Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0148/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Т.Д-,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-од холбогдох эрүүгийн 2118000000175 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1950 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мал малладаг, ам бүл 1 ганцаараа, оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 02 цагийн орчим Дархан-Уул аймаг Орхон сум Баян- Өлзийт 1 дүгээр баг 37-ын тохой гэх газар иргэн Д.Д.Д-ийн гэрт Х.Х.Б-г хутгаар хатгаж эрүүл мэндэд хэвлийн өмнө хананы баруун доод хэсэгт шарх бүхий хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ш.Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг ярьсан.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 02 цагийн орчим Дархан-Уул аймаг Орхон сум Баян- Өлзийт 1 дүгээр баг “37-ын тохой” гэх газар иргэн Д.Д.Д-ийн гэрт Х.Х.Б-г тооноор орж ирсэн гэдгээр шалтаглан хэвлийн баруун доод хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ш.Ш.Б-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000175 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Х.Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 сарын 12-ны шилжих шөнө бид нар буюу М- болон Ш.Б- болон Д.Д- гээд хүүхэн бид нар муушиг тоглоод пиво уугаад сууцгааж байгаад гэр гэртээ унтацгаасан юм. Тэгээд миний бие ганц бие дээрээс нь Д.Д- гэдэг хүүхэн ганц бие байхад найзууд минь бид хоёрыг танилцуулна гэж ярьж байсан юм. Тэгээд шөнө дунд би Д.Д- гэдэг хүүхэнтэй уулзах гээд цаад талын гэр лүү орох гэсэн чинь хаалга нь цоожтой байхаар нь гэрийнх нь тооноор дотогш орсон. Гэтэл орон дээрээс хүн босож ирээд над руу гараа чиглүүлэх шиг болсон чинь шуу, цавь хэсэг нойтон оргиод бариад авсан чинь хар иштэй хутга байсан. Тэгээд би хутгалуулчхаад найз Мөнхбаатарын гэрт орсон чинь ухаан балартаад нэг мэдсэн чинь цагдаа эмч ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

            Гэрч Д.Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 12-ны 01 цаг 30 минутын үед өөрийн гэр болох Орхон сум Баян-Өлзийт 1 дүгээр баг 37-ын тохой гэх газарт гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан юм. Тэр үед гэрийн тооноор нэг эрэгтэй хүн орж ирэх гэж байхаар нь би айгаад орилсон чинь Ш.Ш.Б- ах сэрээд ширээний дээр байсан хутгыг аваад тэр залуугийн доороос нь хөл хэсэг рүү нь 1 удаа хутгалчихсан юм. Тэгээд тэр залуу буугаад яваад өгсөн. Ш.Ш.Б- ах хүнтэй архи уусан юм гээд манайд орж ирээд унтаад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

            Гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед найз болон Х.Б- хөрш айлын Ш.Б- ах бид 3 Орхон сум Баян-Өлзийт 1 дүгээр баг хөдөө гэх газар байх манай гэрт Боргио нэртэй том савтай пиво 2 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй Монгол стандарт нэртэй архи 1 шилийг хувааж уугаад шөнө 01 цагийн үед байх дуусаад Ш.Ш.Б- ах гэр рүү гээ яваад өгсөн юм. Би гэртээ унтсан юм. Тэгээд найз болох Х.Х.Б- орилоод гаднаас ороод ирсэн юм. Би юу болсныг асуухад өвгөн намайг хутгалчихлаа гээд хөлөө бариад байсан. Түүний баруун хөлийнх нь ташаа цавь хэсэгт цус болсон байсан юм. Тэгэхээр нь эмнэлэг дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Х.Х.Б-гийн биед хэвлийн өмнө хананд баруун доод хэсэгт шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Х.Х.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 42-43/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн бор өнгий бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх 35-36/,

 

Шүүгдэгч Ш.Ш.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 49-50/, цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа, тэтгэвэр олголтын дэвтрийн хуулбар /хх 52-53/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Ш.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Х.Х.Б- нь “Миний бие нь хохирол төлбөрөө барагдуулж авсан. Цаашид Ш.Ш.Б-од гомдол санал байхгүй.” /хх 70/ гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож,  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан прокуророос ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б-од оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч Ш.Ш.Б- нь хохирогч Х.Х.Б-н хохирол төлбөрт нийт 2850000 төгрөг төлж барагдуулсныг дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.Б-од  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Ш.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ