Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1287

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01287

 

 

Л.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00725 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Заяад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд

Хариуцагч: О.Заяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхтуяа миний бие О.Заяатай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн билээ.

Гэвч зээлдэгч О.Заяа зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийг хүрээд байна. Бидний байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон бөгөөд Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу алдангид 6 000 000 төгрөг тооцож, үндсэн зээл 12 000 000 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

Иймд зээлдэгч О.Заяагаас 18 000 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.Заяа миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О.Гэрэлт-Одтой үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдан авах гэрээ хийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 11-256 тоотын хашаа байшинг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан билээ. Үүнд 30 000 000 төгрөгийг бэлнээр, 36 000 000 төгрөг Хаан банкны лизингээр,  4 000 000 төгрөгөнд “тоёот надиа” маркийн, 40-41 УБИ улсын дугаартай автомашинаа оролцуулж албан ёсоор тооцоогоо дуусган, үл хөдлөх эд хөрөнгийг албан ёсоор өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.

Харилцан тохиролцож наймаа дууссаны дараа О.Гэрэлт-Одын ээж гэх Л.Энхтуяа нь “манай нөхөр уурлаад байна, 10 000 000 төгрөг нэмээд өгчих” гэж хэлсэн.  Үл хөдлөх эд хөрөнгө нь 70 000 000 төгрөгөнд хүрэх байшин огт биш.

Гэвч Л.Энхтуяа, О.Гэрэлт-Од нар нь банкны өрөнд баригдсан зээл төлөлт нь хэтэрсэн гээд гуйгаад байхаар нь туслаж байна гэж бодсон юм. Бүх тооцоо дууссаны дараа 10 000 000 төгрөг нэмж төл гэхэд нь би “та нарын хашаа байшинг хангалттай өндөр үнээр авсан. Дахин нэмж мөнгө өгөхгүй. Өгөх мөнгө ч байхгүй. Хэрвээ тийм дээрээ тулвал наймаагаа буцаая. Би мөнгөө авъя та нар энэ байшингаа ав” гэж хэлж байсан.

Гэтэл Л.Энхтуяа нь “нөхөртөө үзүүлэх гэсэн юм.  Хоёулаа хуурамч гэрээ хийгээд  нөхрийн санааг амраачъя” гэж хэлсэн. Маргааш хүү О.Гэрэлт-Одтойгоо ирэн намайг гуйж, хоёр талаас бараг татаж 100 айл нотариат орон хуурамч зээлийн гэрээ хийсэн. Нотариатын залуу хүртэл мөнгө хүлээлцсэн зүйл байхгүй болохоор энэ гэрээ чинь  хүчин төгөлдөр биш шүү гэж хэлж байсан.  Надад өгөх ёстой гэрээний 1 хувийг ч өгөөгүй. Ингэж хүнийг дарамталж, хүч хэрэглэн анхнаасаа хууран мэхлэн залилан авсан гэрээ барьчихаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад нь би туйлын  гомдолтой байгаа бөгөөд эрс эсэргүйцэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  хариуцагч О.Заяад холбогдуулан үндсэн зээл 12 000 000  төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан  гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий Л.Энхтуяа, О.Заяа нарын хооронд байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн эх хувийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ба уг зээлийн гэрээний ард талд хариуцагч О.Заяа нь  12 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авав хэмээн бичиж гарын үсэг зурсан гэдгээ шүүх хурлын явцад өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс хэн, хэнд хэдэн төгрөг өгсөн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талаас удаа дараа тодорхой мөнгө нэхэмжлэгч талд өгч эвлэрэх санал гаргаж байсан зэргээс үзэхэд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж 12 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн болох нь тогтоогдож байгаа билээ.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Энхтуяа нь хариуцагч О.Заяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 5 болон 84 дэх талд авагдсан зээлийн гэрээ гэх бичгийн баримтад Л.Энхтуяа нь О.Заяад 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлсэн агуулга тусгагдаж, гэрээний талууд гарын үсэг зуржээ.

 

Хариуцагч О.Заяа нь зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан боловч баримтаар гэрээ байгуулаагүй гэх тайлбарын үндэслэлээ нэхэмжлэгч Л.Энхтуяагийн хүү О.Гэрэлт-Одтой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 11-256 тоотод оршин байх хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 70 000 000 төгрөгөөр худалдаж авсан, үнийг төлсөн, өөрт нь мөнгө зээлэх шаардлага байгаагүй, Л.Энхтуяа нь бусдад их хэмжээний өр төлбөртэй гэж тодорхойлжээ.

О.Заяа нь дээр дурдсан хаягт оршин байх хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг иргэн О.Гэрэлт-Од, И.Оюунбаатар нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан, тэрээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн талаар маргаагүй байна.

 

Л.Энхтуяа, О.Заяа нар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 2 өдрийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр О.Заяа нь 39 000 000 төгрөгийг хашаа байшингийн үлдэгдэл гэх зориулалтыг тодорхойлон мөнгийг 5063036696 тоот дансаар шилжүүлжээ.

 

Дээрхи үйл баримтаас дүгнэвэл зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь эргэлзээтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй болно.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай Л.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ 

 

                                              ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ 

                       

                                                                                         Э.ЗОЛЗАЯА