| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/01070/И |
| Дугаар | 84/ШШ2017/01140 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 84/ШШ2017/01140
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2017/01140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 6 дугаар гудамжны 17 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Мийяагийн Ганболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 8 дугаар гудамжны 8 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Өндөр овогт Галсангийн Бүрэндэлгэр /рд: НИ79042812/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1.266.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганболд, хариуцагч Г.Бүрэндэлгэр, гэрч Э.Отгонбаяр, Ж.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд өглөө 10 цагт өөрийн танил Галсангийн Бүрэндэлгэрээр өөрийн эзэмшлийн Тоёота Ай Эс Ти маркийн, 78-73 УББ улсын дугаартай миний машинаар /тухайн үед машины даатгал хийгдээгүй байсан/ зорчихдоо жолооч Галсангийн Бүрэндэлгэр нь Амгаабазарын Лхагвасүрэнгийн Приус 90-04УНА дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болно. Иргэн Г.Бүрэндэлгэр нь тухайн үед надад огт мөнгө алга чи бүх зардлыг нь гаргачих би чамд машиныг чинь засаж янзлаад өгнө А.Лхагвасүрэн гуайн хохирлын мөнгийг нь чи өгчих би 10 хоногийн дотор чамд эргүүлж өгнө гээд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ослын торгуулийн мөнгө болох 24.000 төгрөгийг надаар төлүүлсэн. Мөн иргэн А.Лхагвасүрэнгийн Приус машины гэмтлийн засварт 350.000 төгрөгийг өгсөн, Арвижих эстимэйт ХХК-иар өөрийн машины хохирлын үнэлгээ хийлгэх зардалд 22.000 төгрөг төлсөн, миний 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Наран өгөөж хайрхан ХХК-ийн Арвин тан эмийн сангийн эм бараа татан авалтын ажилд иргэн Жаргалын Баяраагаар таксигаар үйлчлүүлсэний нийт төлбөр болох 300.000 төгрөг, мөн машиныг ачиж журмын хашаанд байршуулж хадгалсны төлбөрт 70.000 төгрөгийг төлсөн, түүнчлэн Г.Бүрэндэлгэр нь миний машиныг засаж өгөөгүй тул би Сонсголонд байрлах авто засварын газарт, засварчин Э.Отгонбаяраар машинаа засуулж, 500.000 төгрөгийн зардал гаргасан. Иргэн М.Ганболд миний бие иргэн
Г.Бүрэндэлгэрийн гэм буруутай үйлдлээс бүрэн шалтгаалж дээрх төлбөрийг төлж хохирсон нь иргэний хэргийн материалд гарган өгч байгаа нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлогдох тул иргэн Бүрэндэлгэрт гаргаж байгаа нэхэмжлэлийн дагуу түүнээс нийт 1.266.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Бүрэндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Бүрэндэлгэр миний бие зам тээврийн осол гаргасан буруутай үйлдлийнхээ талаар маргахгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас, А.Лхагвасүрэнд төлсөн 350.000 төгрөгийн шаардлагыг, торгуульд төлсөн 24.000 төгрөгийн шаардлагыг, үнэлгээний хөлсөнд төлсөн 22.000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч М.Ганболдын өмчлөлийн Тоёота Ай Эс Ти маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж буй 500.000 төгрөгийн хэмжээнд биш, харин үнэлгээгээр тогтоогдсон 230.000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байна. Нийт 626.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 640.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь такси хөлсөлсөн, мөн 300.000 төгрөгийн хөлс төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй, түүнчлэн журмын хашаанд машиныг хүргэсэн нь надаас болоогүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй явж байсан гэх үндэслэлээр журмын хашаанд хүргэсэн юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганболд нь шүүхэд хандаж, гуравдагч этгээдийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахад гарсан зардалд 350.000 төгрөг, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахад гарсан зардалд 500.000 төгрөг, Итгэлт эстимэйт ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 22.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслээр зорчиход гарсан зардалд 300.000 төгрөг, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулахад гарсан зардалд 70.000 төгрөг, торгуульд төлсөн 24.000 төгрөгийг, нийт гэм хорын хохиролд 1.266.000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч Г.Бүрэндэлгэрээс нэхэмжилжээ.
Хариуцагч Г.Бүрэндэлгэр нь, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслээр зорчиход гарсан зардал гэх 300.000 төгрөгийг, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулахад гарсан зардал гэх 70.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан, түүнчлэн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоогдсон үнэлгээний дүнгээр буюу 230.000 төгрөгөөр тооцож төлнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Г.Бүрэндэлгэр нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, түүний өмчлөлийн Тоёота Ай Эс Ти /TOYOTA IST/ маркийн 78-73УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулсан талаар маргаагүй.
1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота Ай Эс Ти /TOYOTA IST/ маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар:
Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нотлож, Арвижих-Эстимэйт ХХК-ийн, 230.000 төгрөгийн үнэлгээ бүхий хохирлын үнэлгээний тайланг гаргаж өгсөн ба Э.Отгонбаяр, Ж.Баяраа нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан.
Гэрч Э.Отгонбаяр нь, тээврийн хэрэгслийн “зүүн урд талын крило”, “зүүн урд талын хаалга”, “буфер”-ийг засаж, тээврийн хэрэгслийг бүтэн будсан материалын зардал, ажлын хөлсөнд 500.000 төгрөг авсан талаар мэдүүлнэ. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Арвижих-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд тээврийн хэрэгслийн зүүн урд крило, зүүн урд хаалга эвдэрсэн талаар дүгнэлт гаргасан байх ба “буфер” эвдэрсэн, мөн тээврийн хэрэгслийг бүтэн будах шаардлагатай талаар тайланд тусгаагүй байна. /хх 8 дугаар тал/
Арвижих-Эстимэйт ХХК нь осол гарсны дараа, эвдэрсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тогтоосон байх ба Э.Отгонбаяр нь осол гарснаас цаг хугацааны хувьд хожуу байдлаар тээврийн хэрэгслийг хүлээн авч засварласан байх тул 2017 оны 2 дугаар сарын 3-ны авто ослын улмаас Тоёота Ай Эс Ти /TOYOTA IST/ маркийн тээврийн хэрэгслийн “буфер эвдэрсэн”, түүнийг “бүтэн будуулах” шаардлагатай болсон гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог.
Иймд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтооход Арвижих-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.
2. 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хөлсний унаа ашиглахад гарсан гэх 300.000 төгрөгийн зардлын талаар:
Нэхэмжлэгч М.Ганболд нь, Наран өгөөж хайрхан ХХК эмийн бүтээгдэхүүн татан авалт хийхдээ хөлсний унаа ашигласан, Наран өгөөж хайрхан ХХК-иас 300.000 төгрөгийн зардал гарсан хэмээн тайлбарлаж байх тул М.Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Наран өгөөж хайрхан ХХК-д учирсан хохирлыг хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.
Нөгөө талаас, нэхэмжлэгч М.Ганболд нь өөрийн өмчлөлийн Тоёота Ай Эс Ти /TOYOTA IST/ маркийн тээврийн хэрэгслийг Наран өгөөж хайрхан ХХК-д хөлсөөр ашиглуулдаг байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул 300.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч М.Ганболдод учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэрч Ж.Баяраа нь үйлчилгээний хөлсөнд нийт 300.000 төгрөг хүлээж авсан гэх боловч Наран өгөөж хайрхан ХХК-ийн зардлын баримтыг сүүлд үйлдсэн талаар мэдүүлсэн, тухайн үед өдөрт хэдэн төгрөгийг үйлчилгээний хөлсөнд авдаг байсан талаараа, түүнчлэн хэдэн хоног үйлчилгээ үзүүлсэн талаараа тодорхой мэдүүлэхгүй байх тул гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзнэ.
3. Тоёота Ай Эс Ти /TOYOTA IST/ маркийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хадгалсан, хүргэхэд гарсан гэх 70.000 төгрөгийн зардлын талаар:
Нэхэмжлэгч нь авто ослын улмаас тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүргэсэн гэж, хариуцагч нь гэрчилгээгүй тээврийн хэрэгсэл ашигласан үндэслэлээр түр саатуулах байранд хүргэсэн хэмээн зөрүүтэй тайлбар гаргадаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ буюу зөрүүтэй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд уг шаардлага болон түүний үндэслэл нотлогдоогүй гэж үзэх учиртай тул хариуцагчаас 70.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
4. Нэхэмжлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, мөн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг тайлбарлан өгч, улмаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 4, 5, 9, 12 дугаар талуудад авагдсан баримтууд шаардлага хангахгүй байгаа, шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх хүсэлтэй эсэхийг лавласан боловч нэхэмжлэгч нь уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулахаас татгалзсан болохыг, түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ мөн татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэхийг хүссэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 626.000 төгрөгийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар маргаагүй тул зөвшөөрсөн шаардлага болон үндэслэлийн талаар нотлох ажиллагаа болон эрх зүйн дүгнэлт хийгдэхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын маргаж буй 640.000 төгрөгийн шаардлагыг тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Г.Бүрэндэлгэрээс 626.000 төгрөгийг гаргуулан М.Ганболдод олгож, нэхэмжлэлээс 640.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бүрэндэлгэрээс 19.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ганболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР