Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2021/0101/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч З.З.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-ид  холбогдох эрүүгийн 2118000000117 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.З.Б- нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 9-р хэсгийн 3 дугаар гудамжны 188А тоот хашаанаас иргэн Б.Б.Н-ийн Солонгос улсад үйлдвэрлэсэн “Тrinх” брэндийн унадаг дугуйг нууцаар хууль бусаар авч 425000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч З.З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.З.Б- нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 9-р хэсгийн 3 дугаар гудамжны 188А тоот хашаанаас Солонгос улсад үйлдвэрлэсэн “Тrinх” брэндийн унадаг дугуйг нууцаар хууль бусаар авч хохирогч Б.Б.Н-ийн 425000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр,  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч захиран зарцуулах эрх үүссэнээр гэмт хэрэг төгсдөг.

Иймд шүүгдэгч З.З.Б-ийн уначихаад буцаагаад өгөх гэж байсан гэх мэдүүлгийг хүлээн авах боломжгүй.

 

            Шүүгдэгч З.З.Б-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000117 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Б.Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа явахдаа унадаг дугуйгаа унаж яваад шөнө 00 цагийн үед гэртээ орохдоо хашаандаа оруулаад саравчны хажууд орхисон юм. Өглөө босоод унадаг дугуйгаа хайсан чинь байхгүй байхаар нь гараад дугуйны мөр харсан чинь харагдахгүй байсан. Миний дугуйг өргөөд аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

            Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн хажууханд байдаг залуу дугуй түрээд аваад ороод ирсэн. Тэгээд манай хүүхдийн дугуй гэхээр нь оруулж ирээд манай үүдний амбаарт оруулж тавьсан.” гэх мэдүүлэг /хх 27/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“TRINX” брэндийн 29-ийн размертай, хөнгөн цагаан рамтай том хүний унадаг дугай /шинэвтэр/ 1 ширхэг нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 425000 төгрөг байна. /хх 32-33/,

 

Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 54/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 56/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.З.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.З.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б.Н-эд 425000 төгрөг учирсан бөгөөд  хохирогч нь алдагдсан эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан нь “эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх 56/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч З.З.Б-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч З.З.Б-ид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.З.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ