Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0130/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Т.Д-,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2118000000154 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, Дорноговь аймгийн Чойр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “П***о Х**н” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Га***ат Т**га” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Н.Н.А-гаас ажлын хөлс гэж Б.Б-ы Хаан банкны данс руу шилжүүлэх гэж андуурч 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.624.000 төгрөг шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Н.Н.А-д нийт 1.624.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул одоо надад ярих зүйл байхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд “Га***ат Т**га” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Н.Н.А-гаас ажлын хөлс гэж Б.Б-ы Хаан банкны данс руу шилжүүлэх гэж андуурч 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.624.000 төгрөг шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Н.Н.А-д нийт 1.624.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б.Б-ы үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000154 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Н.Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Га***ат Т**га” ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаад 1 жил гаруй болж байна. Манай компани дээр том оврын машинтайгаа ажил хийж гүйцэтгэсэн Б.Б-ы ажлын хөлс болох 1.624.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлэх ёстой байсан. Тэгээд эхний удаа 500.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, хоёр дахь удаагийн гүйлгээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 569***4571 дугаартай данснаас Батхишиг овогтой Б.Б-ы эзэмшлийн Хаан банкны 569***4571 дугаартай данс руу ижил нэртэй болохоор нь андуурч шилжүүлэг хийсэн байсан. Тэгээд Ч.Б.Б- над руу 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний цалин яагаад ороогүй юм бэ? гэж утсаар ярьсан.

            Тэгэхээр нь би өөрийнхөө дансны хуулгыг шүүж үзэхэд Батхишигийн Б.Б- гэх ижил нэртэй хүний данс руу андуураад шилжүүлсэн байсан. Тэгээд би тухайн өдрөө Б.Б.Б- гэх хүний гар утас руу залгаж ярихад тухайн өдрөө миний данс руу 500000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгийг чинь үрчихсэн болохоор удаахгүйгээр чамд төлнө гэж хэлсэн. Б.Б.Б- гэх хүн нь 2020 оны 07 дугаар сард манай компани дээр гагнуурын ажил хийж 10 хоногийн хугацаатай гэрээгээр ажилласан юм. Тэгээд би адилхан нэртэй болохоор андуураад шилжүүлсэн байсан. Би Ч.Б.Б- гэх хүнд өөрөөсөө 1.124.000 төгрөгийг төлсөн. Ингээд би Б.Б.Б-аас удаа дараа утсаар ярьж, гэрт нь очиж үлдэгдэл мөнгө болох 1.124.000 төгрөгийг нэхсэн. Тэгээд өдийг хүртэл мөнгө өгөхгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 7-8/,

            Гэрч Т.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б.Б- нь миний нөхөр байгаа юм. Манай нөхөр Хаан банкны 569***4571 тоот данс эзэмшдэг. Манай нөхөр өөрийнхөө данснаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр миний эзэмшлийн 504****378 дугаартай данс руу 489.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн үед ямар учиртай мөнгө юм бэ гэхэд хүнээс авах ёстой мөнгө орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөөр нь гэр орондоо хоол хүнс цуглуулаад дууссан. Тэр өдрийн орой манай нөхөр өөрийнхөө данснаас миний 504****378 дугаартай данс руу дахиад 1.124.000 төгрөгийг шилжүүлсэн.

            Тэгэхэд нь би Б.Б-аас ямар учиртай мөнгө бэ гэж асуухад ажил хийлгэсэн хүн мөнгөө шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн гэхэд чамд хамаагүй ээ гэж хэлээд өнгөрсөн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр санагдаж байна. Манай нөхрийн гар утас руу “Га***ат Т**га” ХХК-ийн ажилтан Н.А- гэх эмэгтэй утсаар яриад манай нөхрийн 569***4571 тоот данс руу нийтдээ 1662400 төгрөгийг андуураад шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн дансанд байсан 1 сая төгрөгийг тухай хүн рүү буцаагаад шилжүүлэх гэхэд Б.Б- 500000 төгрөгийг нь шилжүүлчих гээд 500000 төгрөг шилжүүлсэн юм. Үлдэгдэл мөнгийг Б.Б- өөрөө хэрэглээд дуусгасан.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

            Хохирогч Н.Н.А-гийн Б.Б.Б-ы Хаан банкны 569***4571 дугаартай данс руу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1124000 /нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөг тус тус шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт /хх 35-36/,

            Т.Ч- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-44/,

            Шүүгдэгч Б.Б.Б-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 45-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 48/,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 49-51/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Б-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөлийн мэт захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Н.А- нь “Б.Б.Б-тай эвлэрсэн. Хохирлын мөнгө 1124000 төгрөгийг 2021.05.20-нд өөрийн дансаар хүлээн авч хохиролгүй болсон.” /хх 61/ гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож,  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь Шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 356 дугаартай захирамжаар 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 15 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногт шилжүүлбэл /15 нэгж буюу 15000 төгрөгийг х15 хоног/ 225.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд  тооцон эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 225.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.624.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ы цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжид шилжүүлж торгох ялаас 225000 төгрөгийг эдэлсэнд тооцож нийт эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 225.000 төгрөгөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ