Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0105/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч А.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Г.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 2118000000083 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.О-, 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх,  хоёр дүүгийн хамт оршин суух, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.О- нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд гэртээ зэвсэг хэрэглэж, төрсөн дүү болох Г.Д-ын цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “...цээжний зүүн дээд хэсгээр нэвтэрч цээжний хөндийд хий болон цусан хураа үүсгэсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дүү Г.Д- орж ирээд гэрт архи уулаа гэж маргалдсан. Тэгээд миний ууж байсан архийг крант руу асгасан. Тэгэхэд би нэлээн уучихсан байсан болохоор маргалдаад, мах хэрчиж байсан хутгаар хутгалсан.

...Маш их гэмшиж байгаа, би доороо 3 дүүтэй, ээжийгээ асардаг. Энэ манай хамгийн бага дүү юм. Дүүгээ гэмтээсэндээ маш их гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би ахын ууж байсан архийг асгасан чинь над руу уурласан. Тухайн үед Г.О- ах цэнхэр иштэй хутгаар мах зүсэж идэх гэж байгаа бололтой гартаа барьсан байхаар нь би түүнийг алив наад хутгаа гэсэн чинь надад уурласан уурандаа хутгаа өгөхгүй гээд булаацалдсан. Тухайн үед Г.О- ах архи асгасан гээд их ууртай байсан бөгөөд надтай зууралдах үед би хойшоо халтирч арын ханаа налахад Г.О- ах барьж байсан цэнхэр өнгийн иштэй хутгаар миний цээжний зүүн хэсэгт санамсаргүй байдлаар хатгаж гэмтээсэн.

...Уушгинаас ус авсан, 8 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Хагалгаа хийгдээгүй. Энэ ах маань намайг өсгөсөн. Ээж маань хөлөө тайруулаад 10 жил болж байна. Манай энэ ах л ээжийг ганцаараа асардаг. Ээж үнэхээр шөнөдөө 3-4 удаа босож бие засдаг. Ах л ээжийг хүндрүүлдэг.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/,

-Хэрэг учрал гарсан газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12/,

-11 см урт ажлын хэсэгтэй, цагаан, хөх өнгө хосолсон иштэй 1 ширхэг хутгыг  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15/,

 

-Хохирогч Г.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17/,

 

-Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн гэр болох Хайрхан багийн 38-10 тоотод ээж Цогоо, дүү Г.Д- нарын хамтаар байхад орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна гаднаас ах Г.О- архи уучихсан халамцуу байдалтай орж ирээд намайг галын өрөөнд дуудсан. Тэгэхээр нь би яваад ороход ногоон өнгийн хаягтай, нэг шил архи гаргаж ирээд “100 татах уу?” гэхээр нь би зөвшөөрч дөнгөж нэг татаад сууж байтал дүү Г.Д- цаанаас гарч ирээд” та нар гэр оронд архи уугаад байхдаа яадаг юм.” гээд ширээн дээр байсан архийг булааж аваад угаалтуурт асгасан. Тэр үед Г.О- ах “чи яахаараа миний авсан архийг асгадаг юм.” гээд Г.Д-тай маргаж барилцаад авсан. Тухайн үед салчих байлгүй гэж бодоод би тоолгүй цай уугаад сууж байтал салах шинжгүй бараг зодолдох гээд байхаар нь би дундуур нь орж салгасан чинь Г.О- ах цаашаа яваад өгсөн. Харин би буцаж суугаад цайгаа ууж байтал Г.Д- нь “ах намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би түүнийг хартал цээжний зүүн хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-“Г.Д-ын биед цээжний зүүн дээд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч цээжний хөндийд хий болон цусан хураа үүсгэсэн шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Д-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021.02.12-нд үүссэн байх боломжтой. Г.Д-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-36/,

 

-Г.Д-т яаралтай тусламж үзүүлэх хуудас, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн баримтын хуулбарууд /хавтаст хэргийн 50-59/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.О- нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 38-10 тоотод байх гэртээ зэвсэг хэрэглэж, төрсөн дүү болох Г.Д-ын цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “...цээжний зүүн дээд хэсгээр нэвтэрч цээжний хөндийд хий болон цусан хураа үүсгэсэн шарх” бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан “учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэг”-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Г.О-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.О-аас гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 см урт ажлын хэсэгтэй, цагаан, хөх өнгө хосолсон иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.О-ын эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.О-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т 3 жил 4 сар 10 хоногийн /гурван жил, дөрвөн сар, арав хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 3 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 см урт ажлын хэсэгтэй, цагаан, хөх өнгө хосолсон иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.О-ын эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ

 

                             ШҮҮГЧИД                                                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                                                                Н.ИДЭР