| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0131/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0132 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0131/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч С.Н, Я.М, З.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт С-ийн Н, Б-д овогт Я-ийн М, Б овогт З-ын Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001070144 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, У овогт С-ийн Н /регистрийн дугаар: ............ /,............ оны ............ дугаар сарын .......... -ны өдөр, .............. аймгийн ............. суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ......., ..............ийн хамт ............. аймгийн ............. сумын .......... дугаар багийн ........... дугаар байрны ............ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
2. Монгол Улсын иргэн, Б овогт Я-ийн М /регистрийн дугаар: ............, ......... оны .......... дүгээр сарын ....... -ны өдөр, ........... аймгийн ................ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, .......... аймаг ..............-д ............. ажилтай, ам бүл .........., ..........ийн хамт ............. аймгийн .................. дугаар багийн ................ дугаар гудамжны .............. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
3. Монгол Улсын иргэн, Б овогт З-н Г /Регистрийн дугаар: ................ /, ............ оны ........ дугаар сарын ........-ны өдөр, ........... аймгийн ............ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...... ........... аймгийн ............сумын ............ багийн.... дугаар байрны ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед ............... аймгийн ............. сумын .......... багийн ........дугаар байрны .......тоотод хувийн маргааны улмаас иргэн Я.М-ийн толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.М нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед ................. аймгийн .......... сумын ........... багийн.......... дугаар байрны ....... тоотод хувийн маргааны улмаас иргэн З.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, цээжний ар, зүүн бугалгад цус хуралт цээжний өмнө хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед ............. аймгийн ................сумын ............ багийн ........ дугаар байрны ..........тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн Я.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед ............ аймгийн .......... сумын ............ багийн ........ дугаар байрны .......... тоотод хувийн маргааны улмаас иргэн Я.М-ийн толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.М нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед ........... аймгийн ............. сумын ............ багийн ......... дугаар байрны ..... тоотод хувийн маргааны улмаас иргэн З.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, цээжний ар, зүүн бугалгад цус хуралт цээжний өмнө хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед .......... аймгийн .............. сумын ........... багийн ......... дугаар байрны ........ тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн Я.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н-ийн мэдүүлсэн: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.М-ийн мэдүүлсэн: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г-ын мэдүүлсэн: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118001070144 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Хохирогч Я.М-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 09-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Н надаас мөнгө нэхээд өгөхгүй болохоор сүүлдээ агсан тавиад архины шилээр толгой руу цохисон. Гал тогооны өрөөнд Н миний толгой руу цохисон, дараа нь Г өрөөнд орж ирээд миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би түүнийг цохисон чинь газар унахаар нь дээр нь гараад дахиад нүүр лүү нь хоёр гурав цохисон.” гэх мэдүүлэг[2],
Хохирогч З.Г-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...М Нарааг том өрөө лүү дагуулж ороод тэр хоёр дээр доороо ороод өнхрөөд байсан би та хоёр унтаж хэвтэхээр бол буудалдаа очиж унтаарай гэж хэлсэн. Би М-ийг салгах гээд очсон чинь М миний баруун нүд рүү гараараа цохичихсон юм, би түүнд цохиулаад газарт унасан чинь тэр хоёр гал тогооны өрөөнд орсон тэгээд би босоод газарт унасан хувцас хатаагчаа дээш нь босгож хувцаснуудаа янзалчхаад гал тогооны өрөөнд орсон чинь Н гартаа хагархай архины шил барьчихсан, М нь толгойгоо барьчихсан зогсож байсан, тэгэхээр нь би ороод Нараагийн гарт байсан хагархай архины шилийг гараас салгаад байж байхад М намайг дахиад цохиод байсан нэг мэдсэн чинь би ухаан алдчихсан байж байгаад сэрсэн.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Д.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед манай доод айлд согтуу бололтой хүмүүс маргалдаад байсан. Тэгээд сүүлдээ зодолдоод байгаа юм шиг чимээ сонсогдоод манай охин айгаад байхаар нь би 102-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[4],
Шинжээч эмч Д.Т-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Я.М-ийн биед тогтоогдсон тархи доргилт, хамар ясны хугарал дагзны хуйхны шарх нь тус бүрдээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтлүүд нийлээд хөнгөн гэмтэл болно. З.Г-ын баруун нүдний зовхи цээжний ар, зүүн бугалгын цус хуралт цээжний өмнө хүзүүнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх мэдүүлэг[5],
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 208 дугаартай “...Я.М-ийн биед тархи доргилт хамар ясны хугарал, дагзны хуйхны шарх, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Я.М-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт[6],
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаартай “...З.Г-ын биед дух ба баруун гар 1 дүгээр хуруунд шарх, баруун нүдний зовхи, цээжний ар, зүүн бугалгад цус хуралт, цээжний өмнө, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Г-ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт[7],
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 207 дугаартай “...С.Н-ийн биед зүүн хөлийн шилбэнд шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Н-ийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт[8],
З.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна дахин архи уусан үедээ ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг[9],
Я.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Н гэнэт босоод ширээн доороос архины шил аваад миний толгойн ар дагз хэсэгт хүчтэй цохих шиг болсон би цохиулчхаад яаж байгаа юм бэ гэж хэлээд босож ирэх үед Г намайг Н-ийг зодох гэж байна гэж бодоод бид хоёрын дундуур орж салгах гэж оролдсон тэгэхээр нь би Г-ын нүүр лүү хэдэн удаа цохиод түүнийг газар унагаад дээр нь гарч суугаад цохиж зодолдсон. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[10],
С.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. М намайг унтъя гээд дургүй хүргээд байхаар нь би уур хүрээд толгой руу нь архины шилээр цохисон.” гэх мэдүүлэг[11] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд учирсан зүүн хөлийн шилбэний шарх, хохирогч Я.Мийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хамар ясны хугарал дагзны хуйхны шарх, хохирогч З.Г-ын эрүүл мэндэд учирсан дух ба баруун гар 1 дүгээр хуруунд шарх, баруун нүдний зовхи, цээжний ар, зүүн бугалгад цус хуралт, цээжний өмнө, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Я.М, З.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Я.М, З.Г нарт прокурорын сонсгосон ялын хүрээнд тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Н-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт С-ийн Н, Б овогт Я-ийн М, Б овогт З-ын Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М, З.Г нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Н-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М, З.Г нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М, З.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Н оногдуулсан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н, Я.М, З.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 4-8 тал
[2] Хавтаст хэргийн 15-17, 19 тал
[3] Хавтаст хэргийн 12 тал
[4] Хавтаст хэргийн 13 тал
[5] Хавтаст хэргийн 14 тал
[6] Хавтаст хэргийн 38-39 тал
[7] Хавтаст хэргийн 44-45 тал
[8] Хавтаст хэргийн 53-54 тал
[9] Хавтаст хэргийн 102-103 тал
[10] Хавтаст хэргийн 392-93 тал
[11] Хавтаст хэргийн 182-83 тал