Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Ө, Н.Н, Р.Ц, М.С, П.М, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.С, Б.Ба, А.Бя

Нэхэмжлэгч М.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Нэхэмжлэгч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цээ

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.МБ

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

Хэргийн индекс: 128/2022/0288/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 937 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.М, Б.Ө нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-т заасныг баримтлан Н.Н, Р.Ц, М.С, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нараас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а дугаар байрны баруун талын гараашууд-ын Н.Н, Р.Ц, М.С, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нарт хамаарах хэсгийг болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХХХХХХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгон” тус тус шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус байршил дахь гараашуудад газрын гэрээ, гэрчилгээ олгох нь захиргааны байгууллагын үүрэг гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид нийслэлийн Засаг дарга нь авто машины гараашийн зориулалтаар иргэнд газар эзэмшүүлэх эрх байхгүй, үүрэг хүлээгээгүй болно. Иймд Газрын тухай хуулийн ХХХ дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төр өөрийн өмчийн газраа чөлөөлсөн байна. Мөн “Газрын тухай” Монгол Улсын хуулийн “ Газар эзэмшүүлэх” гэсэн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ        хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг иргэн Н.Н, Р.Цагаанмаа, М.С, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нар нь зөрчин газар эзэмших ямар ч зөвшөөрөлгүй байхад шүүх маргаан бүхий гараашнуудын газрыг эзэмшиж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Н.Н, Р.Цагаанмаа, М.С, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмшүүлэх гэрээгүй бөгөөд уг газрыг эзэмшүүлэх тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны захирамж, шийдвэр гараагүй байна. Иргэн Н.Н, Р.Цагаанмаа, М.С, О.Г, Ц.Н, А.С, Л.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нар нь дээрх газрыг “Газрын төлбөр тогтоох тухай акт”-аар түр ашиглаж байсан бөгөөд газрыг түр ашиглаж байсан иргэдэд газар чөлөөлөх шаардах хуудас, мэдэгдлийг олгосон байхад энэ талаар шүүх анхаарч үзээгүй байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байхад тус чөлөөлсөн газарт дээрээ иргэдийн амарч, зугаалах тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга”-ыг барих Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга”-ыг барих 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХХХХХХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийтийн эрх ашгийн хүрээнд тухайн газарт барилгын зураг төсөл хийхэд өгч байгаа анхан шатны зөвлөмж юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.  Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс “нэгэнт тус байршил дахь гараашууд нийслэлийн Засаг даргын 1997 оны 0ХХХ дугаар сарын 02-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар “Т” ББХК-д ашиглах эрх олгосноор баригдсан, зөвшөөрөлтэй тул газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын гэрээ, гэрчилгээ олгох нь захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд нэхэмжлэгч иргэд дээрх хуульд зааснаар хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй боловч газрын . . . газрын төлбөрөө төлж байхад болх талаар тайлбарлаж байсан тул . .. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар магаан бүхий гараашуудыг эзэмшиж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх байршилд гарааш барих эрх нь Газрын тухай /1994 оны/ хууль хэрэгжиж эхлэхээс хойш өмнө үүссэн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан гэх үндэслэлд хамаарна. Нэхэмжлэгч нарын хувьд гарааш байршиж байгаа газрын хувьд анх эзэмшүүлсэнтэй огт маргаагүй бөгөөд тухайн эзэмшүүлсэн шийдвэр, зөвшөөрлийн дагуу газар эзэмшигч нь хугацаа сунгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Тухайн маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх хугацаа сунгасан, газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийг огт хийлгэж байгаагүй, тэр талаар ч хүсэлт гаргаж байгаагүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу “зохих зөвшөөрөлгүй" гэж үзэж байна. Мөн шүүхээс Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар магаан бүхий гараашуудыг эзэмшиж байсан гэж үзэхээр байна" гэж баримтлан шийдсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар  эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасныг тус тус зөрчсөн. Иймээс маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

            1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 101 дэх хэсгийн нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            1.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг үндэслэн нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар /101-д/ баталсны дотор нэхэмжлэгч  иргэдийн гарааш байрлаж буй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 30а байрны баруун талын газар хамрагджээ.

1.2. Хэрэгт нэхэмжлэгч иргэд тухайн гараашийг одоо эзэмшиж, ашиглаж байгаатай холбоотой Н.Н 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ч. Р.Ц 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Ж-гаас, А.С 1997 оны 0ХХХ дугаар сарын 31-ний өдөр “С” ХХК-аас тус тус худалдан авсан гэрээ,  Ц.Нийн 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 жилийн хугацаагаар байгуулсан газар ашиглах гэрээ, Ч.Сгийн 2017 онд 475200 төгрөг, О.Ггийн 2016 онд 95040 төгрөг, М.Эгийн 2013 онд 19080 төгрөг, А.Бяийн 2017-2019 онд жил бүр 95040 төгрөг, Г.Бод “С” ХХК-аас гараашийн 21 тоот боксыг олгосон тухай тодорхойлолт, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн газрын төлбөрийг тодорхойлох тухай акт, Б.Баын 2013 онд 190,080 төгрөг, 2016 онд 285120 төгрөг, 2018 онд 237600 төгрөг, 2019 онд 95040 төгрөг, 2020 онд 95040 төгрөг газрын төлбөрт төлсөн баримтууд авагдсан боловч эдгээрийг үндэслэж нэхэмжлэгч нарын гараашийн доорх газрын эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэхээргүй байна.

1.3. Гэтэл анхан шатны шүүх “дээрх баримтууд болон газрын төлбөр төлж байхад болох талаар мэтгэлцэж байх тул нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 7.1-д зааснаар газрыг эзэмшиж байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

1.4. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 464 дүгээр шүүхийн шийдвэрээр иргэн Л.Б-гийн гарааш байрлаж буй 13 м.кв газарт холбогдох хэсгийн талаар шийдвэрлэсэн, энэ хэргийн нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн талаар шийдвэрлээгүй байхад “дээрх гарашуудын газрыг иргэд эзэмших эрхтэй ... нь уг шийдвэрээр тогтоогдсон” гэж анхан шатны шүүх буруу дүгнэжээ.

1.5. Учир нь нэхэмжлэгч нар нийслэлийн Засаг даргын 1998 оны А-122 дугаар захирамжаар /1 дэх заалт, 2 дугаар хавсралт 2-т/ шинээр барих төвлөрсөн гараажийн байршлыг баталсны дотор 60 машины давхар гаражийн барилгыг Чингэлтэй дүүргийн ХХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагуудын орон сууцны зүүн талд барихаар тусгагдсаны дагуу зөвшөөрөлтэйгээр баригдсан гараашийн өмчлөгч, зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж маргаж байх боловч Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх олгогдоогүй, газар эзэмших, ашиглах гэрчилгээ, гэрээ байгуулагдаагүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй байна.

1.6. Гэвч захиргааны байгууллагын зүгээс 1998 оноос хойш 24 жилийн турш Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 57 дугаар зүйлд зааснаар газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулалгүй, нэхэмжлэгч нарын зөвшөөрөлтэйгээр барьсан гараашаа ашиглах боломж олгож байсан, нэхэмжлэгч нарын төлж байсан төлбөрийг гараашийн барилгаа эзэмшиж ашигласаар ирсэнтэй холбоотой газар ашигласны төлбөр гэж үзэх бөгөөд энэ нь газрыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй.

1.7. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг батлахдаа нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашуудыг хамруулсны улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсоор газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

1.8. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 20.2.2-т олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхгүй ... байхад нэхэмжлэгч нарын эрхийг зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээж авч хангах үндэслэлтэй.

1.9. Мөн нэхэмжлэгч нар сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... гарааш дээр мэдэгдэл наасны дагуу очиж уулзахад ... гэж хэлсэн” гэх тайлбараас үзвэл мдэгдээгүй гэж заасныг хэрэгжүүлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХХХХХХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Уг архитектур төлөвлөлтийн даалгавраар дээрх нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний замын тохижилтын ажлыг хийх, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, дүгнэлт гаргах, газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, шаардагдах зардлыг санхүүжүүлж ажиллахыг холбогдох агентлаг, газруудад үүрэг болгожээ.

2.2. Анхан шатны шүүх “... нийслэлийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, ... иргэдийн амарч зугаалах тохижилт бус “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга” барих даалгавар олгосон нь хууль зөрчсөн ...” гэж дүгнэж даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.3. Учир нь нэгэнт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөхөөр шийдвэрлэсэн газрын ашиглалт, зориулалтыг үр ашигтайгаар зохион байгуулж, тухайн байршилд нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж дээрх бүтээн байгуулалтыг хийхээр Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, ... 9.1.4-д “аймаг, нийслэлийн хөгжлийн төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг Счлан зохион байгуулах”, 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байхад тухайн газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт заавал эзэмшүүлэх эсэх,  тухайн газрыг ямар зориулалтаар, яаж ашиглахаар шийдвэрлэснийг зөв, буруу эсэхэд дүгнэлт хийх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг биш бөгөөд гагцхүү нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бус актын улмаас зөрчигдсөн тохиолдолд хамгаалах үүрэгтэй.

2.4. Дээр дурдСр Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарт хууль ёсоор газар эзэмших эрх нь үүсээгүй, тухайн газрыг зөвхөн нэхэмжлэгч иргэд гараашийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байх тул нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаж буй газар дээр “... авто зогсоолын” зориулалттай барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсныг шүүх хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

2.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.6. Харин тухайн гараашуудыг 1998 онд зөвшөөрч бариулж байсан зорилго, одоогийн маргаж буй 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХХХХХХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын “Дээрээ тохижилт бүхий газар доорх автозогсоолын барилга” барих зориулалтаас үзвэл тухайн нутаг дэвсгэр орчимд автозогсоолын хүрэлцээгүй байдлыг харгалзан шийдвэрлэсэн байх тул дээрх захиргааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч иргэд тухайн газарт баригдах авто зогсоолоос зохих журмаар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 937 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, “2. Газрын тухай хуулийн ХХХ дугаар зүйлийн 5.1, 20 дугаар зүйлийн 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н, Р.Ц, М.С, О.Г, Ц.Н, А.С, М.Э, Г.Б, Б.Ба, А.Бя нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн /хавсралтын 101 дэх хэсэг/ нэхэмжлэгч нарт хамаарах хэсэг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны ХХХХХХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ