Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2021/0095/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д  холбогдох эрүүгийн 2118000000122 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Говь-Алтай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ Б.Н- маргалдан түүний нүүрэн тус гараараа цохиж биед дээд эрүүний баруун хэсгийн болон баруун талын нүдний ухархай, баруун хацар ясны хугарал, нэг шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг микрийн 10-11 тоотод Э.Б.Н-г үл ялих зүйлээр шалтаглан зодож дээд эрүүний баруун хэсгийн болон баруун талын нүдний ухархай, баруун хацар ясны хугарал, нэг шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Д.М-ы үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000122 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Б.Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төмөртогоо, Д.М-, нарын хамт Д.М-ы гэрт найзуудаа цуглуулаад архи ууж эхэлсэн ба тухайн үед өглөө 09:00 цаг болж байсан. Тэгээд уугаад сууж байтал үдээс хойш С-, Б-нар ирээд бид нар уусан ба нэлээн муудаад тасарсан байсан. Тэгээд нэг сэртэл М-намайг цохиод цамцнаас боож байсан. Цус гараад гал тогооны өрөөнд цусаа тогтоож байсан шиг санаж байна. Тэндээс гараад өөрийн гэртээ харьж амарсан. Оройдоо нүүрний хэсэгт өвдөлт өгч эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь 2 тариа тариад яс чинь хугарсан юм шиг байна гэмтэлд үзүүлээрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

            Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Том өрөөний цонхон талд Т-, Б.Н-хоёр зэрэгцээд сууж байсан чинь Д.М- гэнэт огцомдоод Б.Н-г заамдаж аваад гараараа нүүр, эрүү хэсэг рүү нь цохиод Б.Н-цохиулаад ар талынхаа төмөр халаалтын паарыг нуруу хэсгээрээ налаад унасан.” гэх мэдүүлэг /хх 38/,

            Гэрч Ж.С- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хоол унд идээд архиа уугаад том өрөөнд сууж байсан. Б.Н-, Т- хоёр цонхон талд  паарны харалдаа сууж байсан. Харин Д.М- наад талд нь би ширээний хажууд сууж байсан. Гэтэл Д.М- гэнэт Б.Н-рүү агсраад ширээ шааж босож ирээд Б.Н-дээр очоод нүүр, эрүү хэсэг рүү нь цохисон чинь Б.Н-арагшаа паар руу унасан.” гэх мэдүүлэг /хх 40/,

            Гэрч Ч.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Н-уусан архиндаа согтоод Д.М-ыг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед бид нар том өрөөнд нь сууж байсан. Б.Н-бид хоёр цонхон талын сандал дээр зэрэгцээд сууж байсан. Харин Д.М- нөгөө талд нь сууж байсан. ...Гэтэл Д.М- Б.Н-г чи манай гэрээс зайл гэж хэлсэн чинь Б.Н-“би чамтайгаа шүү” гэсэн утгатай зүйл яриад тэр хоёр хэрэлдээд байсан. Би тэр үед архиндаа согтоод унтаж байсан гэхдээ хэрэлдэж байгаа нь миний чихэнд сонсогдох төдий байсан.” гэх мэдүүлэг /хх 42/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Б.Б.Н-гийн биед дээд эрүүний баруун хэсгийн болон баруун талын нүдний ухархай, баруун хацар ясны хугарал, нэг шүдний хугарал, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Б.Б.Н-н биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Б.Б.Н-н биед үзлэг хийсэн нүдний эмч “баруун нүдний ухархайн гэмтлийн гаралтай дотор ханын хугарал” гэсэн онош тавьсан байна. /хх 52-53/,

 

Шүүгдэгч Д.Д.М-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 81-86/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.М- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.Н-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрт 2000000 төгрөг авсан. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Д.М-ыг хохирол төлбөрт 2000000 төгрөг төлснийг дурдаж хохирогч Б.Б.Н-нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд харшлах үндэслэл тогтоогдоогүй  зэргийг харгалзан прокурорын сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.М-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.М- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч Д.Д.М- нь хохирол төлбөрт 2000000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б.Н-нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ