Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

Хэргийн индекс: 166/2021/0140/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Н.У /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Н-О-ын Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001160153 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овогт Н-О-ын У/регистрийн дугаар: ............. /, .............. оны ........ дугаар сарын ........... -ний өдөр, .................   аймгийн ............ суманд төрсөн, ...........  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........., эхнэр .......... хүүхдийн хамт ............  аймгийн ...............  сумын ..............  дугаар баг, ........... дүгээр гудамжны .......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,  урьд ял шийтгэлгүй.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.У нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 21 цагийн үед ...........  аймгийн .........  сумын ......дугаар баг, ......... дүгээр гудамжны ....... тоот хашаанд хувийн маргааны улмаас найз П.О-ийн толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.У-ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.У нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 21 цагийн үед .............  аймгийн ......... сумын ..........  дугаар баг, ............  дүгээр гудамжны ........ тоот хашаанд хувийн маргааны улмаас найз П.О-ийн толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь духны баруун хэсэгт няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У-ийн мэдүүлсэн: ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118001160153 дугаартай хэргээс:

 

Хохирогч П.О-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 04 дүгээр сарын 20, 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би У гэдэг найзынхаа гэрт 2021 оны 04 дүгээр 09-ний өдрийн 21 цагийн үед очиход манай найзын гэрт 2 литрийн 2 ширхэг пиво байхаар нь бид хоёр хоорондоо юм яриад хувааж уусан. Тухайн үед манай найз намайг цуг гаръя гэж хэлэхээр нь би цуг гарсан чинь гэрийнхээ үүдэн дээр гараад ямар ч шалтгаангүйгээр аягаар миний толгойг цохисон. Тэгээд би цохиулаад хашаанаас нь гараад зам дээр очоод ухаан алдаад унасан. Намайг сэрэхэд манай нөхөр Л, 2 цагдаагийн хамт зогсож байсан. Түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Ч.Л-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө 00 цагийн би гэр лүүгээ явж байх замд гэрэлд ойгоод хашааны буланд А, У, Б тэгээд танихгүй хоёр ах хашааныхаа үүдэнд хар хувцастай хүнтэй маргалдаад байх шиг байхаар очтол манай эхнэр О-ийн толгойноос цус гараад хувцас нь цус болсон байхаар нь би 00 цаг 30 минутын үед цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа  нар хүрч ирсэн. Би эхнэр О-ийг Б гэх залуугийн хамт аваад эмнэлэг рүү явсан. Манай эхнэр намайг У аягаар толгой руу цохичихлоо гэж надад хэлсэн. Мөн тэнд зогсож байсан хоёр ах У цохисон гэж надад хэлсэн. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.А-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...Би 21 цагийн үед У-ийн гэрт очсон. У, О-ийн хамт 2 литрийн Сэнгүр пиво задлаад ууж байсан. О гэрээс гарахад араас нь У О-г оруулаад ирье гээд гарсан. Би тэр хоёрыг бие засах гэж байна гэж бодсон. Тэгээд гараад удаагүй гадаа эмэгтэй хүмүүс маргалдах чимээ сонсогдоход би гэрээс гүйгээд гарахад гадаа хажуу айлын хоёр ах, У, О дөрөв зогсож байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэхэд хажуу айлын ах намайг барьж аваад яагаад ингээд цохисон юм гэхээр нь та андуураад байна гэж би хэлсэн. Намайг тэдний гэрээс гараад хашааны гардаг хаалганы зүг гүйгээд очиход О-ийн толгойноос нь цус гарчихсан зогсож байсан. У-ийг хоёр ах барьчихсан боль боль гээд наад талд нь зогсож байсан.” гэх мэдүүлэг[3],

 

            Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр гэртээ Нараа гэдэг дүүгийн хамт хоол идчихээд орой 21 цаг өнгөрч байсан байх, бид хоёрыг гэрээс гарахад манай хашаанд амьдардаг У гэдэг эмэгтэй, бас өөр нэг эмэгтэй гадаа хашхираад байхаар нь гараад очиход хашааны үүдний хаалганы хажуу талд нэг эмэгтэй газар хэвтчихсэн байж байхаар нь би татаад босгоход нүүр нь цус болчихсон цагдаа дуудаарай гээд орилоод байсан. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хоорондоо хэрэлдээд хашхиралдаад байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 235 дугаартай ...П.О-ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.У нь иргэн П.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.У нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.У-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч П.О-ийн эрүүл мэндэд учирсан духны шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.У-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.У-т прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Н-О-ын У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 17, 19 тал

[2] Хавтаст хэргийн 25 тал

[3] Хавтаст хэргийн 29 тал

[4] Хавтаст хэргийн 31 тал

[5] Хавтаст хэргийн 35-36 тал