Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0241

 

 

 

 

“НӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У

Нэхэмжлэгч: “НӨТ” ХХК

Хариуцагч: БОАЖС

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0871/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давах гомдол гаргаж байна.

3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс тус гаргасан хүсэлтүүдийг хангаж “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлж байсан. Шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгийг гаргуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан бичиг хүргүүлсэн. Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1444 тоот албан бичгээрээ шүүхээс шаардсан нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд тус баримт нь “Террават” ХХК-д хаяглагдсан, танай компаниас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг байсан.

3.2. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдолгүй, дотоод бүсийг шинэчлэн тогтоох харилцаанд хамааралгүй албан бичгийг шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн. Шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон бөгөөд хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 701 тоот албан бичиг нь хэрэгт хамааралгүй, компанийн саналд хариу өгсөн албан бичиг байсан, тийм албан бичгийг үндэслэн дотоод бүсийг шинэчлэн тогтоох боломжтой эсэхийг хариуцагчаас асуухад 701 тоот албан бичиг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн хамгаалалтын бүсийг тэлэх координатын санал өгсөн албан бичиг байх ёстой гэж хариулсан. Мөн дотоод бүсийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг баримталдаг бөгөөд тус горимын дагуу хамгаалалтын захиргааны кадастрын хамгаалалтын захиргаа дотоод бүс шинэчлэн тогтоох гол саналыг ирүүлж, сайдын тушаал мэргэжилтнүүд гардаг гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Тус тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

3.3. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичиг нь дотоод бүс шинэчлэн тогтоох, хязгаарлалтын бүсэд хамаарч байсан нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон маргаан бүхий газрыг хамгаалалтын бүсэд оруулах гол үндэслэл болсон. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхээр байна. Тухайн нотлох баримтыг нэхэмжлэгч болон шүүгч өмнө нь огт хараагүй, анх шүүх хуралдааны явцад л тус албан бичгийн талаар мэдсэн. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан.

3.4. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс албан бичиг явуулсан боловч хариуцагчаас тус шийдвэр нь албажиж гараагүй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон бөгөөд дахин 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн A/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчаас хэрэгт өмнө авагдсан “Ажлын хэсэг байгуулах тухай” сайдын тушаалыг ирүүлсэн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн тогтоох тухай” тушаалын үндэслэл нь ажлын хэсэг байгуулсан тушаал бус байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр юм.

3.5. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас тус шийдвэр нь албажиж гарсан эсэх талаар асуухад БОАЖС-ын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар зөвлөмжтэй ойролцоо агуулгатай шийдвэр гэж ойлгож байна гэсэн хариултыг өгсөн. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан. Гэтэл хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтууд бүрдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0109 дугаартай шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

  1. Хариуцагч БОАЖС-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” А/243 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8, 10 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 1 дүгээр хавсралт, 3 дугаар хэсгийн 15 дугаар зүйлийн “а” дахь заалтыг үндэслэл болгосон нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дархан цаазат газрын “онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс”-ийн заагийг газрын зурагт тэмдэглэн баталгаажуулахаар гаргасан, захиргааны байгууллага дотоод үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах захиргааны шийдвэр байна.

 

  1. Нэхэмжлэгч “НӨТ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар, Бумбатын ам, Баянзүрх дүүрэг, 43353 м.кв газарт 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон БОАЖС-ын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэсэн заалтад хамаарч байна.

 

  1.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар нь БОАЖС-ын 2022 оны “Дотоод бүсийг шинэчлэх тухай” А/243 дугаар тушаалаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч уг газрыг ашиглах эрхийг “НӨТ” ХХК-д олгох ёсгүй байжээ.

 

  1. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд, хариуцагч БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Тушаалын хавсралт хүчингүй болгох тухай” А\296 дугаар тушаалаар “НӨТ” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын аманд олгосон 4.3 га талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн хамгаалалтын бүсэд орсон байх тул газар ашиглах эрх олгосон БОАЖС-ын 2022 оны А/257 дугаар тушаалын хавсралтын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн, өөрийн алдаатай шийдвэрийг зөвтгөсөн байх ба ингэснээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...хууль зөрчиж гарсан захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрийн алдааг залруулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг нь “Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр шаардсаны дагуу хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр “...ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр албажиж гараагүй байна ... 02 дугаар зөвлөмж 1 хуудас” гэсэн хариу өгч холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

  1. Үүний дараа шүүхээс нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тухай бүр хангаж шийдвэрлэж, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон хариуцагч нарт нотлох баримт гаргуулах тухай албан тоотыг хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

  1. Шүүхээс шаардсан нотлох баримтуудыг хариуцагчаас тайлбар болон албан бичгээр нотлох баримтыг хүргүүлж, шүүх хуралдаанд ч энэ талаар тодорхой тайлбар гаргаж, мэтгэлцсэн байх тул энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй болохгүй” гэж зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

 

  1. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаас шаардаж буй нотлох баримт нь БОАЖС-ын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын ТУШААХ нь хэсэгт тусгагдсан “...ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгээр ирүүлсэн санал” гэснийг гаргуулахыг хүссэн байна.

 

  1. “НӨТ” ХХК-д газар ашиглах эрх олгох тухай хариуцагчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/257 дугаар тушаал болон уг эрхээ хүчингүй болгосон 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалуудыг хариуцагчаас гаргахдаа “ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, ...хамгаалалтын захиргааны санал” зэргийг үндэслэл болгоогүй байх бөгөөд дээрх захиргааны актууд гарахаас өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дээд шатны захиргааны байгууллага болох БОАЖЯ-д дотоод бүсийг тогтооход хүргүүлсэн санал байна.

 

  1. Мөн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хэргийн оролцогчдоос хэргийг хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хэргийн оролцогчид “...байхгүй” гэсний дараа шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн талаар тусгасан байна.

 

  1. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримттай холбогдуулан хүсэлт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “... бусад нотлох баримт цуглуулах...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэсэн эрхийг хөндөөгүй байна.

 

  1. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д заасан зохицуулалтаар шүүх хуралдааныг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэгчээс “...шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан” гэж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, шүүх хуралдаан нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Иймд нэхэмжлэгч “НӨТ“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ;

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

       ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

       ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА