| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0113 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 166/2021/0107/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0107/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч С.С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-т холбогдох эрүүгийн 2118000000128 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ДУгаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг сэргээж уг ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан С.Э-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.С.Э- нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17-18 цагийн орчим гэртээ иргэн Б.Б.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, баруун хацрын төвгөр, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.С.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 28- ны өдрийн 17-18 цагийн орчим байрлах гэртээ хохирогч Б.Б.Т-ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.Э-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000128 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Б.Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний бие С.Э-ын гэрт очсон юм. Тэгээд бид хоёр Алтантүрүү гэх нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад нэлээн согтоод байж байсан чинь миний гар утсанд дуудлага ирсэн чинь С.Э- миний утсыг булааж аваад хардахаар нь би уурлаад “чи хүний утсыг яах гээд авч байгаа юм бэ” гэхэд С.Э- миний үснээс зулгааж байгаад гараа зангидаж байгаад миний дух руу цохичихсон юм. Тэгээд миний толгой сонин болоод нэг мэдсэн чинь духнаас цус гараад урсаад толгойгоо хагарсныг мэдсэн юм. Тэгээд чи миний толгойг хагалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь, яана аа би толгойг чинь хагалчихлаа, уучлаарай гэж хэлээд гэртээ байсан шархны лентээр духан дээр нааж өгөхөөр нь би гэрээс нь гараад шууд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь духнаас дахин цус гараад байхаар нь эмнэлэг дуудаад эмнэлгийн машин ирээд намайг Саран эмнэлэг дээр авчирч миний толгойнд 5-6 оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хх 16/,
“...С.С.Э- толгой руу цохисон үйлдлийнхээ дараа баруун хацар, баруун зүүн гуянд гараараа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Б.Б.Т-ын биед духанд шарх, баруун хацрын төвгөр, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх 30-31/,
Хохирогч Б.Б.Т-т эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 32-33/,
Шүүгдэгч С.Э- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 47-68/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 69/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд, дансны хуулга /хх 76-85/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас тодорхойлсон С.С.Э-ын хувийн байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолт /хх 90-91/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С.Э- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Б.Т- нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ