Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0088/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Х.Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-т холбогдох эрүүгийн 2118000000063 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зуухны машинч мэргэшилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, , урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар 33 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн Х.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Х.М- нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Ц.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө хашааны гадна Б.Б.Б-этэй маргалдан улмаар түүний баруун дал, баруун бэлхүүс, өгзөг тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь баруун дал, баруун бэлхүүс, 2 өгзөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Х.Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн  2118000000063 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би босоод гэртээ гал түлээд байж байхад манай нөхөр Х.М- гэрээс гараад явах гэхээр нь би Х.М-аас хаашаа явах гэж байгаа юм гэхэд Х.М- найзуудтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд би гэртээ 3 хүүхдээ хараад байж байхад 17 цагийн үед манай гэрийн тог мааслаад гэр тоггүй болчихоор нь би хажууд байдаг хадам аав гэр рүү лаа авах санаатай ороход хадам аав орон дээрээ унтаж байсан. Тэгээд би хайгаад гэр дотор явж байхад хадам аавын орон доор тал шилтэй архи байхаар нь гэртээ авч ороод ганцаараа ууж байгаад согтоод тасарсан юм шиг байсан. Тэгээд унтаж байхад Х.М- миний баруун гарын суганы доод хэсэг орчимд нэг өшиглөсөн, би газар унаад “ёо ёо” гээд хашхирахад Х.М- намайг орон дээр хэвтүүлээд унтсан” /хх 12-14/,

Хохирогч Б.Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.Х.М-ын гэрт ороод өөрийн өмсөж байсан куртикээр Х.М-ын эхнэр Ц.Ц.С-ыг цохиод авсан чинь Ц.Ц.С- намайг цохичихлоо гээл хашхираад байсан. Тэгээд би Х.М-ын гэрээс гарахад Ц.С- миний араас дагаж гарч ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн удалгүй Х.Х.М- гэрээсээ гарч ирээд хашааны хаалганы хажууд надтай зууралдаад байхаар нь би салаад холдоход Х.Х.М- миний араас ирээд нуруун дээр нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд би Х.Х.М-аас салаад машинд ороод суухад манай найз О- надад Х.Х.М- сая чамайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн миний нуруунаас цус гарсан байсан. Тэгээд тэндээс шууд эмнэлэг дээр ирсэн.” /хх 163-167/,

            Гэрч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Х.М- эхнэрээ өмөөрч Б.Б.Б-этэй маргалдах үед би боль гээд болиулаад Б.Б-ийг гэрээс нь гаргаад явуулах үед Х.М- би чамайг ална гээд шүүгээнээс хутга авч араас нь гарахаар нь би бас дагаж гараад Б.Б-ийг машинд суу, явъя гэхэд намайг сая хутгалчихлаа, цус гараад байна, эмнэлэг явъя гэж хэлэхэд эмнэлэг рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хх 171/,

 

            Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б.Б-э, Г.Г- хоёр Х.Х.М-ын гэр рүү очно гээд надад зам зааж өгөөд 4-29 гэсэн хаягтай саарал хашааны хаалгатай айлын гадна очоод тэр хэд ороод, би машиндаа сууж байхад удалгүй тэр айлаас нэг эмэгтэй хүнтэй маргалдаад гараад ирсэн. Тэгсэн тэр хэдийн араас дээгүүрээ нүцгэн Х.Х.М- гэх залуу гарч ирсэн. Тэгээд Б.Б.Б-э машины тэнд маргалдаад зодолдоод байсан. Тэгээд би эр хүмүүс маргалдаж байгаа юм байлгүй гээд тоохгүй байж байтал Б.Б.Б-э Х.Х.М- намайг хутгалчихлаа цус гараад байна гэхээр нь би Б.Б.Б-ийг машинд суугаад эмнэлэг авч явсан Х.Х.М- гэх залуу машины урдуур Б.Болор- Эрдэнийн араас явж байхдаа гартаа хутга барьчихсан явж байхыг би харсан. Гэхдээ Б.Б.Б-ийг хутгалчихна гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /хх 175/,

 

            Гэрч Э.П- мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Х.М-ын эхнэр Ц.Ц.С- босоод Б.Б.Б-э гэдэг залууг чи хар шөнө айлд ирчихээд битгий хэрүүл хийгээд бай гэхэд Б.Б.Б-э гэдэг залуу Х.Х.М-ын эхнэр Ц.Ц.С-той хэрэлдэж байгаад гэрээс гараад хашааны гадна хэрэлдээд байсан. Тэгсэн Х.Х.М- орноос босоод гараад явсан. Тэгээд гадна хүмүүс шуугилдаад байхаар нь би орноос босоод хувцсаа өмсөөд гэрээс гарах гэтэл Х.Х.М- зөрөөд гэр рүү орсон. Тэгсэн гадна байсан хүмүүс цагаан өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Би гэрт орж ирээд Х.Х.М-аас яасан гэж асуухад найз нь хүн хутгалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 177/,

 

            Гэрч С.М- мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Х.М-ын эхнэр Ц.Ц.С- босоод Б.Б.Б-э гэх залуутай маргалдаж байгаад гэрээс гараад хашааны гадаа хэрэлдээд байх шиг байсан. Гэтэл Х.Х.М- босоод гэрээс “ална аа пизда нарыг” гэж хэлээд гарсан. Удалгүй гэртээ орж ирээд Х.Х.М- “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 179/,

 

Гэрч Г.Б-мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б.Б-э Ц.Ц.С-той хэрэлдээд гэрээс гараад явсан. Тэгсэн хашааны гадаа хэрүүл болоод байсан чинь Х.Х.М- босоод гэрээс гараад явахаар нь би араас гарахад Б.Б.Б-этэй хэрэлдэж байгаад буцаад гэр лүүгээ гүйгээд ороод ирсэн. Тэгээд шууд Б.Б.Б-этэй хашааны гадаа зодолдоод Х.Х.М- Б.Б.Б-ийн дээр нь гараад цохиод байх шиг харагдсан. Тэгээд би очоод Х.Х.М-ыг татаад салгахад Х.Х.М- гэр лүүгээ орсон. Тэнд байсан Н.Галбадрах, Б.Батбилэг, Б.Б.Б-э, Ууганаа нар машиндаа суугаад Б.Б.Б-ийг Х.Х.М- хутгалчихлаа бид хэд эмнэлэг явлаа гэж хэлээд хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /хх 181/,

 

Гэрч Г.О- мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б.Б-э Ц.Ц.С- хоёр хашааны гадна хэрэлдээд байсан. Тэгсэн Х.Х.М- орноосоо босоод гэрийнхээ гал тогооны шүүгээнээс хутга аваад ална гээд гэрээс гарсан. Тэгээд араас нь Э.П- бид хоёр гарахад тэр хэд болон Б.Б.Б-э машинд сууж байсан. Б.Б.Б-ийн нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд би буцаж Х.Х.М-ын гэрт ороод Б.Б.Б-ийн нуруунаас цус гараад байна, чи гүн хутгалчихсан юм уу гэхэд Х.Х.М- би эхний хоёрыг гүнзгий хийгээгүй, сүүлийн хоёрыг гүн хатгачих шиг болсон, та нар гай дагуулж ирэх юм даа гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 183/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ц.Ц.С-ын биед тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ц.Ц.С-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Ц.Ц.С-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 24-25/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 30-31/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 122-124/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 127-128/,

 

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Б.Б.Б-ийн биед баруун дал, баруун бэлхүүс, 2 өгзөгний шарх тогтоогдлоо.

2.Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Б.Б.Б-ийн биед илэрсэн дээрх гэмтэл шарх нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-ний хооронд үүссэн байх боломжтой. /хх 140-141/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 153-157/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 64-67/,

 

Шүүгдэгч Х.Х.М-ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 48-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 72-88, 91-94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 98/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх 90, 95/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 97/, эзэмшил өмчлөлийн газартай эсэх тодорхойлолт /хх 100/,   тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх тодорхойлолт /хх 102/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 108/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Х.М- 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ эхнэр Ц.Ц.С-ыг “аавтай минь нийлж архи уулаа” гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

Мөн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө хашааны гадна хохирогч Б.Б.Б-этэй эхнэр Ц.Ц.С-той хэрэлдсэн гэдгээр шалтаглан түүний баруун дал, баруун бэлхүүс, өгзөг тус газар хутгалж, биед нь баруун дал, баруун бэлхүүс, 2 өгзөгний шарх бүхий олон удаагийн үйлчлэлээр үүсэх хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Х.Х.М- нь дээрх гэмт үйлдлүүддээ шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу хамтран амьдрагч нь хамтын амьдрал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд тухай хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Х.М-ыг хохирогч Ц.Ц.С-той хүндэтгэлгүй харьцаж, зүй бус үг хэллэгээр гутаан доромжлох, хүч түрэмгийлэн бие махбодид халдаж мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн гуя, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндийн эрх чөлөөнд халдсан түүний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Иймд шүүгдэгч Х.Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ц.Ц.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  хохирогч Б.Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

 Иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгдэгч Х.Х.М-аас 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-э -д олгож /хх 201/, хохирогч Ц.Ц.С- нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй. /хх 12-14/,

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Х.М- өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ...”нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Учир нь: шүүгдэгч Х.Х.М- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага биелэгдэхгүй байх магадлалтай тул хуульд заасан торгох ял оногдуулаагүй болно.

 Эрүүгийн хариуцлагын зорилго  нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх...дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог тул шүүгдэгч Х.Х.М-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүхэд нийтэд тустай ажил хийлгэх ажлын санал ирүүлээгүй тул ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн нэхмэл цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун фудволка 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, цахилгааны утсаар ороож бэхэлсэн төмөр иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хүрэн өнгийн бүс, саарал өнгийн пүүз 1 хос зэргийг хохирогч Б.Б.Б-эд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Ц.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М-т оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэсүгэй.    

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Х.М-аас 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б-э -д олгосугай.

 

            6.Шүүгдэгч Х.Х.М- нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Ц.С- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн бүс, саарал өнгийн пүүз 1 хос зэргийг хохирогч Б.Б.Б-эд буцаан олгож, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн нэхмэл цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун фудволка 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, цахилгааны утсаар ороож бэхэлсэн төмөр иштэй хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй,.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ