Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0106/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Э- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2118000000123 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э-д, 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Б.Б-ийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун чамархай, баруун, зүүн сарвууны завсар шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн суга, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, зүүн суганы урд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Б.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би согтуугаар ийм хэрэг үйлдсэн. Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12/,

 

-27 см урт төмөр иштэй, ажлын хэсгийн урт 4.5 см урт төмөр алх, ажлын хэсгийн урт 6.5 см, өргөн 2.5 см ногоон алаг өнгийн хуванцар бариултай, бариулын урт 4 см заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13/,

 

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим гэртээ Э бид хоёр жаахан архи уучхаад байж байгаад би “одоо унтаж амаръя” гэж хэлэхэд надаас хэрүүл хайгаад “чи муу одоо юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд нүүр рүү минь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд нь би “чи одоо болиоч” гэж хэлэхэд миний толгой руу төмөр алх, заазуур зэргийг аваад цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Тэгээд намайг элдэв бусаар хараагаад хашхирч байгаад хэсэг чимээгүй болсон. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад манай ах Батням, эхнэр Отгонбаяртайгаа хамт манайд ирсэн. Тэгэхэд манай нөхөр Б.Э- намайг өөрийнхөн Хаан банкны виза карт авчихлаа гээд дахиад хэрүүл хайгаад маргаан болсон. Тэгэхэд манай ах Батням руу Б.Э- дайраад элдэв хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай ахын эхнэр Отгонбаяр 23 цаг өнгөрч байхад цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17,

-Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчим миний хамтран амьдрагч Батнямын төрсөн дүү болох Б.Б-ийн гэрт нь очиход Б.Б-ийн толгойноос цус гарчихсан, жаахан халамцуу байдалтай гэртээ сууж байхаар нь юу болсон талаар асуухад “Б.Э- намайг зодчихлоо, тэгээд гараад зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн дараагаар Б.Э- гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 94470485 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Б.Э-г авч явсан. Харин Б.Б- эмнэлэг рүү толгойндоо оёдол тавиулахаар явсан. Б.Б-, Б.Э- хоёр гэртээ хоёулхнаа архи ууж байгаад хоорондоо маргалдаад зодолдсон гэсэн. Тэгэхэд Б.Э- Б.Б-ийн толгой руу заазуур, төмөр алх зэргээр цохиж хагалсан гэж Б.Б- тухайн үед надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

-Б.Б-т тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 22-26/,

-“...Б.Б-ийн биед баруун чамархай, баруун зүүн сарвууны завсар шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн суганы урд, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, зүүн суганы урд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц болон мохоо ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/,

-“Аюулын зэргийн үнэлгээ 6 буюу дунд” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 72-73/,

-Хохирогч Б.Б-ийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 80/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 1 дүгээр баг Пионерын 7-60 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-ийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун чамархай, баруун, зүүн сарвууны завсар шарх, баруун нүдний зовхи, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн суга, баруун гуянд цус хуралт, баруун бугалга, зүүн суганы урд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 28-29/ нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э-, хохирогч Б.Б- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Э-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Б-ийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 80/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй байгаа нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урт төмөр иштэй, ажлын хэсгийн урт 4.5 см урт төмөр алх 1 ширхэг, ажлын хэсгийн урт 6.5 см, өргөн 2.5 см ногоон алаг өнгийн хуванцар бариултай, бариулын урт 4 см заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Э-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Э-д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урт төмөр иштэй, ажлын хэсгийн урт 4.5 см урт төмөр алх 1 ширхэг, ажлын хэсгийн урт 6.5 см, өргөн 2.5 см ногоон алаг өнгийн хуванцар, 4 см урт бариултай заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ