| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0110 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0100/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Ө.Ө.Ж-,
Шүүгдэгч М.М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 2018000000476 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Г-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.М.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” ХХК-ны “******* ” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 4.611.436 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ө.Ө.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “М.М.Г- нь 2016 оноос эхлэн манай компанийн “******* ” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Компани үйл ажиллагааг ээж маань хариуцан ажилладаг байсан. Байнга дутагдал гаргадаггүй байсан. 2019 онд ажиллаж байхдаа 6.100.000 төгрөгийн дутагдал гараад эвлэрүүлэн зуучлалаар орж хэсэгчлэн төлөхөөр болсон. Өрөө төлөхгүй боломжгүй байна гэсэн учир 2020 оны 1 сарын 7 өдрөөс дахин ажиллуулж цалингаас нь суутгахаар тохирсон. М.Г-гийн цалинг нэмэгдүүлээд өрийг хурдан төлүүлэх бодолтой байсан боловч өмнөх өрөө төлөхгүй дахин мөнгө, бараа завшсан хэрэг гарсан. Одоо шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлоо авах хүсэлтэй байна.” гэв.
Эрүүгийн 2018000000476 дугаартай хэргээс:
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Г- ажлаа хүлээлгэж өгөх гэж байхдаа “ажлаа тараад тэдний дэлгүүрээр ороход П_Ц-э эгч өнөөдөр тоолно гээд байна. Та таньдаг юм чинь маргааш тоолъё гээд хэлээд өгөөч” гэхээр нь би П_Ц-э эгчид М.Г- маргааш тоолъё гээд хэлээд өгөөч гээд байна гэхэд П_Ц-э эгч за гээд маргааш нь бид нар дэлгүүрийн барааг тоолсон. Тооллогоор бараа дутсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 1-р хх 29/,
Гэрч Ч.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Худалдагч М.М.Г-гийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс тус оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тооцоог бодоход 3 645 018 төгрөгийн дутагдал гарсан. Энэ нь худалдагч М.М.Г-гийн алдсан тооцоо мөн бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 34/,
“...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх тооцоог анхан шатны баримтыг үндэслэн бодсон. Тооцоо бодоход 4 056 118 төгрөгийн дутагдал гарсан. Дэлгүүрийн үзэн П_Ц-э нь 4 056 118 төгрөг дутагдсанаас дэлгүүрийн үйлчлүүлэгч нарт зээлсэн 411000 төгрөгийг хассан. Үлдэх 3 645 000 төгрөгийг М.М.Г-гаар төлүүлэх болсон. М.Г- өөрөө хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан.” гэх мэдүүлэг /2-р хх 110/,
Гэрч Ч.П_Ц-эгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүр 2 худалдагчтай. Өөрсдийнх нь боломжоор 1 худалдагч нь эхний 15 хоног дараагийн 15 хоног нөгөө худалдагч нь гэх мэтээр ээлжлүүлэн ажлуулдаг. Манай дэлгүүр 10 гаран хяналтын камертай. Худалдагч нарт дэлгүүрийн гадна хаалга, склад, дэлгүүрийн дотор дэлгүүрүүд байдаг. Манай дэлгүүр дээр нөөцийн мар худалдан борлуулж байсан ба нөөцийн махыг бэлэн мөнгөөр борлуулж байсан нийт 3 645 018 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх 2-р хх 105/,
“ЦЭСБ-АУДИТ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/041 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“-М.М.Г- нь “******* ” ХХК-ийн өнгөт минимаркет хүнсний дэлгүүрт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийг дуустлах хугацаанд худалдагчаар ажиллахдаа 4,611,436 төгрөгийн дутагдал гарсан байна.
-М.М.Г-гийн тооцоог барааны нэр төрлөөр бодох боломжгүй /бэлтгэн нийлүүлэгч байгууллуудын зарлагын баримт харагдахгүй/ тул худалдааны байгууллагуудын бүртгэлийн үнийн дүнгээр орлого зардлыг түүвэрлэн эд хариуцагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр, хүлээн авсан барааны баримтуудыг үндэслэн бэлэн мөнгөний дутагдал болохыг тодорхойлов.
-Бид шинжилгээнд “Богд ач хүү” ХХК-аас ирүүлсэн******* минимаркет хүнсний дэлгүүрийн 2020 оны 01 сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны худалдагч М.М.Г-гийн өдөр тутмын тооцооны дэвтэр, 2020 оны 01 дүгээр сарын 06 ны өдрийн “Өнгөт минимаркет” хүнсний дэлгүүрийн эд хариуцагч М.М.Г-д тоолж хүлээлгэн өгсөн баримт бүхий дэвтэр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тоолсон тооллогын бүртгэлийн дэвтэр, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М.М.Г-гаас тоолж хүлээлгэн өгсөн баримт бүхий дэвтэр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М.М.Г-гийн “******* ” ХХК-ийн******* минимаркет хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилд орсноос эхлэн 2020 оны 3-р сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд дэлгүүрийн өдөр тутмын бараа материал хүлээн авсан баримтууд болон байгууллагын бараа материалын орлого зарлагын баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргасан болно.” /2-р хх 160-165/,
Шинжээч Ч.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа 2020.01.07-ны өдрөөс 2020.04.15-ны өдрөөр тооцоо бодож дүгнэлт гаргасан юм. Харин “Пийк Ом Аудит” ХХК-ны дүгнэлтэд 2020.04.01-ны өдрөөр тооцоо хийсэн буюу 15 хоногоор дутуу байсан юм. “Пийк Ом Аудит” ХХК-ны дүгнэлт манайхаас өөр барааны өртгийн дүнгээр бодож дүгнэлт гаргасан байсан. Харин энэ байгууллагын нягтлан бодогч Алтантуяагийн хийсэн тооцоо бол зөв юм. Энэ нь 2020.04.01-ны өдрөөр гаргасан тооцоо байсан. Манайх 2020.04.01-ний өдрөөр тооцоо хийж үзсэн бөгөөд энэ нь 4 470 300 төгрөг болж байгаа. Үүнээс хасагдах зардлаа хасаад 3 826 900 төгрөг болж байгаа. Бид ирүүлсэн шинжилгээний баримтын хүрээнд дүгнэлт гаргаж 4 611 400 төгрөгийн дутагдал гарч байгаа учир үүнийг дүгнэлтээ болгосон.” гэх мэдүүлэг /2-р хх 220-223/,
“******* ” ХХК-ийн менежер П.П_Ц-эгийн М.М.Г-тай хийсэн хөдөлмөрийн нэмэлт гэрээ /1-р хх 11/,******* супер маркетын ажилтны анкет /1-р хх 12/, “Богд ач хүү” ХХК болон М.М.Г- нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /1-р хх 13-14/,
“******* ” ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай ажилд томилох тухай тушаал /1-р хх 24/, ажлаас халах тухай тушаал /1-р хх 25/, “Богд ач хүү” ХХК-ийн цалингийн хүснэгт /1-р хх 26/,
Шүүгдэгч М.М.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 218/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 220/, суурь боловсролын гэрчилгээ /1-р хх 221-222/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тодорхойлолт /1-р хх 225-228/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /1-р хх 235-246/,
“******* ” ХХ-ны зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх 41-42/,
“******* ” ХХ-ны хүнсний дэлгүүрийн худалдагчийн ажил үүргийн хуваарь /2-р хх 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ******* ” ХХК-ны “******* минимаркет ” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4.611.436 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.Г-гийн гэмт үйлдлийг хэрэгт хохирогч авагдсан хохирогч Ө.Ө.Ж-, гэрч Б.Байгалийн...“...М.Г- ажлаа хүлээлгэж өгөх гэж байхдаа “ажлаа тараад тэдний дэлгүүрээр ороход П_Ц-э эгч өнөөдөр тоолно гээд байна. Та таньдаг юм чинь маргааш тоолъё гээд хэлээд өгөөч” гэхээр нь би П_Ц-э эгчид М.Г- маргааш тоолъё гээд хэлээд өгөөч гээд байна гэхэд П_Ц-э эгч за гээд маргааш нь бид нар дэлгүүрийн барааг тоолсон. Тооллогоор бараа дутсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 1-р хх 29/, гэрч Ч.Алтантуяагийн...“...Худалдагч М.М.Г-гийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс тус оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тооцоог бодоход 3 645 018 төгрөгийн дутагдал гарсан. Энэ нь худалдагч М.М.Г-гийн алдсан тооцоо мөн бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 34/,“...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх тооцоог анхан шатны баримтыг үндэслэн бодсон. Тооцоо бодоход 4 056 118 төгрөгийн дутагдал гарсан. Дэлгүүрийн үзэн П_Ц-э нь 4 056 118 төгрөг дутагдсанаас дэлгүүрийн үйлчлүүлэгч нарт зээлсэн 411000 төгрөгийг хассан. Үлдэх 3 645 000 төгрөгийг М.М.Г-гаар төлүүлэх болсон. М.Г- өөрөө хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан.” гэх мэдүүлэг /2-р хх 110/, гэрч Ч.П_Ц-эгийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүр 2 худалдагчтай. Манай дэлгүүр дээр нөөцийн мар худалдан борлуулж байсан ба нөөцийн махыг бэлэн мөнгөөр борлуулж байсан нийт 3 645 018 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /хх 2-р хх 105/, “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/041 дугаартай шинжээчийн дүгнэлт:“-М.М.Г- нь “Богд ач хүү” ХХК-ийн өнгөт минимаркет хүнсний дэлгүүрт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15 ны өдрийг дуустлах хугацаанд худалдагчаар ажиллахдаа 4,611,436 төгрөгийн дутагдал гарсан байна” гэх /2-р хх 160-165/, Шинжээч Ч.Цэрэннадмидын...“...манайх шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа 2020.01.07-ны өдрөөс 2020.04.15-ны өдрөөр тооцоо бодож дүгнэлт гаргасан юм. Харин “Пийк Ом Аудит” ХХК-ны дүгнэлтэд 2020.04.01-ны өдрөөр тооцоо хийсэн буюу 15 хоногоор дутуу байсан юм. “Пийк Ом Аудит” ХХК-ны дүгнэлт манайхаас өөр барааны өртгийн дүнгээр бодож дүгнэлт гаргасан байсан. Харин энэ байгууллагын нягтлан бодогч Алтантуяагийн хийсэн тооцоо бол зөв юм. Энэ нь 2020.04.01-ны өдрөөр гаргасан тооцоо байсан. Манайх 2020.04.01-ний өдрөөр тооцоо хийж үзсэн бөгөөд энэ нь 4 470 300 төгрөг болж байгаа. Үүнээс хасагдах зардлаа хасаад 3 826 900 төгрөг болж байгаа. Бид ирүүлсэн шинжилгээний баримтын хүрээнд дүгнэлт гаргаж 4 611 400 төгрөгийн дутагдал гарч байгаа учир үүнийг дүгнэлтээ болгосон.” Зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.М.Г- нь дээрх гэмт үйлдэлдээ шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.М.Г- нь “******* ” ХХК-нд учруулсан хохирол болох 4 611 436 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж энэ талаар маргаагүй тул түүнээс 4 611 436 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг эхний 10 сард сар бүр 460000 төгрөг, сүүлийн 11 дэх сард 471436 төгрөгөөр хэсэгчлэн хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 4-р баг, 21-р хороололд байрлах “******* ” ХХК -нд төлүүлж олгох нь зүйтэй байна.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шүүгдэгч М.М.Г-д холбогдох эрүүгийн 2018000000476 дугаартай хэрэгт Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нарын ажлын хөлс болох 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэлээ.
Хохирогч “Богд Ач хүү” ХХК-ий захирал Ө.Ө.Ж- “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хүлээн авч байна. Заавал хориулах санал алга. Хохирлоо л авмаар байна. Би хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Олон хүүхэдтэй гэж бодоод итгэл хүлээлгэсэн итгэлийг нь хөсөрдүүлж байгаад гомдолтой байна” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч талаас хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь 6-12 насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч М.М.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.М.Г-г 1 жил 10 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч М.М.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Г- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.М.Г-гаас 4 611 436 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг эхний 10 сард сар бүр 460000 төгрөг, сүүлийн 11 дэх сард 471436 төгрөгөөр хэсэгчлэн хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 4-р баг, 21-р хороололд байрлах “Богд ач хүү” ХХК -нд төлүүлж олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.М.Г-гаас 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгосугай.
7.Шүүгдэгч М.М.Г- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ