Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0125/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт Б овогт О-гийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000142 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-гийн Э /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн үед Дархан-Уул аймгийн*****тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Б-гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч А.Б-гийн “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед намайг босоход манай нөхөр сэрсэн. Би нүүрээ будах гээд толинд харахад миний баруун нүдний доод талд хөхөрсөн байхаар нь би уурлаад нөхөртөө арай дэндэж байна, нүүр лүү цохино гэж юу байдаг юм бэ гэхэд худлаа жүжиглээд гэж хэлэхээр нь би уурлаад нөхөртэйгөө хэрэлдээд орон дээр байсан хувцсыг нөхөр лүүгээ шидээд шанагатай ус аваад цацсан. би бас уурандаа ус буцалгагч авч үүд рүү шидэхэд юм шидлээ гэж хэлээд над руу дайраад миний гэдэс рүү өшиглөөд, толгой руу гараараа цохиод, гутлаар миний гар луу бас цохисон. Тухайн үед хүүхдүүд сэрээд уйлаад байж байхад манай ах орж ирээд бид хоёрыг салгаад Э гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,

 

Гэрч Т.Б-ны “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэртээ унтаж байхад манай гэрийн хажууд байдаг миний төрсөн эгчийн хүүхэд Б гэртээ Э-тайгаа маргалдаад хэрэлдчихсэн толгойноос нь цус гарчихсан уйлаад сууж байхаар нь би Э-ыг гэрээс нь хөөгөөд гаргаад явуулсан юм. Намайг зодчихлоо гэж байсан. Өөр зүйл надад хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Яллагдагч О.Э-ын “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр босоод байж байхад манай эхнэр Б миний хамаг хувцсыг авч шидээд байхаар нь би уурлаад чи яахаараа ингэдэг юм гээд бид хоёр маргалдсан. Би гараа зангидаж цохисноо санахгүй байна. Над руу дайраад байхаар нь би гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд над руу гутал шидэхээр нь би зөрүүлээд гар луу нь шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаартай “...А.Б-гийн биед тархи доргилт, нүүр, зүүн чамархай хуйх, зүүн бугалга, зүүн дал орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. А.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 23-26/,

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хх-ийн 29/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

О.Э, хохирогч А.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч О.Э нь хохирогч А.Б-гийн хэвлий, толгой, гаран тус газар нь гараар болон гутлаар цохиж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлыг шүүгдэгч О.Э-аас нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт О-гийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД