| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0124 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0118/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч О.О,
Шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт П-гийн З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай , эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Т овогт П-гийн З /РД:ХХХХХХХХ/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.З нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 50 минутын үед Дархан-Уул аймгийн ***** 14 тоотод, хамтран амьдрагч О.О-гийн нүүрэн тус газар нь алгадаж, баруун гарыг өшиглөн зодож эрүүл мэндэд нь шуу ясны хугарамтгай хэсгийн ташуу хугарал, богтос ясны шөвөг хэлбэрийн сэртэнгийн хөндлөн хугарал, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч О.О-гийн “...өглөө 08 цагийн үед манай нөхөр З нь жаахан халамцуу буюу согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн орж ирээд хэсэг гар утсаа цэнэглэж байж байгаад буцаад 08 цаг 20 минутын үед гараад явсан, ...Өрөөнд орж ирчхээд намайг янз бүрээр хараагаад байсан. Намайг алгадаад авсан. Тухайн үед манай найз О нойлд бие засаж байгаад гарч ирэхээр нь би түүнийг хүүхэд аваад хажуу өрөө рүү ороорой гэхэд манай найз О миний 10 сартай хүүг маань тэврээд хажуу өрөө рүү буюу Б-д гээд эмэгтэй амьдардаг өрөө рүү орсон. Тэгсэн надтай манай нөхөр маргалдаж байгаад өөрийнхөө юмыг эвдчихье гээд хананд тогтоосон байсан зурагтаа гараараа цохиод хагалчихсан. Тэгээд намайг янз бүрээр хараагаад байхаар нь түүнтэй маргалдсан. Тэгсэн өрөөнөөс гарч нөгөө өрөөний Б гэх залуугийн өрөөний хаалгыг дахиж нүдэж байснаа эргэж том өрөөндөө орж ирээд намайг өрөөндөө орон дээр сууж байхад шууд миний гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөчихсөн. Миний баруун гар бугуй хэсгээрээ хавдчихсан. Манай найз нөгөө өрөөнд байхдаа цагдаа дуудсан” гэх мэүүлэг /хх-ийн 19-21/,
Гэрч Б.О-гийн “...13 цаг 40 минутын үед найзын гэрийн ариун цэврийн өрөөнд сууж байтал хаалга балбаад нөхөр П.З нь орж ирсэн ба би 00 өрөөнөөс гараад иртэл ***** манай найз О-гийг зодох гээд дайраад байсан ба найз О над руу “чи миний хүүхдийг аваад хажуугийн өрөө рүү орооч” гэхээр нь би хүү 11 сартай З.Б-ыг аваад хажуугийн өрөөг түрээсэлдэг эгчийнх рүү гүйж ороод хаалгыг нь түгжсэн юм. Тэгтэл П.З нь эхнэр О.О-гийг зодоод байгаа бололтой түжигнээд байсан ба найз О ёо ёо гээд дугараад байсан юм. ... өрөөнөөс гараад хартал найз О сая З миний гар луу өшиглөчихлөө гээд баруун гараа бариад ёолоод зогсож байсан. Би яг яаж зодохыг нь бол хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Х.Б-ын “...цагдаа нар *****ыг явсны дараа Отгоо гэх эмэгтэй нь гар хугарчихсан юм шиг байна гэж байсан, өөр гэмтэл надад ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Гэрч Б.Б-ын “...***** миний гар руу өшиглөөд гар хугалчихлаа хөдлөхгүй байна гээд О гэх эмэгтэй зогсож байсан. О гэх эмэгтэйн баруун гар нь хавдчихсан /бугуйн хэсгээрээ/ байгаа харагдсан. Өөр биед нь гэмтэл ажиглагдаагүй. Би З нь О гээд эхнэртэйгээ өрөөндөө байхад нь нэг удаа алгадаж цохихыг нь хараад л шууд өрөөндөө ороод дахиж өрөөнөөсөө гараагүй. Өрөөндөө орсон байхад түжигнээд эхнэрээ зодож агсам согтуу тавьж байгаа нь сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 257 дугаартай “...О.О-гийн биед шуу ясны хугарамтгай хэсгийн ташуу хугарал, богтос ясны шөвөг хэлбэрийн сэртэнгийн хөндлөн хугарал, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. О.О-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нь дээр дурдсан харилцан хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд П.З, О.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3-р зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан О.О-гийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, эд зүйлээ эвдсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч П.З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлыг шүүгдэгч П.З-аас нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч П.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, яллагдагч хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр тохиролцсон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгчийн цалин, орлогын хэмжээг харгалзан 9 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулж болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт П-гийн З-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар П.*****д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.З-д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД