Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0139/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ц.Ц-,

Шүүгдэгч П.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 2018004640149 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1979  оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.О-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Ж.О- нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дотор иргэн Д.Д.Э-гийн “Самсунг А51” маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч П.Ж.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Ж.О- 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багт байрлах “Дархан” худалдааны төвөөс “Самсунг А51” маркийн гар утас санамсаргүйгээр олсон боловч тухайн эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөгүй, өмчлөгч эзэмшигчид эргүүлэн өгөх санаагүйгээр өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч П.Ж.О-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018004640149 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Д.Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дархан сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” дотор явж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тухайн үед өөрөө утсаа хайгаад, захын камер шүүгээд утсаа үлдээсэн байж болзошгүй лангууны хүмүүстэй уулзаад олдохгүй болохоор орхичихсон байсан юм. Саяхан манай танил алдсан, гээгдүүлсэн утасны хайрцаг сав нь байвал цагдаа нар олдог гэхээр нь Дарханы Мобикомоос асуухад Цагдаагийн газраас албан тоот ирвэл шүүж өгнө гэсэн.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Самсунг А51” маркийн 64 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 850000 төгрөг байна. /хх 17-18/,

 

Шүүгдэгч П.Ж.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх 38-40/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-51/, оршин суух хаягийн лавлагаа /хх 52/, Ч.Э- төрсний гэрчилгээний хуулбар /хх 44/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Ж.О- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч П.Ж.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.

 

Хохирогч Д.Д.Э-гийн “хохирол төлбөр 850000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгч П.Ж.О-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.О-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж.О-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж.О- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ