Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/01063

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/01063

              Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, 12-1, Колорадо бизнес төвийн 206 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК /рд: 5347378/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 141/1 дүгээр байрны 2 дугаар орц, 00 давхарт оршин суух, Урианхай овогт Дашнямын ******* /рд: ЧБ71052892/-т холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 195.600 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн ажиллагсадын сүүл цалин болох 2.877.781 төгрөгийг Хаан банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу тус банкны 5034000017 тоот төгрөгийн дансаар дамжуулан ажиллагсаддаа тавьж олгосон. Ажиллагсдад цалин олгох хүснэгтийг бэлтгэхэд яарч дансыг нягтлаагүйгээс болж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шинээр ажилд орсон цахилгаанчин/сантехникч ажилтай ******* овогтой *******ийн 3 дугаар сарын сүүл цалин болох 260.600 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн цахилгаанчин/сантехникч Дашнямын *******ийн дансанд андууран шилжүүлсэн. Данс андуурснаа мэдсэн дариудаа 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Д.*******тай утсаар холбогдож гүйлгээг буцаах хүсэлт тавихад “Миний дансанд мөнгө орж ирсэн байна. Одоогоор банкны карт болон бичиг баримт байхгүй, ажил дээрээ байгаа тул өнөөдөр орой эсвэл маргааш өгчөө дансруу нь буцаан шилжүүлье. Дансны дугаараа мессежээр явуулаарай” гэсэн хариу хэлсэн. Хоёр цагийн дараа дахин холбогдоход эхнэр Наранцэцэг нь утсыг нь авч “Тэр орж ирсэн мөнгийг бүхэлд нь үрээд дуусгасан. Тодорхой мэдэхгүй байна. *******тай өөртэй нь ярь” гэсэн тайлбар хэлсэн. Үүний дараа 65.000 төгрөг дансруу шилжүүлсэн бөгөөд дахин утсаар холбогдож чадахгүй байсан тул 2 уда гэрт нь очиж уулзсан боловч уг мөнгийг төлөхгүй гэсэн. Иймд данс андууран орсон мөнгөн дүнгээс үлдэгдэл төлбөр болох 195.600 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.*******аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус компанид 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд цахилгаанчин, сантехникчээр ажилаж байсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ сайн биелүүлж 2015 оны шилдэг ажилтнаар шалгарч байсан. Миний хувьд ажиллах хугацаандаа ажилын байрандаа архи ууж байгаагүй, нэг ч удаа ажил тасалж байгаагүй. Гэтэл цалингийн зээлтэй гэр бүлээ тэжээн амьдарч байхад тодорхой үндэслэл шалтгаангүйгээр намайг гэнэт ажлаас халсан. 2017 оны 3 дугаар сарын 3-нд миний Хаан банкны цалингийн дансанд 260.600 төгрөгийг ******* ХХК-иас шилжүүлсэн байсан бөгөөд тухайн үед би бодохдоо 2016 оны шинэ жилээр тус компаниас гүйцэтгэх захирал, нягтлан, нярав болон миний бие тус тус шагнагдсан байсан шагналын мөнгө гэж ойлгоод хэрэглэсэн. Үүнээс 65.000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилж бй 195.600 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь тус компанид ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 3 давхарын оффиссын цахилгааны бүх утсыг солиход 60-80 цаг буюу илүү цагаар ажилласан ба тухайн үед илүү цагийн мөнгийг өгөхөөр тохиролцсон байсан ч өгөөгүй. Мөн намайг ажлаас үндэслэлгүй халсан учир ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжээ авч чадаагүй, мөн ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа цалингаас 10-20%-иар торгуулан цалингаас суутгаж иргэн намайг хохироож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь андуурч шилжүүлсэн 260.600 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн гэх 195.600 төгрөгийг хариуцагч Д.*******аас шаарджээ.

Хариуцагч Д.******* нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, илүү цагийн хөлс төлөөгүй, шагналын мөнгө байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.******* нь, нэхэмжлэгч компанид 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сантехникч, цахилгаанчнаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа ******* ХХК-иас түүний дансанд нийт 260.600 төгрөг шилжиж орж ирсэн, уг мөнгөнөөс 65.000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 195.600 төгрөгийг төлөөгүй байгаа талаар маргаагүй.

Дээр дурдсанааар нэхэмжлэгч ******* ХХК нь 260.600 төгрөгийг шилжүүлэх үед Д.******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байсан нь зохигчдын маргаагүй тайлбарын хэмжээнд тогтоогдож байхаас гадна хариуцагч Д.******* нь ******* ХХК-иас шилжүүлсэн 260.600 төгрөгийг үндэслэлтэйгээр олж авсан, тухайлбал илүү цагийн хөлс байсан, шагналын мөнгө байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, мөн уг мөнгөнөөс 65.000 төгрөгийг буцааж төлсөн байх тул Д.*******ийг 195.600 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Түүнчлэн ажлаас үндэслэлгүйгээр халсан, хөдөлмөрийн хөлснөөс үндэслэлгүйгээр 10-20 хувийг суутган авсан гэх хариуцагчийн тайлбар нь уг асуудлудыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардах эрхийг хариуцагчид үүсгэхээс биш дээр дурдсан 195.600 төгрөгийг буцаан төлөх үүргээс түүнийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.*******т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, бичгээр мэдэгдсэн ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.*******аас 195.600 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 6.520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ХИШИГБААТАР