| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0116 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0112/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч С.С.В- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.В-ид холбогдох эрүүгийн 2118000000127 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С.В-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.С.В- нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” дотор Л.Л.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн, зүүн хажуу хананд зөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.В- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.С.В- нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” дотор үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Л.Л.О-ын нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.В-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000127 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Л.Л.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ажил болох Дархан сумын 7 дугаар баг, Шинэ захын гадаа байрлах үр, жимс зардаг лангуу дээр зогсож байтал өмнө цуг ажилладаг байсан Дулмаагийн нөхөр С.В- гэх залуу лангуун дээр ирсэн. Тэгэхээр нь би сайн байна уу гэж мэнд мэдсэн чинь чи намайг хулгайч шиг үзлээ гэхээр нь юу яриад байгаа юм би тэгж үзсэнээ ерөөсөө санахгүй байна, тэгсэн бол уучлаарай гэсэн чинь битгий солиор гэж хэлээд миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиод зугтаасан.” гэх мэдүүлэг /хх 07/,
Гэрч А.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 сарын 15-ны өдөр 15:00 цагийн орчим байхаа би өөрийн түрээсэлдэг лангуун дээрээ зогсож байхад гаднаас С.С.В- орж ирээд Л.Л.О-ын түрээсэлдэг лангуун дээр очиж байсан. Тэгээд би өөрийн лангуун дээрээ сууж байхад С.С.В- захаас гараад явсан. Тэгсэн Л.Л.О- С.С.В- намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Л.Л.О-ын лангуун дээр очиход Л.О-ын нүүр нь хавдсан байсан. Тэгээд Л.Л.О- цагдаа явлаа гээд захаас гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Ж.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Л.О- ирээд лангуугаа янзлаад лангуун дээрээ сууж байхад гаднаас С.С.В- орж ирээд Л.Л.О-ын түрээсэлдэг лангуу дээр очиж байсан. Тэгээд би С.С.В-ийг Л.Л.О-ыг цохиод авна гэж огт бодоогүй байж байхад С.С.В- Л.Л.О-ыг цохиод миний хажуугаар их хурдан гүйгээд гарсан. Тэгээд би яасан юм бол, энэ хоёр маргалдсан юм байх гэж бодоод байж байхад Л.Л.О- ёо ёо гээд хашхирсан. Тэгээд би Л.Л.О-ын лангуун дээр очоод харсан чинь Л.Л.О-ын нүүр нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
Хохирогч Л.Л.О-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 20-21/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Л.Л.О-ын биед хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн, зүүн хажуу хананд зөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх 22-23/,
Шүүгдэгч С.С.В-ийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх 40/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 43-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С.В- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.С.В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч С.Л.О- нь “хохирол төлбөрт 1000000 төгрөг өгч хохирол барагдуулсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх 45, 59/ гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэхд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан прокуророос ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.В-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.В-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.В-ид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.В- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.В-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.В-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ