Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0121/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адьяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч Б.О, Э.Л, тэдний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Л-ийн Б,  Б овогт Б-ны О, Б овогт Э-ны Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Б овогт Лийн Б   /регистрийн дугаар:............. /, ...............  оны ...........  дүгээр сарын ........... -ний өдөр ...............  аймгийн ............. суманд төрсөн, ...........  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  дизель экскаватор, дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй, “.............” ХХК-д экскаваторчин ажилтай, ам бүл ...., ............ийн хамт ...........  аймгийн ............. сумын ..........  дугаар баг ........... дугаар гудамжны ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн Үүнд:

............... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..........оны ..........  дүгээр сарын ........-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

Сум дундын ............ дугаар шүүхийн .................  оны ............  дугаар сарын .........-ны өдрийн .........дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 20 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

2. Монгол Улсын иргэн, Б. овогт Б-ны О /регистрийн дугаар:.............. /, ...........оны .........  дугаар сарын .........-ны өдөр ............  аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........., ................-ийн хамт ................ аймгийн ............... сумын ............  дугаар баг ..................  дүгээр гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

3. Монгол Улсын иргэн, Б овогт Э-ны Л /регистрийн дугаар: ................/, .......... оны..........  дүгээр сарын ........-ны өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... , ..............нарын хамт ..............  аймгийн. ....................  сумын............  дугаар баг ................  дугаар гудамжны .............  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Залуус хотхоны гадна зогсоолд байрлуулсан иргэн А.Ш-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б, Б.О нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Будда таун”-ын гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Б-ийн эзэмшлийн ..... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хоёр машинаас янданг нь машин өргөгч /домкрат/, тусгай түлхүүр ашиглаж тайлж авсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Би гэртээ байхад Б, Л хоёр дуудаад Залуус хотхоны гаднаас ..... ДАР улсын дугаартай машины янданг аваад 500,000 төгрөгөөр нэг эгчид зарсан. Тэр эгч нь маргааш нь залгаад он хөгшин таарахгүй юм байна гээд буцааж 500,000 төгрөгөө аваад тэгээд Г гэх хүнд 250,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Л бид хоёр 70,000 төгрөг тус бүр аваад үлдсэнээр нь машинд нь бензин хийсэн. Янданг 250,000 төгрөгөөр зарсныг мэдээгүй байсан. Саяхан мэдсэн. Дараа нь Б бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Будда тауны гадна зогсоолд байрлуулсан байсан ..... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машины янданг авсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л мэдүүлэхдээ: “...Б, О бид гурав уулзаад 2021 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Залуус хотхоны гадаа байсан ..... ДАР дугаартай приус-20 маркийн авто машины янданг авсан. Тэгээд фейсбүүк дээр машин задарлаа гээд зар тавьсан. Утсаар залгасан хүнд 500,000 төгрөгөөр яндангаа зарсан. Маргааш нь тэр хүн нь яндан таарахгүй байна гээд мөнгө төгрөгөө буцааж авъя гэсэн. Тэгээд Г гэх залуу залгаад яндан байна уу? гэхээр нь 1 шүүлтүүртэй яндан байна” гэхэд тэр залуу 250,000 төгрөгөөр авъя гэсэн. Тэрийг зараад О бид хоёр тус бүр 70,000 төгрөг аваад үлдсэн мөнгөөр Бы машинд бензин авч хийсэн.” гэв.

 

Эрүүгийн 2118000000077 дугаартай хэргээс:

 

1. Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, иргэн А.Ш-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [2],

 

Хохирогч Г.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байхад манай нөхөр Б-Э 13 цагийн орчим гэрээс гараад миний ..... ДАУ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаад гандан орж ном уншуулах гэж явсан. Тэгээд 16 цагийн орчим номоо уншуулчхаад гэртээ ирэхдээ гэрийн гадна зогсоол дүүрэн байна гээд машинаа зогсоолын цаана шороон дээр байрлуулаад гэртээ орсон, тэгээд бид хоёр дахиж гэрээс гараагүй. Тэгээд өнөөдөр 13 цагийн үед бид хоёр босоод цайгаа уучхаад Болд-Эрдэнэ гарч машин халаана гээд гэрээс гараад хэдэн минутын дараа над руу залгаад машин сонин дуугараад унтарчхаад байна гэхээр нь би гэрээс гараад очтол миний машины яндан байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Д.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед байх гэрээс гараад эхнэр С-ийн ..... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад шинийн 15-ны сайн өдөр гээд “төв гандан” орж гэр бүлийнхээ засал номыг уншуулаад 16 цагийн үед гэрийн гадаа ирэхэд манай байрны гадна зогсоол дүүрэн машинтай байсан болохоор тэр машинуудын хамгийн захад шороо дээр машинаа байрлуулаад гэртээ орж амарсан. Өнөөдөр эхнэр бид хоёр босоод эхнэрийн эгч Баярцэцэгийн ажил руу явах санаатай би түрүүлж гараад машинаа халаах гээд машиндаа суугаад асаасан боловч машин сонин дуу гараад байна гэхэд эхнэр гэрээс гараад ирсэн, тэгээд би машины дээгүүр, доогуур нь харахад машины яндан байхгүй байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад манай аавын ахын хүүхэд болох Б нэг ширхэг яндан амбаарт чинь оруулаад тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун яндан юм бэ гэхэд манай найзын яндан байгаа юм, ирээд авчихна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Э.Л-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Б, О хоёртой 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уулзаагүй. Над руу залгаад байхаар нь би утсаа унтраагаад унтчихсан юм. Тэгээд надад хэд хоногийн өмнө чамайг утсаа авахгүй байсан өдөр Б бид хоёр нэг приус-20 маркийн машины яндан авсан гэж ярьсан. Хаанаас авснаа хэлээгүй.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Л.Б бол миний нөхөр байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн орчим Б, О хоёр утсаар яриад намайг О-ын гэр рүү хамт явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр О-ын гэрийн гадна очиход О гарч ирээд Б машинаас буугаад уулзаад байсан, миний нойр хүрээд унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрэхэд нөгөө хоёр машинд орж ирээд суучихсан хөдлөөд Будда тауны гадна очоод зогсож байтал Б О хоёр машинаасаа буугаад хогийн цэгийн хажууд зогсож байгаад буцаж орж ирээд машинд суухаар нь та хоёр яах гэж байгаа юм гэхэд эндээс яндан авах гэж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хоёрыг боль гэж хэлээд байхад тэр хоёр машинаас буугаад яваад өгсөн. Удалгүй 10 орчим минутын дараа ирээд Б энэ хажуу талын зогсоол дээр цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин байна гэж хэлээд доошоо хараад суугаад байхаар нь би та хоёр хүний юмыг хулгай хийж болохгүй, намайг гэрт хүргээд өгчих гэж хэлэхэд тэр 2 намайг хүргэж өгөхгүй байсан. Тэгээд нөгөө 2 бууж яваад 20-30 орчим минут болоод байж байтал О машины урт яндан барьчихсан орж ирсэн. Тэгээд бид гурав тэндээс хөдлөөд манай байрны гадна ирсэн. Б, О хоёр хулгайлж авсан яндангаа манай тагтан дээр гаргаж тавиад бид 3 манайд хоносон.” гэх мэдүүлэг[7],

 

Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “...Д.Б-ийн эзэмшлийн ..... ДАУ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн, сувдан цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний яндан 2021 оны 02 дугаар сарын 27-ны үед 1,700,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж дүгнэлээ.” гэх шинжээчийн дүгнэлт[8],

 

2. Шүүгдэгч Л.Б, Б.О нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, иргэн Д.Б-ийн эзэмшлийн ..... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 тээврийн хэрэгслийн нүүрсний янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн талаар:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байх үед машинаа байрныхаа гадна авто зогсоол дээр байрлуулж тавиад хонуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад машиндаа суух гэтэл манай машин хойд хоёр дугуй болон урд талын нэг дугуйны дор тоосго ивчихсэн байхаар нь би яндангаа алдчихсан байж магадгүй гэж бодоод хойд талаас нь хөдөлгөж үзсэн чинь яндан нь голоороо тасарчихсан бололтой хөдөлж байсан. Тэгэхээр би ах А руу утсаар яриад дуудаад машинаа үзүүлтэл яндан нь алга болчихсон байна гэсэн юм.” гэх мэдүүлэг[10],

 

Э.Лгийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Манай найз Б яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гээд миний гар утсыг 350,000 төгрөгөөр ломбардад тавьсан. Тэгээд 4 хонож байтал манай найз Б миний утсыг авч өгөх мөнгө олдохгүй байна, приус-20 машины яндан хулгайлж авч авч зарж байгаад чиний гар утсыг авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний юм хулгайлаад хэрэггүй байхаа гэж хэлэхэд тэгвэл чиний гар утсыг авч өгөх өөр арга олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 18-ны орой О-ын гэрт Б-ы машинтай очоод О-ыг аваад бид 3 шинэ Дархан ороод нэлээн явж байгаад үүрийн 03 цагийн үед Залуус хотхоны гадна очиход саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд бид 3 тэр машины яндан хулгайлж авъя гэж ярилцаад машинаас бууцгаасан. Тэгээд Б О хоёр нөгөө машины доогуур ороод янданг тайлах хооронд би хүн харж байсан. Тэгсэн Б намайг дуудаад гэрэл тусгаад өгөөч гэж хэлэхээр нь би гэрэл тусгаж өгсөн. Тэгээд яндангаа аваад Б-ы машин дотор хийгээд Залуус хотхоноос хөдлөөд манай гэрт очоод амбаарт хийсэн.” гэх мэдүүлэг[11],       

 

Б.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай найз Б над руу залгаад нэг ажил байна, танай гэрт яваад очъё гэж хэлээд манай гэрт оройны 21 цагийн үед Б, Л хоёр ирсэн. Тэгээд бид  3 уулзаад байж байтал Б Тоёота приус-20 машины яндан авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад хаанаас ямар яндан авах гэж байгаа юм гэж асуухад энд тэнд зогсоолд зөндөө приус-20 машинууд байна, тэр машинуудаас янданг нь хулгайлаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд би Баас яаж авах юм бэ? гэж асуухад Б Приус-20 машины янданг авахад амар байдаг юм, тэгээд ч приус-20 машины ориг яндан үнэтэй байдаг юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд Б, Л бид 3 манай гэрийн гаднаас хөдлөөд хуучин Дархан, шинэ Дарханаар Б-ы машинтай явж байгаад 2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед Залуус хотхоны гадна очиход саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь Б энэ приус-20 машины янданг хулгайлж авъя гэж ярьсан. Тэгээд бид 3 машинаасаа буугаад нөгөө приус-20 маркийн машин дээр очоод Б бид хоёр доогуур нь тайлж байтал Л бас нөгөө янданг тайлсан. Тэгээд яндангаа тайлж аваад Бы машинд суугаад толгойт руу Л-ийн гэрт очоод амбаарт нь оруулж тавьчхаад Б бид хоёр тэдний гэрт очиж хоносон. Тэгээд хулгайлж авсан яндангаа 2 хоногийн дараа фэйсбүүк дээр яндан авна гэсэн зар байхаар нь залгаж байгаад 500,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг[12]

 

Л.Б-ы мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 03 цаг хүртэл хамт явж байгаад Залуус хотхонд очиход саарал өнгийн приус-20 маркийн машин байсан. О янданг нь тайлах гэтэл тайлагдахгүй байхаар нь больчхоод тэндээсээ хөдлөөд Залуус хотхоны баруун талын гадна камер байхгүй гэхээр нь эргээд ороход саарал өнгийн приус-20 маркийн машин зогсож байсан. Тэгээд О намайг яндан нь байна уу харчих гэхээр нь би очоод харахад яндан нь байсан. Тэгээд нөгөө 2 бууж ирээд би хойд талын 2 боолтыг тайлахад О доогуур нь орчихъё гэж хэлээд доогуур ороод намайг өргөчих гэж хэлэхээр нь би машинаас өргөгч авчраад О доогуур нь орсон. Тэгээд О, Л хоёр тайлаад би хүн хараад зогсож байхад нөгөө 2 яндангаа тайлаад дуусчихлаа гэж хэлэхээр нь би машиндаа аваад хийсэн.” гэх мэдүүлэг[13]

 

Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Би өнгөрсөн 2020 оны намар приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан худалдаж авна гэж зар тавьсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .............. гэсэн дугаараас над руу залгаад та приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан авна гэсэн зар тавьсан байна, зарын дагуу ярьж байна, би машинаа том машинд мөргүүлээд мөнгөний хэрэг гараад машинаа задалж зарж байгаа юм яндан авах уу гэж ярьсан. Тэгээд надад 1,000,000 төгрөгөөр зарахаар тохироод 500,000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 500,000 төгрөгийг 3 сарын цалин буухаар өгье гэж тохирсон байсан. Тэгээд би яндангаа аваад засварчин дээр очоод асуухад “ориг нь ч ориг юм байна, гэхдээ таны машинд таарахгүй” гэж хэлэхээр нь нөгөө яндан авсан залуу руу утасдаад энэ тухай хэлээд буцааж өгөөд мөнгөө авъя гэж хэлэхэд миний мөнгийг өгнө гэж хэлчхээд 3 хоног алга болчихоор нь би цагдаад мэдэгдэнэ гэж хэлэхэд маргааш цалин буухаар очиж аваад мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өглөө яндан зарсан залуу над руу залгаад 250,000 төгрөгийг нь одоо өгье, үлдсэн 250,000 төгрөгийг нь үдээс хойш яндан худалдаж авах хүнээс аваад өгье гээд худалдаж авах хүнээ дагуулж ирээд тэр хүн нь над руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[14],

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13-14 цагийн хооронд нэг танихгүй дугаараас над руу залгаад Тоёота приус 20 маркийн машин задарсан байна, нүүрсний яндан байна, та худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би очиж үзэж байгаа болно гэж хэлсэн. Тэгээд ТМС-ын арын толгойд хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очиход нэг өндөр залуу ганцаараа байж байсан. Тэгээд би зарах яндан чинь хаана байгаа юм гэхэд, энд нэг танихгүй хүнд зарчихсан байгаа юм, нөгөө хүнээсээ буцааж авна гэж хэлээд нөгөө яндан худалдаж авсан гэх айлын гэрт очсон. Тэгээд нөгөө янданг үзэхэд 2004 оны Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн яндан байсан. Тэгээд би 250,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг янданг би өөрийн зарах гэж байсан машиныхаа янданг сольж тавиад Орхон аймагт амьдардаг гэх хүнд машинаа зарчихсан юм.” гэх мэдүүлэг[15],

 

            Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16],

                    

Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “...А.Ш-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний яндан 2021 оны 02 дугаар сарын 19-ний үед 1,700,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж дүгнэлээ.” гэх шинжээчийн дүгнэлт[17],

 

Техникийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03, 04 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд[18],

 

Иргэний нэхэмжлэгч О.Ө-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Л.Б нь манай байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3,300,000 төгрөгийн авто машин барьцаалсан машинаа унаж явдаг зээл авсан байсан юм. Тэгээд Б нь зээл авсан цагаасаа хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байж байгаад өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3,510,000 төгрөг төлөөд зээлээ хаасан байсан. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[19],

 

 Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал Зууч” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “ТБ авто финанс” ХХК-ийн эзэмшлийн Л.Б-ы жолоодож явсан ..... ДАХ улсын дугаартай “Тоёота кроун-180” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 7,500,000 байна.” гэх шинжээчийн дүгнэлт, жагсаалт[20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалаас шүүхэд танилцуулсан хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт[21]-ийг нотлох баримтад тооцохгүй байх тухай хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Залуус хотхоны гадна зогсоолд байрлуулсан иргэн А.Ш-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б, Б.О нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Будда таун”-ын гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Б-ийн эзэмшлийн ..... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар, мөн Л.Б, Б.О нар нь тус тус бүлэглэн бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.О, Э.Л нарын өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.О, Э.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, О 2, Л 1 үйлдэлд оролцсон. Шүүгдэгч нар  гэм буруугаа хүлээсэн хэдий ч өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашигласан...” гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл гээд байгаа зүйлс нь ердийн машины эд ангийг засварлахад хэрэглэдэг багаж юм.

Хоёрдугаарт, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гээд байгаа. Эдгээр багажийг тусгайлан бэлтгэсэн асуудал байхгүй. Домкрат нь машин өргөх, дорцов нь боолт тайлах, боох зориулалтай юм. Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэх ойлголт байхгүй. Хулгайн гэмт хэргээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан гэдэг байдлаар хүндрүүлсэн. Хулгайн гэмт хэргээ төгссөний дараа тухайн эд зүйлийг зөөвөрлөх зорилгоор ашигласан бол энэ хэрэгт хамааралгүй. Онолын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Энэ тогтоолыг хүчингүй болоогүй. Хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэхээр нүүрсний янданг машинаас салгаж аваад өөрийнхөө эзэмшилд авснаар төгссөн. Өөрөөр хэлбэл машинд ачихаас өмнө төгссөн байна. Тэгэхээр энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим бий. Энэ зарчмыг баримтлан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх саналтай байна. Анх эхний янданг зараад 500,000 төгрөгөөс Л, О нар нь тус бүр 70,000 төгрөгийг авсан. Тийм учраас хохирол төлбөр төлүүлэхэд хохирол төлбөрөөс тус бүр 14 хувийг гаргуулж өгөөч гэж хүсэж байна. Гэмт хэргийг улмаас учирсан хохирлын хэмжээг нарийн тогтоосон байх шаардлагатай. Гэтэл хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт нь өөрөө хууль зөрчиж авагдсан учир шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах шаардлагатай байна. Иймд хохирлын хэмжээг дахин тогтоох, шинжээч томилуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч Н.Баттунсаг дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч П.Батжаргалтай санал нэг байна. Хулгай хийсэн гэдэг дээр маргахгүй байна. Харин ямар зүйлчлэлтэй байх вэ гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Зэвсэг гэж юу вэ? зэвсгийн чанартай эд зүйл гэж юу вэ? гэдгийг тодорхой ойлгох хэрэгтэй байна. Гэтэл эдгээр шүүгдэгч нарын хэрэглэсэн зүйл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар хуулийн тайлбарыг зөв ойлгох хэрэгтэй. Хулгай хийх үйлдэлдээ машин механизм ашиглаагүй байна. Энэ талаар ч өмгөөлөгч Батжаргал тодорхой онолын үндэслэлтэй тайлбарлалаа. Тийм учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна. Б-ы хувьд хохирол төлбөрийг барагдуулах талаар санаачилга гаргасан. Батжаргал өмгөөлөгчийн хохирол төлбөрийг ялгамжтай оногдуулах ёстой гэдэг дээр саналын зөрүүтэй байна. Шүүгдэгч нар нь бүгд насанд хүрсэн, адилхан мөнгө төгрөгийг хувааж идэж уусан тул хохирол төлбөрийг тэнцүү хувааж төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан байхыг шаарддаг ба шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэхээр домкрат буюу өргөгч хэрэглэн  хохирогчдын машиныг өргөж, гараар тайлж, салгаж авах боломжгүй янданг тусгай түлхүүр хэрэглэж салгаж авсан, хулгайлах эд зүйлээ хайх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж, урьдчилан бэлтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь бүлэглэн хохирогч А.Ш-ын эзэмшлийн ..... ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Л.Б-ы эзэмшлийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота кроун-180 маркийн ..... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Л.Б, Б.О нар нь бүлэглэн хохирогч Д.Б-ийн эзэмшлийн ..... ДАУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсний янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Л.Б-ы эзэмшлийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота кроун-180 маркийн ..... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөх зорилгоор завсарлага авсан хугацаанд хохирогч А.Ш, Д.Б нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-д 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.О-т 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Л-д 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota crown маркийн машины үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг тусгай түлхүүр, 1 ширхэг машин өргөгч /домкрат/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.О, Э.Л нарын өмгөөлөгч П.Батжаргал санал, дүгнэлтдээ: “Улсын яллагчийн ялын санал нь маш өндөр байна. Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөх төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор машиныг хурааж авч болох ч шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг төлсөн. Хэрэг үйлдэхдээ ашигласан гэх машин нь шүүдэгч Э.Л, Б.О нарын өмч биш учраас шүүгдэгч нараас гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч Н.Баттунсаг санал, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Машины хувьд тухайн машин Л.Б-ы эзэмшлийн машин биш, хохирол төлбөрийг төлсөн байх тул энэ машины үнэлгээ болох 7 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ машины төлбөрийг гаргуулахаар бол шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарын учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Л.Б, Б.О нарын энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Л.Б нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад  заасан үндэслэлээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машин өргөгч /домкрат/, тусгай түлхүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоёота кроун-180 маркийн ..... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бо овогт Л-ийн Б, Б овогт Б-ны О, Бо овогт Э-ны Л нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б, Б.О нарт тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Л-д тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Л.Б-ы эзэмшлийн тоёота кроун-180 маркийн ..... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, Л.Б, Б.О, Э.Л нараас тус бүр 2,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан машин өргөгч /домкрат/ 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б, Б.О, Э.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР