Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Энхтулга

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянга

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч: Прокурор Б.Энхтулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгаа нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтааар илрүүлсэн Х.Сэр-Од нь улсын хилээр зорчихдоо зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолсон гэх гомдол мэдээлэлд Х.Сэр-Одыг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Сэр-Одыг 100 нэгжээр буюу 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн материалыг хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэн Х.Сэр-Од нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оросын холбооны улсаас Монгол Улс руу нэвтрэн орж ирэхдээ зохих зөвшөөрөлгүй эм импортолсон асуудал нь Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Энэхүү зөрчлийг шалгаж илрүүлсэн нь зөв боловч, зөрчлийн тухай хуулиар харицлага хүлээлгэсэн шийдвэр хууль бус байсан гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тус хуулийн 29 дүгээр зүйлд энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд зөрчлийн хууль, эсхүл эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж тодорхой зааж өгсөн. Үүнээс үндэслээд гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх ёстой. Тус хуулиар эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийг албан хаагч хувийн сонирхлоор хуулийг зөрчсөн бол тухайн хүнд болон аж ахуй нэгжид хамтад нь зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл иргэн Х.Сэр-Одын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан буруу шийдвэрлэсэн нь хууль бус байгаа тул хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч Б.Уянга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянга би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулаг боомтод хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн Х.Сэр-Од нь улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр эмийн зүйлс импортолсон зөрчил гаргасныг илрүүлсэн. Иргэн Х.Сэр-Одын гаргасан зөрчил нь Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно, 15.9.3-д тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох гэсэн хориглох заалтыг зөрчсөн байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих, 6.6.2-т Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу иргэн Х.Сэр-Од нь өндөр настай, өөрийн гаргасан зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, алдаагаа ухаарсан байдал зэргийг харгалзан хялбаршуулсан журмаар хэргийг шалган шийдвэрлэж хуульд бусаар импортолсон эмийн зүйлийг хурааж 100.000 төгрөгөөр торгож, торгуулийг барагдуулсан болно. Миний гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд 0174003 дугаартай шйитгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.Сэр-Одыг улсын хилээр зорчихдоо зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 / нэг зуун мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь зөрчлийн материалыг хянаад аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчийн шалгалтаар илрүүлсэн иргэн Х.Сэр-Одын улсын хилээр зорчихдоо зохих зөвшөөрөлгүйгээр эм импортолсон гэх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан нь буруу байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0174004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.2-т Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж тусгаагүй хэдий ч хуулийн заалт нь зөвшөөрөлтэй этгээдийн явуулах үйл ажиллагааг дурдсан байх тул дээрхи заалт нь зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэд хамаарахаар байна.

Иймд иргэн Х.Сэр-Одын үйлдлийг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын дүгнэлт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймгийн хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Уянгын 0174004 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.6, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Уянгын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0174004 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.Сэр-Одод 100 нэгжтэй /нэг зуу/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 0174004 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Ханджав овогтой Х.Сэр-Одын торгуулийн төлбөрт төлсөн 100.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.БАЙГАЛМАА