| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0117 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0113/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Ш.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-т холбогдох эрүүгийн 2118000000126 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Г-, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн хуучин хорооллын 18 дугаар байрны 02 тоотод Г.С-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн сарвууны алганы хагас саран ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, баруун өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Ш.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.С- гэж манай хадам аавын төрсөн дүү байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Г.С- эгч залгасан. Намайг “яагаад архи дарс уугаад байна, хүрээд ир.” гэхээр нь би “чадахгүй, миний амьдрал танд хамаагүй.” гэсэн. Сараа эгч “Эхнэр чинь ийм байна, ураг нь амьгүй болсон байна, чи наанаа байж байгаарай.” гээд байсан. Тэгээд гэрт хүрч ирээд “Солонгоо энэ хүүхдээ ав” гэсэн. Солонгоо хүүхдээ аваад холдоход Г.С- эгч намайг загнаад цохиод байхаар нь “боль л доо” гээд би буцаагаад цохисон. Тэгтэл Сараа эгч цаашаа унасан.
...2200000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн.
... Дахин миний амьдралд битгий оролцоосой л гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,
-Хохирогч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэрт манай ах болох Лхагважав орж ирээд надтай юм ярьж байгаад “ах нь үнэхээр хэцүү байна, манай хүргэн болох Ш.Г- шөнө согтуу ирчхээд хүүхэд халуурч байхад эхнэрээ ална шүү, энэ тэр гэж хэлээд агсам тавиад байхаар нь би нөгөө өрөөнөөс хөөш чи дүйгүй байгаач, цагдаа дуудна шүү гэж хэлсэн.” гэж надад хэлэхээр нь би Ш.Г-ын 99946707 дугаарын утас руу залгасан чинь манай дүү Солонгоо нөхрийнхөө гар утсыг авахаар нь би Ганбаатай яръя гэж хэлсэн чинь Солонгоо “та яах гээд байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь “зүгээр ээ, Ганбаад утсаа өг” гэж хэлсэн ба Солонгоо Ш.Г-т утсаа өгөхөөр нь би Ш.Г-т “чи утсаа аваад наад хоёроосоо холдоодох” гэж хэлсэн юм. Тэгээд би Ш.Г-т хандаж “хүүхэд чинь өвчтэй байхад чи хар ус гударч миний дүүд агсам тавьж яаж чадав” гэж хэлсэн юм. Гэтэл Ш.Г- над руу хандаж “хэн тийм жүжиг зохиож яриад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь “урьд шөнө чи тэгсэн байна” гэж хэлсэн чинь “тэглээ гээд одоо яг яах гээд байгаа юм бэ?” гээд өөдөөс хашхирсан юм. Би Ш.Г-ыг “манай гэрт хүрээд ир” гэсэн чинь Ш.Г- “чадахгүй” гэж хэлэхээр нь “тэгвэл чи гэртээ байж бай, би яваад очъё” гэж хэлээд хориод минутын дараа Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны 2 тоотод очсон. Намайг гэрт ороход Ш.Г- том өрөөнийхөө цонхон талын буйдан дээр хүүхдээ тэврээд сууж байсан, Солонгоо гал тогоондоо байсан юм. Би Ш.Г- дээр очоод “чи одоо гавьяа байгуулчихсан биш хүүхдээ өвчтэй байхад архи ууж агсам тавьчхаад утасны цаанаас яасан олон юм ярьдаг юм бэ?” гэж хэлээд загнаад дөхөөд очтол хүүхдээ газарт тавиад босож ирснээ намайг цохичихсон юм. Тэр үед би цохиулаад ухаан алдчихсан байна лээ. Нэг мэдсэн чинь “аниа аниа” гээд Солонгоо, Ш.Г- нар намайг сэгсрээд зогсож байсан. Тэр үед миний дотор муухайраад 2-3 удаа огиулаад би шууд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8/,
-“ Г.С-ийн биед тархи доргилт, зүүн сарвууны алганы хагас саран ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, баруун өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.С-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.С-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14/,
-Гэрч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн дүү Г.С-тэй Ш.Г-, Солонго нарын хоорондын харилцаа, амьдрал ахуйн талаар яриад урьд шөнө Солонгоогийн хүүхэд халуураад хүргэн Ш.Г- гаднаас согтуу орж ирээд “пизда нахуу, чамайг ална, чи муу юу юм” гэж орилоод байхаар нь би өөрийнхөө өрөөнөөс “та нар харанхуй шөнө хүүхэд өвчтэй байхад болиорой” гэж хэлсэн чинь тоохгүй хэрэлдээд байхаар нь босоод “цагдаа дуудна шүү” гэж хэлсэн чинь хэвтсэн гээд энэ асуудлын талаар Г.С-т хэлсэн чинь уурлаад Ш.Г- дээр очоод загнах гэж байгаад зодуулаад ухаан алдаад гарын яс нь хугарсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
-Гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр Ш.Г- болон хүүхэдтэйгээ гэртээ байж байсан чинь Сараа эгч нөхөр лүү маань залгаад хэсэг хугацааны дараа ирсэн. Би тухайн үед гал тогооны өрөөндөө цай уугаад сууж байсан. Сараа эгч манай гэрт орж ирээд шууд том өрөө лүү ороод Ш.Г- дээр яваад очсон юм. Намайг гал тогооны өрөөнд цай уугаад сууж байхад Ш.Г-, Сараа эгч хоёр хэрэлдээд байсан. Хэрэлдэх шалтгаан нь 5 дахь өдөр хүүхэд маань халуураад, гэдсэнд байсан хүүхэд маань өсөлтгүй жирэмслэлт болоод байж байхад Ш.Г- архи уугаад гэрт орж ирээд “хүүхэд яагаад өсөлтгүй болчхов, хэнээс шалтгаалаад ийм болоод байгаа юм бэ?” гээд гомдсондоо орилоод бухимдлаа гаргасан юм. Тэрийг нь нөгөө өрөөнд байсан аав маань сонсчхоод “чи яагаад орилоод байгаа юм бэ?” гэж хэлээд маргааш нь энэ болсон асуудлыг Г.С- эгчид очоод хэлчихсэн юм байна лээ. Тэгээд Г.С- эгч намайг өмөөрөх гэсэндээ манай гэрт ирсэн. Тэгээд намайг гал тогооны өрөөнд сууж байхад пид пад гээд дуу чимээ гарахаар нь би яваад очсон чинь Г.С- эгч шалан дээр нүүрээрээ уначихсан ухаан балартсан байхаар нь Ш.Г- бид хоёр эргүүлээд хэвтүүлсэн чинь амьсгаа аваад сэрсэн юм. Тэгээд Г.С- эгч цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. Сараа эгч босоод нүүр хавдаж эхэлж байна, хөл өвдөж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/,
-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тархи доргилт, зүүн сарвууны алганы хагас саран ясны далд хугарал, баруун өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал нь унах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл харин баруун хацарт үүссэн цус хуралт нь цохигдох үед үүсэх гэмт юм. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,
-Г.С-т тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 34-37/,
-“Саран элит” клиникийн эмнэлгийн рентген оношилгооны хариу, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 38-43/,
-Хохирогч Г.С-ийн шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн баримтууд /хавтаст хэргийн 46-57/,
-Гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Г.С- эгчийн гэрт ороод уулзаад гарах гэж байсан чинь “эгчийгээ дүүгийнд хүргээд өг” гэж хэлэхээр нь би Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны гадна өөрийн машинаараа хүргэж өгсөн юм. Тэгээд багш нь удахгүй гэж хэлэхээр нь 20-30 минут орчим хүлээж байсан чинь цагдаагийн машин ирээд удалгүй Г.С- багш ганцаараа хацар шанаа нь хавдчихсан гар, толгой, хамаг бие өвдөөд байна. Манай хүргэн Ш.Г- миний нүүр рүү буюу хацар руу цохиод би газар унаад ухаан алдаад сэрсэн. Манай дүү Солонгод нөхөр болох Ш.Г- агсам тавиад байхаар нь ганц хоёр үг хэлэх санаатай гэрт орсон чинь хүүхэд тэвэрч сууж байснаа босож ирээд намайг цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61/,
-Гэрч Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажилтай байсан. Орой 19-20 цагийн орчим утсаа өрөөндөө орхисон байсан чинь утас руу олон удаа залгасан байсан. Тэгээд би эхнэр лүүгээ залгаад “яасан, юу болсон юм бэ?” гэж залгаж асуусан чинь “Ш.Г-т зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ?” гэж асуусан чинь “Ш.Г- нь эхнэр Солонго, ах Лхагважав нарт урьд өдөр нь агсам согтуу тавиад байхаар нь уулзаж хэдэн үг хэлэх санаатай гэрт нь яваад очсон чинь үг дуугүй намайг цохиод унагаасан, тэгээд би ухаан алдаж унаад нэг сэрсэн чинь Солонго, Ш.Г- хоёр Сараа эгчээ сэрээч ээ гэж угзарч байсан. Тэгээд би одоо эмчид үзүүлэх гээд хүлээн авах дээр байж байна” гэж хэлсэн. Тэгээд би Ш.Г- луу шууд залгаад “Ш.Г- минь юу болоод байна, яагаад Г.С- эгчийгээ цохиж байгаа юм” гэж асуусан чинь “уучлаарай, Өлзийбат ах аа миний буруу” гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63/,
-Гэрч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 17 цаг 30 минутаас 02 цагийн хооронд Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт 74 пролтойгоор явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн өдөр цагийг нь сайн санахгүй байна, шуурхай удирдлагын тасгаас станцаар “Дархан сумын 16 дугаар баг хуучин хорооллын 02 тоотод хэрүүл маргаан болоод байна” гэх дуудлага өгсний дагуу очиход Г.С- гэх эмэгтэй нүүр, хацар хэсэг нь цохиулаад хавдчихсан байдалтай, хэрүүл маргаантай байж байсан. Тухайн цохиулсан гэх эмэгтэй нь “хүргэн дүү гэх залууд цохиулсан, би цагдаад гомдол гаргана, хуулийн дагуу шалгуулна” гэж хэлэхээр нь “та эмнэлгийн байгууллагад биеийн байдлаа үзүүл, би хүргэнийг чинь аваад явлаа” гэж хэлээд тухайн айлаас гарсан. Тухайн айлаас гарахад Г.С- гэх эмэгтэйг машинтай эмэгтэй аваад явж байсан. Хүргэн гэх залуу урьд өдөр нь архи уусан бололтой хоноц үнэртүүлчихсэн байдалтай, харин Г.С- гэх эмэгтэй архи уугаагүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72/,
-Хохирогч Г.С-ийн “... Ш.Г- нь эмчилгээний зардал болох 2200.000 төгрөгийг надад өгч уучлалт гуйж, гэм буруугаа ухаарч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 113/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Ш.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн хуучин хорооллын 18 дугаар байрны 02 тоотод Г.С-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн сарвууны алганы хагас саран ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, баруун өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 13-14/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Г-т холбогдох хэргийн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Г.С- нь прокурорын шатанд: “...Ш.Г- нь эмчилгээний зардал болох 2200.000 төгрөгийг надад өгч, уучлалт гуйсан, гэм буруугаа ухаарч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 113/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Г-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ш.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Г-т анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Г-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Г-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ