| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0156/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Г.Ш /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ийн Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000490181 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогтой Г-ийн Ш /РД: .................. /, .......... оны ........... дугаар сарын ......... -ний өдөр ................ аймгийн ................суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........., .............-ийн хамт ........... аймгийн ....... сумын Малчин баг.......... дугаар гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, урьд ..........аймаг дахь Сум дундын шүүхийн ............ оны......... дугаар сарын .......... -ны өдөр ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд .............. аймгийн ............. сумын ................ багийн ............. дугаар гудамжны .............. тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ш-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ............ аймгийн ............... сумын ........... багийн .......... дугаар гудамжны ............ тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш-ын мэдүүлсэн: “....Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000490181 дугаартай хэргээс:
Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хүү Ц.Г нь Улаанбаатар хотод өөрийн Хаан банкны дансаа хүнд ашиглуулж цахим бооцоот тоглоом тоглуулсан гэж надад ярьсан. Манай хүү 2020 оны 05 дугаар сараас хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ны үеэр Улаанбаатар хотод байсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Ш бол манай том ах байгаа юм. Манай ах цахим орчинд тоглоом тоглуулахаар Nandin Nandin гэсэн нэртэй фэйсбүүк хаяг шинээр нээсэн бөгөөд над руу залгаад мобайл банкаар мөнгө шилжүүлэх гэсэн юм данс хэрэгтэй байна гэхээр нь хамт байсан Ц.Г-ын дансыг өгч ашиглуулсан. Манай ах тухайн тоглоомыг ганцаараа тоглуулсан. Хүмүүс бооцоогоо Ц.Г-ын данс руу хийдэг байсан. Манай ах надаас фэйсбүүк устгах талаар надаас асуухаар нь хэлж өгсөн.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Манай том хүү Г.Ш нь миний Хаан банкны 5800851207 дугаарын данстай картыг өгч байгаач гэж хэлээд надаас авсан. Гэхдээ ямар нэгэн шалтгаан хэлээгүй. Би ч юм бодолгүй өгсөн. Миний картыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр юм уу 5-ны өдөр гуйж аваад өөртөө хонуулаад буцааж өгсөн. Би тухайн үед Ш-ыг цахим орчинд бооцоот тоглоом тоглуулж байсныг мэдээгүй. Цагдаагаас ярьсан гэж хэлэхээр нь юу болон талаар асуухад цахим орчинд хүмүүс тоглуулаад байдаг бооцоот тоглоом тоглуулсан чинь цагдаагийн байгууллагаас дуудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи миний дансаар тоглуулсан юм биш биз гэж асуусан чинь үгүй тийм зүйл байхгүй. Таны дансаар 40,000 төгрөг шилжүүлж авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн darxan darxan нэртэй фэйсбүүк хаяг руугаа нэвтэрч ороход цахим орчинд покер нэртэй тоглоом тоглуулж байхаар нь 2-3 удаа тоглож үзсэн. Тухайн үед гүйлгээний утга дээр би өөрийн фэйсбүүк нэрээ суудлаа бичээд явуулсан. Тухайн тоглоом нь цахим орчинд тоглогддог бөгөөд покерын цаасаар зурсан хавтан дээр 6 хүн суух боломжтойгоор зохион байгуулж лайв хийж хүмүүст хүргэдэг ба хүмүүс бичигдсэн дансаар мөнгөө өөрийн фэйсбүүк хаягийг бичиж 1-6 дугаарын хооронд аль нэг тоон дээр мөрий тавьдаг. Тэгээд нийт 6 хүн 20,000 төгрөг шилжүүлж тухайн тоглоомыг тоглодог бөгөөд хожсон хүн нь 100.000 төгрөг авч үлдсэн 20,000 төгрөгийг тоглуулж байгаа хүн нь авдаг юм.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би өөрөө цахим орчинд тоглоом зохион байгуулаагүй. Найз Билгүүндалайн ах болох Ш нь надад интернэт болон мобайл банк байхгүй. Чиний данс руу мөнгө хийхээр миний хэлсэн данс руу хэлсэн мөнгийг хийгээд өг гэж чатаар хэлсэн. Тэгээд тоглуулж эхлээд тоглолтод орсон хүмүүс нь миний данс руу мөнгө хийхдээ өөрийн фэйсбүүк нэрийг суудлынхаа тоотоо гүйлгээний утга дээр бичиж ирүүлээд тоглолт эхэлсэн. Тэгээд Шын хийж байсан лайв дээр цагдаагийн зурагтай хүн орж ирээд сэтгэгдэл дээр больцгоо, хүмүүсийн мөнгө төгрөгийг буцаагаад өг гэж бичсэн. Тэгээд Ш ахын хэлснээр орж ирсэн данснууд руу хийсэн мөнгө болгоныг буцаагаад шилжүүлсэн. Миний дансанд хоёр өдрийн дотор нэг сая орчим төгрөг орч гарсан. надад ашиг гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[5],
Ц.Г-ын эзэмшлийн Хаан банк дахь ............ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[6],
“Пийк ом аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21/217 дугаартай “...Хаан банк дахь иргэн Ц.Г-ын эзэмшлийн ............ дугаарын дансанд 2021.01.05-аас 2021.01.06-ны хооронд мөрийтэй тоглоом тоглосон байна. Энэ нь мөрдөгчөөс ирүүлсэн Ц.Г-ын эзэмшлийн ............ дугаарын дансны 7 хуудас хуулгаар нотлогдож байна. Нийт 36 данснаас ............ дугаарын дансанд 46 удаагийн гүйлгээгээр 1,065,000 төгрөгийн орлого орсон байна. ............ дугаартай Ц.Г-ын данснаас 27 дансанд 43 удаагийн гүйлгээгээр 1,058,650 төгрөгийн зарлага гарсан байна. Ц.Г-ын эзэмшлийн ............ дугаарын дансанд мөрийтэй тоглоом тоглосон инжтэй, бусад хүмүүсийн данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнгийг тодорхой зарим хүмүүсийн данс руу буцаан шилжүүлж байгаа гэж ойлгогдохоор гүйлгээнүүд 2021.01.05-аас 2021.01.06-ны өдрийн хооронд хийгдсэн байна. Харин бооцоо тавиагүй, мөнгө шилжүүлээгүй данснууд 391,900 төгрөгийн ашгаа шилжүүлсэн ба Ц.Г-ын эзэмшлийн ............ дугаарын дансанд 6,350 төгрөг үлдэж нийт хонжворт тоглоомоос 398,250 төгрөгийн ашиг олсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт болон хавсралт[7],
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн Г.Ш-ын эзэмшлийн 2018 онд худалдан авсан Самсунг жи-7 маркийн хуучин 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 150,000 /Нэг зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[8],
Т.Б-ын эзэмшлийн Хаан банк дахь ............ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[9],
Б.Б эзэмшлийн Хаан банк дахь ............ дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[10],
Г.Бөхчөдөрийн эзэмшлийн Хаан банк дахь ............... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[11],
Ц.Начингийн эзэмшлийн Хаан банк дахь .................. дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[12],
Г.Ш-ын мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өвөл гэртээ ажилгүй байхдаа фэйсбүүкээр хүмүүст покер тоглуулаад байхаар гэртээ 1-6 гэсэн дугаартай тоо цаасан дээр бичиж байгаад Nandin Nandin гэсэн нэртэй фэйсбүүк хаяг шинээр нээгээд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анх удаа фэйсбүүкээр лайв хийж эхэлсэн. Намайг фэйсбүүк дээр лайв хийж байхад эхлээд нэг их хүн орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би хөзөр тавих дэвсгэрээ өөрчлөөд дахиад лайв хийхэд ганц нэг хүн орж ирсэн. Би эхлээд 6 хүний 10,000 төгрөгөөр тоглуулж байгаад дараа нь 6 хүний 20,000 төгрөгөөр тоглуулсан. Би цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулахдаа дүүгийнхээ найз Г-ын Хаан банкны ............ тоот дансаар мөнгийг нь хийлгэж авдаг байсан ба тоглоомд оролцож байгаа хүн ялагч болсон үед би Ц.Г руу утсаар залгаж хожсон хүний дансыг нь өгч мөнгө шилжүүлдэг байсан. Тэгээд би 2021 оны 01 дугаар сарын 06-ны өдөр цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулж лайв хийж байхад “Цагдаа байна. таны тоглуулж байгаа покер тоглоом хууль бус” гэж бичсэн байсан. Тэгээд би тэр дор нь тоглуулж байсан тоглоомоо болиод Nandin Nandin гэх хаягаа устгасан. Намайг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. Би өөрөө ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн. Амар хялбар аргаар мөнгө олох гэж ийм зүйл хийсэн. Миний буруу гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг[13] зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг 15-14 тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан “Nandin Nandin” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэн Ц.Г-ын Хаан банканд бүртгэлтэй ............ дугаартай харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 398,250 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Жи-7 загварын гар утасны үнэ 150,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 398,250 төгрөг, нийт 548,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хулдаасан материалтай 76*45 см урттай 1-6 гэсэн тоогоор дугаарласан хулдаасан дэвсгэр 1 ширхгийг устгуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Ш нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Ш-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Ш-ын мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийнтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн шунахайн сэдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Ш-ыг мөрийнтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Ш-т прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Жи-7 маркийн гар утасны үнэ 150,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 398,250 төгрөг буюу нийт 548,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн хулдаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Г-ийн Ш-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Жи-7 маркийн гар утасны үнэ 150,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 398,250 төгрөг, нийт 548,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан өнгийн хулдаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 14 тал
[2] Хавтаст хэргийн 22 тал
[3] Хавтаст хэргийн 24 тал
[4] Хавтаст хэргийн 26 тал
[5] Хавтаст хэргийн 31-32 тал
[6] Хавтаст хэргийн 40-46, 66-72, 92-94, 97-99 тал
[7] Хавтаст хэргийн 49-51, 52-58 тал
[8] Хавтаст хэргийн 75-76 тал
[9] Хавтаст хэргийн 100-101 тал
[10] Хавтаст хэргийн 102-104 тал
[11] Хавтаст хэргийн 105-106 тал
[12] Хавтаст хэргийн 107 тал
[13] Хавтаст хэргийн 87-88 тал