| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0126/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Э.Н /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э-ийн Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Н /регистрийн дугаар: ............ /, ............... оны .............. дугаар сарын ............ -ны өдөр ........ аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..................-ний ........... хэсэгт гагнуурчин ажилтай, ам бүл ........ , ...............-ийн хамт ........... аймгийн. . .............. сумын .............. дугаар багийн ............... оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ............ аймгийн ........... сумын ............. дугаар багт хувийн маргааны улмаас иргэн А.Ш-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Н-ыг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр .......... аймгийн ......... сумын ............ дугаар багт хувийн маргааны улмаас иргэн А.Ш-ийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н-ын мэдүүлсэн: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000146 дугаартай хэргээс:
Хохирогч А.Ш-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байсан чинь манай нөхрийн ах Н над руу залгаад чи юу хийж байна гэхээр нь би гэртээ байна гэсэн чинь чи 17 цаг гээд манай гэрт хүрээд ир гэсэн. Би гайхаад яах гэж байгаа талаар асуухад чиний гадуур яриад байгаа хов живийг цэгцлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн юу яриад байгаа юм бэ, үнэн учраа олъё гээд гэрт нь яваад очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь Н ахын ажлын газрын гадаа нь өөрийн машинтайгаа найз Г, Б нартай явж очоод утас руу нь залгасан чинь гарч ирэхгүй байхаар нь нөхөр Төмөрбар луу залгаад Н ахыг дагуулаад гараад ир гэж хэлэхэд удалгүй тэр хоёр гарч ирээд миний машинд суусан. Н хүнгүй газар очоод зогсчих гэхээр нь голын эрэг дээр очиж зогсоод би Б-т хандаж чамд юу гэж хэлсэн талаар үнэнийг хэл гэсэн чинь Б миний хэлсэн “Н ах машин унаж Дархан яваад ирэхдээ цонхыг нь хагалсан ирсэн, Н ах би чамд үхрийн мах өгсөн юм чинь цонхныхоо оронд өрөө цайруулна” гэж ярьсан талаар хэлсэн. Тэгсэн Н ах чиний юм үнэтэй, миний юм үнэгүй юм уу гэхээр нь би хариуд нь тэгвэл танд зээлээр өгсөн точикийн байр үнэгүй юм уу гэсэн чинь чи үүнээс болж намайг гадуур гуйлгачин гэж яриад явдаг гэсэн. Тэгэхээр нь би гэрчээ аваад ир гэхэд чи өөрөө олж ирэхгүй юу гээд татаж байсан тамхиа над руу шидээд тамхи нь шалан дээр машины голын хайрцгийн завсраар унахаар нь би авах гээд тонгойж байсан чинь ар талаас зүүн гараараа миний зүүн хацрын хэсэг рүү нэг удаа цохисон чинь би жолооч талын цонхны шилийг болон суудлын хамгаалалтын бүсийг толгойгоороо хүчтэй мөргөөд гэмтээсэн юм.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Г.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн найз Н-ын гэрт очоод миний найз алин болгон бусдын гал голомт дээр амьдрах бэ, өөрийн гэсэн юм бариад тусдаа гараач. Манай гэрийн ойролцоо хашаа хатгаад тусдаа гарахгүй юм уу гэдэг талаас зөвлөгөө өгсөн. Тэгсэн лавшруулаад яасан юм, юу болсон юм гэж асуусан. Тэгэхээр нь Ш чамтай машины цонх хагалсан асуудлаас болж хэрэлдэх үедээ чиний юм үнэтэй, миний юм үнэгүй юм уу, хүний байранд үнэгүй шахуу амьдарч байж гэж хэлэх гээд болчихлоо гэж хэлсэн талаар нь хэлсэн. Тэгээд маргааш нь Ш орж ирээд гараад нэг хэргийн учир олоод ирье гэж хэлээд намайг намайг дагуулаад, Г-ийг гэрээс нь аваад Н-ын ажил дээр нь очсон юм. Тэгээд удалгүй Н, Т хоёр гарч ирээд машинд суусан чинь Н, Ш хоёр хэрэлдээд байрны асуудал, үр хүүхэд удмыг чинь түрүүлж өгсөн та нар бэр гуйж аваагүй, бас миний аавын ясыг өндөлзүүллээ гээд янз бүрийн зүйл яриад хэрэлдээд байсан. Ш урд талын суудал дээрээс өндийгөөд арагшаа Н руу хараад тэгвэл чаддаг юм бол зодчих гэж хэлсэн чинь Н тамхи татаж байгаад Шийн зүүн хацар луу нь цохих шиг болсон тамхи нь голын суудлын завсар орчихсон юм. Тэгээд Т Н-ыг болиулаад гараас нь бариад салгасан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хонгор сумын Салхит баг орон сууцны эмнэлгийн байран дээрээ байж байхад гаднаас Ш найзтайгаа хамт орж ирсэн. Ш орж ирэхдээ зүүн хацраа дараад нүд нь хавдаад улайгаад уйлсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Толгой өвдөж байна гэхээр нь чамд ил харагдах гэмтэл байхгүй учраас тархины зураг авхуулах хэрэгтэй битүү гэмтэл үүссэн байж болзошгүй гэж хэлсэн. Ш тухайн үед жирэмсэн 2 сар гаруйтай байсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Ш.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед Ш над руу залгаад гараад ир гэхээр нь гарахад Б, Ш хоёр машинтай ирчихсэн байсан. Тэгээд бид 3 Н-ын ажил дээр очсон чинь Н, Т хоёр гарч ирээд машинд суугаад Ш, Н хоёр хэрэлдээд, Ш Э гээд хэл амаар доромжлоод байхаар нь Н тухайн үед эцгийг нь доромжлоод байхаар нь ууртаа зүүн талын хацар луу нь нэг удаа цохичихсон юм.” гэх мэдүүлэг[4],
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...А.Ш-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],
Э.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...А.Ш нь орон сууцны талаар бусад хөндлөнгийн хүмүүст хөлслүүлэх талаар ярьсан байсанд маргааны эх үүсвэр болсон. Би огцом ууртаа зүүн гараараа бэр дүү А.Ш-ийн толгойн тус газар нь шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Н-ын хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Э.Н нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч А.Ш-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Н-ыг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Н-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Б овогт Эийн Н-ыг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР