Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0135/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Ц.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Ө.Ө.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-ад холбогдох эрүүгийн 2118000000136 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 11 сарын 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Ө.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Ө.Б- нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Н.О-тай маргалдан улмаар түүний зүүн гуя хэсэгт хутгаар хатгаж, толгой руу цохиж эрүүл мэндэд зүүн гуянд шарх, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ө.Ө.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Найздаа хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн  2118000000136 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр...А- гэрт очоод А- Б- авсан хонины махыг чанаад харин би Ө.Ө.Б-, Г.Б- нарын хамтаар унтлагын өрөөнд орсон. Харин энэ үед Ө.Ө.Б- бид нарын байсан унтлагын өрөөнд Г.Б- маргалдаад байхаар нь би тэр хоёрыг тоолгүй байж байгаад гаднаас мод хагалж орж ирээд зуухны өмнө тавьчихаад гал түлэх гэж байхад Ө.Ө.Б- намайг унтлагын өрөө рүү ороод ир гээд дуудсан. Би тэгэхээр нь яасан юм бэ андаа гээд очтол унтлагын өрөөний орон дээр намайг түлхэж суулгаад тэнд мах идэж байсан бор шаргал өнгийн иштэй хутгыг баруун талын ханцуйнаас гаргаж ирээд чи муу миний дургүйг хүргэсэн шүү, би бас судас олж чаддаг шүү гэж надад хэлээд зоосон. Миний зүүн гуя руу нэг удаа тэр хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ андаа гэтэл миний толгой руу нөгөө хутгаа шидэхдээ “толгой дээр чинь хутга зооно шүү” гэж хэлсэн. Тэр үед би дахиад хутгаар өөрийгөө зоолгуулах вий гэж айгаад Ө.Ө.Б-ад “андаа би гараад мод хагалаад аваад ороод ирье” гэж хэлээд гарахад Ө.Ө.Б- надад “чи зүгээр алхаад явна шүү” гэж хэлсэн. Тэгэхэд би айсандаа шууд гараад явчихсан. Гарахад гал тогооны өрөөнд С.А- байсан” гэх мэдүүлэг /хх 22-23

            Гэрч С.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтлагын өрөөнд Ө.Ө.Б-, Г.Б-, Н.Н.О- 3 хонины чанасан мах идээд пиво хуваагаад ууж байсан. Би ч гэсэн тэрнээс нь хувааж уусан. Харин тэгж ууж байгаад Н.Н.О-, Ө.Ө.Б- 2 намайг гал тогооны өрөөндөө хоол хийж байхад маргалдаад эхэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Харин миний сонссоноор Ө.Ө.Б-, Н.Н.О-т хандаж “би хүний судас олж хатгадаг шүү” гээд мах идэж байсан бор өнгийн иштэй, миний ногоо арилгадаг хутга барьчихаад маргалдаад байсан. Тэгээд удалгүй Н.Н.О- гараад явахдаа надад гараа харуулахад гар нь цус болсон байсан. Надад хэлэхдээ юунаас болоод яагаад цус болсон талаар хэлээгүй. Тэгээд би унтлагын өрөөнд ороход орны өмнө миний ногоо арилгадаг бор өнгийн иштэй хутганы ишийг нь хугалчихсан байсан болохоор нь би цонхоор гаргаад шидсэн.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

 

            Гэрч Г.Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С.А- ах миний авсан хонины мах чанаад оруулаад тавихад Ө.Ө.Б-, Н.Н.О- нар бол шаргал иштэй хутгаар идэж байсан, харин би гал тогоонд ногоо арилгаад, харин С.С.А- ах хоол хийж байсан. Энэ үед Ө.Ө.Б-, Н.Н.О- нар нэлээд согтчихсон хоорондоо маргалдаад байсан. Яг юунаас болоод маргалдаад байгаа талаар мэдээгүй. Тэгээд би ногоо арилгачихаад том өрөөнд ороход Н.Н.О- зөрөөд гарсан. Би тэр үед яагаад гараад явж байгаа талаар мэдээгүй. Харин дараа нь цагдаа нар ирэхэд Н.Н.О-ыг Ө.Ө.Б- хутгалсан талаар мэдсэн. Тухайн үед бид нар Буян зах дээр 500 грамм савлагаатай 2 найруулсан архи уучихаад 59 дүгээр брак байр орж, тэндээс дахиж архи авчихаад тэрийгээ уусан учраас бид нар бүгдээрээ нэлээд согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

            Гэрч Г.Т- мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр намайг ажил дээрээ байж байхад 15 цагийн орчим Буян захын хажуу талаар толгойт руу явдаг нэг урсгалтай замаар толгойт талаас уруудаад Н.Н.О- ганцаараа ирээд надад хандаж “ахаа та цагдаа дуудаад өгөөч, би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа дуудсан. Тухайн үед миний харснаар зүүн талын өмдний шуумаг хэсгээс цус дусаж байсан. Өөрөө надад хэлэхдээ “Бэхээ миний толгой руу хутгаар цохисон, дараа нь гуя руу хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Н.Н.О-ын биед зүүн гуянд шарх, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир, үзүүртэй зүйлийн нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 45-46/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/,

 

Шүүгдэгч Ө.Ө.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 66-72/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 90/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 91-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ө.Ө.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “чи миний дургүйг хүргээд байгаа шүү” гэж хэлэн хохирогч Н.Н.О-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдан зүүн гуянд хутгалж, толгой руу хутга шидсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Түүний үйлдлийг хохирогч Н.Н.О-ын...” чи муу миний дургүйг хүргэсэн шүү, би бас судас олж чаддаг шүү гэж надад хэлээд зоосон. Миний зүүн гуя руу нэг удаа тэр хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ андаа гэтэл миний толгой руу нөгөө хутгаа шидэхдээ “толгой дээр чинь хутга зооно шүү” гэх мэдүүлгээр, гэрч С.С.А-ын...” Ө.Ө.Б-, Н.Н.О-т хандаж “би хүний судас олж хатгадаг шүү” гээд мах идэж байсан бор өнгийн иштэй, миний ногоо арилгадаг хутга барьчихаад маргалдаад байсан. Тэгээд удалгүй Н.Н.О- гараад явахдаа надад гараа харуулахад гар нь цус болсон байсан” гэх мэдүүлгээр, гэрч Г.Т-...”Н.Н.О- ганцаараа ирээд надад хандаж “ахаа та цагдаа дуудаад өгөөч, би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа дуудсан. Тухайн үед миний харснаар зүүн талын өмдний шуумаг хэсгээс цус дусаж байсан” гэх мэдүүлгээр, Шүүх шинжилгээний албаны 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 249 дүгнэлтийн ...” Н.О-ын биед зүүн гуянд шарх, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэснээр тус тус нотлон тогтоожээ.

 

Шүүгдэгч Ө.Ө.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Н.О- нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар өгсөн тул шүүгдэгч Ө.Ө.Б-ыг бусдад төлөх төлбөргүй байна үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Ө.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б- эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ...”Ө.Ө.Б-ад ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж буй ялтанд хуульд зааснаар эдлээгүй үлдсэн ялыг хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоодог ба хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж нэмж нэгтгэхээр зохицуулжээ.

 

Шүүгдэгч Ө.Ө.Б- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болох нь хэрэгт  авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж нотлогдож байгаа ба /хх-66-69/ хяналтын хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. 

 

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Ө.Б-ад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Ө.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.Б-ыг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.Б-ад Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 274 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 02 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 02 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.    

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.Б-ад оногдуулсан 02 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            6.Шүүгдэгч Ө.Ө.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлгэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Ө.Б-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ