Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0100

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0097/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн 2118000000116 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч.Б- 1962 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 2, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны  03 дугаар  сарын 24-ний өдрөөс 2021 оны  03 дугаар  сарын 25-нд  шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-102 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Ц.Д-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант болон тахилзуур яс, баруун шууны богтос ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Яг болсон үйл явдлаа үнэнээр нь хэлэхэд тухайн хэрэг гардаг буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-нд шилжих шөнө Даваадулам бид хоёр архи уусан юм. Даваадулам тухайн үед архи нэг их уугаагүй санагдаж байна. Миний санаж байгаагаар миний ухаан санаа орж гараад Даваадуламыг зодож байх шиг байсан. Тэгээд архиндаа тасраад ухаанаа алдаад нэг мэдсэн чинь гэр дотроо байж байсан. Эхнэр Даваадулам маань гэрт байхгүй байхаар нь гараад гэрээ тойроод хайтал байхгүй, хашааны буланд байдаг нойлын тэнд яваад очсон чинь үс хувцас нь шороотой холилдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би ухаан ороод энэ чинь юу болж байна гээд дотроо бодоод юу болсон талаар асуусан чинь “чи миний гарыг мушгиж хугалаад цээжин дээр дэвссэн. Тэгээд би чамаас айгаад гарч зугтааж явж байгаад хөлөө эвгүй болгочихлоо.” гэж хэлэхээр нь “хоёулаа эмнэлэг дуудъя.” гэж хэлээд 103 руу залгасан чинь “маргааш өглөө эхнэрээ аваад ир.” гэж хэлсэн. Тэгээд Даваадулам надад хандан “би чамд зодуулсан гэж цагдаад хэлэхгүй ээ, би чамайг шоронд оруулаад ял өгөөд явуулчихмааргүй байна. Цагдаа ирээд юу болсон талаар асуувал жорлонгийн нүхэнд унасан гээд хэлчихье.” гэж ярилцсан юм. Тэгээд тухайн үед Даваадулам “харин хоёулаа салъя, би чамд зодуулаад бэртэж гэмтээд амь насаа алдаад хэрэгт хийчих юм байна, эртхэн больё” гэж хэлсэн юм. Миний бие архи хэтрүүлэн хэрэглэснээс болж өөрийн эхнэр буюу Даваадуламыг зодсондоо гэмшиж байна.

...би тэтгэврийн зээлээ 5 сараар аваад 1500000 гаруй төгрөг өгсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, гэмшиж байна, дахин архи уухгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-18/,

-“үнэлгээ 11-ээс 9 буюу дунд” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20/,

-Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр миний цалин болох 214500 төгрөг орж ирээд хамтран амьдрагч болох Ч.Б- бид 2 бирж гарч ойр зуурын хоол хүнс, хувцас хунар аваад би 15000 төгрөг Ч.Б-т өгсөн байсан чинь надад хэлэлгүй 0.75 литрийн архи авчихсан байсан. Тэгээд бид гурав хоол унд хийж идээд авсан архиа хувааж ууцгаасан юм.

...би тухайн архинаас хоёроос гурван хундага уусан. Тэгээд нэг мэдэхэд дахиад нэг шил архи авчихсан байсан, хаанаас мөнгө олоод авсныг мэдэхгүй. Ч.Б- согтоод “янхан, банзал, баарны янхан” гэж хараагаад бэр охин Нямдаваа руу утсаар яриад “ээжийгээ ав” гээд байсан. Би Батсуурийг орилоод байхаар нь зүрх салганаад тэрхэн зуур юу болсноо санадаггүй, согтчихсон хүн шиг болчихдог. Тэгээд нэг мэдсэн чинь нойлын ойролцоо хөл, гар хугарчихсан, нуруу зулгарчихсан байсан. Урьд 2004 онд гэнэт зүрхний цочрол болоод зүрх хаагдаж байсан удаатай юм. Тэрнээс  хойш зүрхний хэм алдагддаг болсон.

...одоо ямар ч байсан хөл дээрээ босоод хоёр тийшээ босохоор болсон. Миний зүгээс Ч.Б-т хөнгөн ял шийтгэж өгөөсэй гэж хүсэх байна. Гэхдээ бас өөрт нь ухаарал өгөөсэй гэж хүсэж байна. Надад эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Б- эмчилгээний бүх асуудлыг хариуцаж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/,

 

-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэж санаж байна 99403385 дугаарын утаснаас миний 99403395 дугаарын утас руу манай хадам аав Ч.Б- залгаад “ээжийгээ ирж ав” гээд цаашаагаа хадам ээж Даваадуламтай яриад загнасан, хэрүүл хийсэн байдалтай яриад байсан.

...тэгээд маргааш өглөө нь манай ах Бат-Эрдэнэ рүү хадам ээж залгаад “хөл маань хугарчихсан юм шиг байна, эмнэлэг хүргээд өгөөч.” гэх хэлэхээр нь би цуг яваад очсон чинь хөл нь хугарчихсан, гар нь хавдсан байна гэж байсан. Би гар, хөл нь хөх няц болсон, ар нуруу нь зулгарсныг хараад хадам аав Ч.Б-т зодуулсан юм байна гэж бодсон. 2017 онд ээжийн толгой нь хагараад тухайн үед ээж нөхөр болох Батсуурийг өмөөрөөд өөрөө толгойгоо хагалчихсан болгосон. 2019 онд хавирга нь хугараад бас л өөрөө хугалсан гэж гүрийгээд хамаатан садандаа худлаа хэлж нуугаад цагдаад өгөөгүй.

...Одоо л хадам аавд арга хэмжээ авахгүй бол нэг нэгнийхээ аминд хүрэх аюултай байгаа. 20 орчим жил хамт амьдарсан дагавар хоёр хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлсэн болохоор хадам аавыг ээж өмөөрөөд зодуулаад л явж байдаг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,

 

-Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө гэртээ байхад манай бэр эгч Нямдаваа над руу залгаад “ээж Даваадуламын гар хөл нь хугарсан, ууц нуруу, цээж нь хөх няц болсон, эмнэлэгт хүргэгдсэн.” гэж надад хэлсэн. Би болсон асуудлын талаар асуухад “хойд аав Ч.Б- урьд шөнө ээжийг Баярмаа ахтай хардаад шөнөжин орилж чарласан. Янхан ээжийгээ ирж ав гээд орилоод байсан, тэгээд өглөө намайг ирэхэд ийм асуудал болсон байсан.” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм.

...манай ээжийг 2017 онд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож толгойг нь хагалж, ээж маань толгойдоо 21 оёдол тавиулж байсан. 2020 онд 2 нялх хүүхдийн хажууд зодож 7-8 хавиргыг нь хугалж гэмтээж байсан удаа байгаа. Тэр үедээ цагдаагийн байгууллагад шалгуулах гэсэн боловч ээж өөрөө өмөөрч хамгаалаад шалгуулаагүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Даваадулам “хөл хугарчихсан байна, ирээд эмнэлэг хүргээд өг.” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь яваад очиход Ч.Б-, Даваадулам нар байсан. Даваадуламын бие нь алаг эрээн зодуулчихсан байдалтай, ар нуруу нь зулгарсан байсан. Хашаан дотор нь харгана ургачихсан байдаг болохоор харгана дээгүүр чирүүлсэн юм байна гэж би бодсон. Тэгээд би Даваадулам эгчээс юу болсон талаар асуухад “мэдэхгүй байна” гээд нөхрөө өмөөрөөд байгаа юм уу? эсвэл айгаад байгаа юм уу? болсон асуудлыг нуугаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,

-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Д-ын биед үүссэн гэмтлүүд нь зодуулж цохиулснаас болж үүсгэгдсэн гэмтлүүд байх боломжтой. Хүн өндрөөс унах, халтирч унах үед нэгэн зэрэг олон яс хугарах мөн зөөлөн эдийн зулгаралт, няцралт тэр бүр үүсээд байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/,

 

-“Ч.Б- нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл болно. Ч.Б- нь сэтгэцийн хувьд эрүүл, болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Ч.Б- нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 66/,

 

“...Ц.Д-ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур яс, баруун шууны богтос ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Д-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.Д-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Д- нь 2019 онд нөхөртөө зодуулж хавирга нь хугарч байсан гэх боловч тухайн цаг хугацаанд үзүүлж байсан тухай эмчийн тодорхойлолт, рентген зураг болон эмнэлгийн бусад материал ирүүлээгүй болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73/,

 

-Ц.Д-ын хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, эмнэлгийн хяналтын картын хуулбар /хавтаст хэргийн 78-93/,

 

-Хохирогч Ц.Д-ын “миний зүгээс Ч.Б-тай олон жил хамтран амьдарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм учраас хэргийг түргэн хугацаанд шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 128-129/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-102 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Ц.Д-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант болон тахилзуур яс, баруун шууны богтос ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 199 дугаар шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 72-73/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Б-, хохирогч Ц.Д- нар нь хамтын амьдралтай болох нь талуудын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ч.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ц.Д- нь “...миний зүгээс Ч.Б-тай олон жил хамтран амьдарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм учраас хэргийг түргэн хугацаанд шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 128-129/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ч.Б-иас гаргуулах төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Ч.Б- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Б гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ч.Б-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Б-т анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ