХК-ийн манаач Д.Батдоржийн гаргасан хууль бус үйлдлийг хэлэлцсэн талаарх хурлын тэмдэглэл, цагдаагийн газарт шалгагдсан холбогдох баримтууд, тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан тээврийн прокурорын газрын 2015 оны 10 сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, А.Төгсбаяр, Д.Батдорж нарын Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, 2014 оны 09 сарын 01-ний өдрийн 16/214-ний өдрийн Байр талбайн түрээсийн гэрээ, Тээврийн прокурор Ү.Содномцогийн нэр дээр гаргасан 2017 оны 06 сарын 05-ны өдрийн гомдол, УЕПГ-ын МШАХХ-ийн дарга Ё.Сагсайгийн нэр дээр гаргасан гомдол түүний хариу мэдэгдэх хуудас, “Сандэй Трейд” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, харуул хамгаалалтын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, харуул хамгаалалтын ажилтан Д.Батдоржийн ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба О  миний бие дээрх хууль бус үйлдлээс учруулсан гэм хорын хохирлыг хариуцах ёсгүй бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашиглаж бусдад хохирол учруулсан Д.Батдорж, А.Төгсбаяр нар нь бүрэн хариуцах ёстой бөгөөд дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагч О  гэм буруугүй болохыг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/02152 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1868 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч О т холбогдуулан гэм хорын хохирол гэж нэхэмжлэгч “Монгол такси групп” ХХК нь 4,928,000.00 төгрөг, Я  нь 3,165,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “... зогсоолд тавьсан автомашиныг манаач Д.Батдорж нь А.Төгсбаярт ашиглуулснаас болж бусдад хохирол учруулсан нь миний буруугаас болоогүй, хохирлыг хариуцахгүй гэж маргажээ.

О ийн эзэмшлийн 48-13 УБЦ улсын дугаартай автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө А.Төгсбаяр нь Д.Батдоржтой архи уусан үедээ согтуугаар жолоодож, Я гийн жолоодож явсан “Монгол такси групп” ХХК-ийн өмчлөлийн 56-36 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас жолооч Я н эрүүл мэндэд хохирол учирсан, “Монгол такси групп” ХХК-ийн автомашин эвдэрсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

“Монгол такси групп” ХХК-д 4,928,000.00 төгрөгийн хохирол учирсан нь “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9380 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар, Я д хохирол учирсан нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/37 тоот шинжээчийн дүгнэлт, шинжилгээ хийлгэсэн 160,000.00  төгрөгийн баримт, бичиг баримт хуулбарлахад 5,000.00 төгрөг төлсөн, 3,000,000.00 төгрөгийн орлогоо алдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолж шүүхэд ирүүлсэн хүсэлт, баримтаар хариуцагчийн тээврийн хэрэгслийг А.Төгсбаяр, Д.Батдорж нар ашиглах боломж бүрдээгүй байсан, ашиглахаас сэргийлэх бололцоо байгаагүй гэдгээ нотолж чадаагүй тул  тэрээр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулах боломж олгосны улмаас нэхэмжлэгч нарт учруулсан хохирлын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Түүнчлэн “Сандэй трейд” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Байр талбайн түрээсийн гэрээ”-г нотлох баримтаар гаргасан байх бөгөөд талууд ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй, автомашин зогсоолд байршуулахаар тохиролцоогүй байна.

 Хариуцагч О  нь бусдад автомашины түлхүүрээ үлдээснээс зам тээврийн осол гарах боломжийг бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийг ашиглуулах боломж олгосон учраас тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нарт учирсан  хохирлыг О  хариуцах үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчаас “....хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан” гэсэн үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02152 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1868 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Хариуцагч О аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 160,000.00 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН