| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0125 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0120/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагч Ч.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,
Шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-ад холбогдох эрүүгийн 2118000000130 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “ ******* ” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.А-,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.С.А- нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү 15 настай Г.Г.Б-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэртээ өөрийн төрсөн хүү болох 15 настай Г.Г.Б-ыг “гар утсаараа тоглолоо” гэж агсам тавьж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.С.А-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000130 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Насанд хохирогч Г.Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “5:00 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Хэсэг хэвтэж байгаад гэнэт босож ирээд манай 3 дүү болох О-, Г-, О-нарыг нэг, нэгээр нь дуудаж орныхоо хажууд аваад өөрөө орон дээрээ хэвтэнгээ дүү нарын толгой руу нь баруун гараа зангидаж байгаад нэг, нэг удаа цохисон. Тэгснээ буцаад унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа аав сэрсэн, тэр үед нь би А- ахын утсаар ээжтэй ярьж дуусаад утсаа хажуудаа тавиад орон дээр сууж байсан чинь аав босож ирээд толгой руу зүүн гараа зангидаж байгаад 3 удаа цохисон. Нэг удаагийн цохилт нь миний нүд рүү таарсан, тэр үед их өвдсөн, тэгснээ баахан хараал хэлээд байсан. Намайг ална гээд заналхийлээд байсан.дараа нь би дахин ээж рүү аав намайг зодлоо гээд ярьсан.
“...2021 оны 01 сарын 3-ны шөнө 23:00 цагийн орчим би гал тогооны өрөөнд утсаараа оролдоод сууж байхад аав гэнэт босож ирээд миний толгой руу /ар дагз руу/ цохисон, тэр үед нь би эргэж хараад цааш нь түлхсэн чинь хоёр гарын бугуйгаар миний хоолойг боосон, тэр үед нь би газар унахад ээж босож ирээд салгасан, тэгээд л бид нар ор, орондоо ороод унтсан”.
“...2021.04.05-2021,04.06-ны өдрүүдэд аав согтуу байсан, дандаа гаднаас архи уучихаад ирдэг, 2021.04.06-ны өдөр согтуу ирээд манай гэрээс зайл гээд орилсон чинь 3 дүү айгаад бид нар А- ахын хажууд сууж байсан чинь аав бид нарыг босгоод орны буланд зогс гэж хэлээд зогсоогоод тэгснээ намайг цохих гээд гараа далайсан, гэхдээ цохиогүй, цамцны захаар миний хоолойг боосон, Аскар ах салгасан”.
“...2021.04.06-ны шөнө аав гэнэт босож ирээд хоол идсэнээ ээжийн хөл рүү нь өшиглөсөн, ээжийг боссон чинь дээрээс нь шүлсээ хаясан, тэгээд та нарыг унтах юм бол хоолойг чинь хэрчинэ шүү гээд орилоод байсан, би сэрүүн хараад хэвтэж байсан, ээж өглөө 06 цаг хүртэл гал тогооны өрөөнд сууж хоносон”.
“...Дүү нарыг бол боож байсан удаа байхгүй, намайг бол архи уусан үедээ ирээд миний хоолойг боодог, заамдаж аваад миний дээр гардаг заримыг нь би санахгүй байна, гэхдээ цагаан сарын битүүний өдөр /2021.02.12-ны өдөр/ согтуу ирээд, тэгснээ над руу гэнэт дайраад миний цамцнаас заамдаж аваад намайг орон дээр унагаад миний дээр гарсан, үүнээс хойш боож, заамдсан удаа байхгүй байж байгаад саяхан 2021,04.06-ны өдөр цамцны захаар миний хоолойг боосон.” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би хүүхдүүдтэйгээ гэртээ байж байтал 19 цагийн үед А- согтуу гэртээ ирээд бид нарыг манай гэрээс зайлцгаа явцгаа гэж дарамтлаад хүүхдүүдээ бүлтэгнүүлээд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдээд байж байснаа том хүү Г.Б-ыг ар дагз руу толгой руу нь гараараа цохиод цааш нь түлхээд 2 гарын бугуйгаар нь хоолойг нь боогоод хүчирхийлэл үйлдээд байхаар нь болиулсан. 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шөнө 03 цагийн үед гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Тухайн үед манай гэрт А- гэх төрсөн ах хөгжлийн бэрхшээлтэй ярьж чадахгүй автын осолд орсон харвасан ах нь болон миний 4 хүүхэд байсан. С.А- нь гэрт орж ирээд том хүү Г.Б- гар утсаараа тоглоод сууж байсан чинь хоолойг нь гараараа боогоод газар унагаагаад савтай ус хагалаад агсам тавьсан. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр орой 17 цагийн үед ажиллаа тараад гэртээ орж иртэл гал тогооны өрөөний пийшингийн хажууд дунд охин Г- зогсоогоод чи надад хайртай юу гэж асуугаад охин Г- маань айсандаа юм хэлж чадахгүй нүд нь бүлтэлзээд зогсож байсан.
“...Тэгээд тэр өдрөө С.А- архиндаа унтаж өгөхгүй бид нарыг хэл амаар доромжлоод зайлцгаа манай гэрээс яв гээд орилоод хүүхдүүдээ айлгаад том хүү Г.Б-ыг цамцны захаар боосон юм. Тэр шөнөө би хүүхдүүдийнхээ хажуугаар газар хэвтэж байсан чинь бос зайл гээд хөөж байснаа нүүрэн дээр шүлсээ хаясан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө унтаж байхад архи нь гарчихсан эрүүл шахуу байхдаа миний толгой руу ямар ч шалтгаангүй цохихоор нь би гайхаад яаж байгаа юм бэ ямар учраас миний толгой руу цохиж байгаа юм гэхээр чи зайл гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 85-86/,
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү Б.Г- нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт хүүхдүүдээ дагуулаад ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр С.А- согтуу ирээд том хүү Б- зодоод бид нар айсандаа хүрээд ирлээ гэсэн. Г.Б-ын нүд нь улаан хөх туяа орчихсон улайлттай болчихсон байсан. Г.Б- ахыг аав цохисон гэж орил гээд доод талынх нь дүү нь надад давхар бас хэлсэн.
“...Б.Г- хүүхдүүдтэйгээ манайд 10 хоноод явсан. 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагаан сарын битүүний өдөр Б.Г- хүүхдүүдээ дагуулаад С.А- согтуу агсам тавиад байна. Г.Б-ыг утсаар тоглолоо гээд боож унагаагаад зодсон гэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Г- над руу залгаад С.А- согтуу ирчхээд хүүхдүүдтэй минь хамт намайг манай гэрээс зайлцгаа гээд орилж чарлаад хүүхдүүд айлгаад байна гэж над руу ярьсан.” гэх мэдүүлэг /хх 88-89/,
Насанд хүрээгүй гэрч А.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав минь өмнө нь шалтгаангүйгээр миний толгой руу цохисон. Архи уугаад орж ирэхээрээ манай гэрээс явцгаа гээд орилоод бид нарыг хөөдөг. Ээжтэй муухай харьцаад бид нарыг хөөгөөд бид нар эгчийнд хонодог. Г.Б- ахыг утсаар тоглоод байна гээд зоддог.” гэх мэдүүлэг /хх 101/,
Насанд хүрээгүй гэрч А.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг аав буланд эгнүүлээд зогсоож байгаад цохих гэж байснаа том ах Г.Б-ын дух руу няслаад “за явцгаа” гэж хэлсэн”
“...Манай 2 дүү Г-, О-нарын толгой руу нэг удаа цохиж байсан. Г.Б- ахыг харин утсаар тоглодог гээд цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх 102/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Г.Г.Б-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Г.Г.Б-ын биед илэрсэн дээрх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх 33-34/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 54/21 дугаартай магадлагаа:
1.2. С.А- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.
3. С.А- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно.
4. С.А- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно” /хх 108/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Г.Б-ын насыг тоолсон тухай тэмдэглэл /хх 79/,
Г.Г.Б-, А.Г-, А.О-, А.О- нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.С.А-, Б.Г- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 58, 62-63/,
“Та*****с” ХХК-ийн “С.А- нь хэвлэгчээр ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх 61/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 64-71/,
Шүүгдэгч С.С.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 57/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү Г.Г.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан халдашгүй байх эрх чөлөөнд нь халдаж байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг, “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хууль тогтоогчоос насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заажээ.
Хохирогч Г.Г.Б- нь 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Насанд хүрээгүй хохирогч Г.Г.Б-ын хууль ёсны төлөөлөгч А.М- “С.С.А-ыг амлалтад хүрч, хүүхдүүдэд цаг гаргах, хүүхдийг сонсох, хүүхэдтэй хамт цагийг өнгөрөөх болон дахин ийм үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж, манай байгууллагаас хамтран ажиллах болно. Тийм учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна.” гэсэн тул /хх 125/ шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгч С.С.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.А-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч С.С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.С.А- нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ