Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2016/01929/и |
Дугаар | 1302 |
Огноо | 2017-06-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1302
2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2017/01303 |
Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00946 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Түгээмэл шуурхай шуудан” ХХК, “Мегабренд” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 615 830 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Алтан түлхүүр” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2 530 296 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй
Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Адилбек
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж менежерийн албан тушаалд ажилд орсон.
Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захирал дуудаж, дахин хамтран ажиллах боломжгүй гэж тайлбарлан ажлаас халсан. Би яагаад халагдсан үндэслэлээ тодорхой мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 11 дүгээр сарын 14-ний өдөр тушаалтайгаа танилцахад энэ ажлыг хийх чадваргүй гэж бичсэн байсан.
Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажилласан 15 хоногийн цалин 250 000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны олговорт 2 615 830 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба би компанид ямар ч хохирол учруулаагүй харин өөрөө хохироод байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбилэг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн захирлын мэдлийн “Мегабрэнд” ХХК-иас эрхлэн гаргадаг хүүхдийн Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажлыг хариуцан ажиллахаар тохиролцсон. Үндсэн ажил үүргийн хувьд сэтгүүлийг сар бүр тохирсон тооноос бууруулахгүйгээр борлуулах, Алтан түлхүүр хүүхдийн нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, реклам олох, сайтыг бараажуулах ажил байсан. Алтан түлхүүр сэтгүүл нь үйл ажиллагаа явуулаад жил болсон төдийгүй энэ хугацаанд нийт 90 дугаар гаргасан, сар бүр дунджаар 10 000 орчим хэвлэгддэг олон нийтэд танигдсан сэтгүүл юм.
Б.Эрдэнэбилэг нь ажиллах хугацаандаа хүүхдийн нэвтрүүлгийн реклам, ивээн тэтгэгчээр нэг ч байгууллага олоогүй, сайтыг бараажуулах ажлаар нэг ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. Тухайн ажлыг авснаас хойш менежерүүдийн ажлыг долоо хоног тутам дүгнэн хуралдаж байхад Б.Эрдэнэбилэг нь ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадахгүй байсан тул сануулга өгч байсан. Тэрээр ажилд ороод сар ч болоогүй байхдаа би энэ ажлыг ер нь хийж чадахгүй байна гэх шалтгаан тоочиж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ амаар тавьж байсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс түүнийг төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй хариуцлагагүй ажилласанд нь хариуцлага хүлээлгэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь хэсгийг үндэслэн үндсэн цалингаас 20 хувиар хасах арга хэмжээ авч дахин нэг боломж олгож үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.
Гэвч түүнээс хойш захиалгын тоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийгээгүй. Гэтэл захирал Г.Баттөр миний бие 2016 оны 10 сарын 12-ны өдөр ажлаар Замын-Үүд чиглэлд явахдаа “Алтан түлхүүр” сэтгүүлээ авч яван замын аймгуудаар борлуулалт хийхэд Б.Эрдэнэбилэгийн хариуцсан Дорноговь аймгийн төвийн сургуулиуд Замын-Үүд суманд нийт 900 орчим сэтгүүлийг борлуулан ирсэн бөгөөд тухайн менежер маань хариуцсан аймагтаа мэдээллээ дутуу түгээсэн, төлөвлөгөөг зөвхөн нэг аймгаас хийх боломж байсаар байхад огт зүтгэл гаргаагүй зэргээс үндэслэн энэ хүний ажлаа хийхгүй байна гэх дүгнэлтэд хүрсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасны дагуу түүний ажилдаа идэвх санаачлагчтай ажиллах, төлөвлөгөөндөө хүрч ажиллахыг сануулж байсан, төлөвлөгөөндөө хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т үндэслэн тус ажилтан мэргэжил ур чадварын хувьд тус ажилд тэнцэхгүй гэж үзэн, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу ажлаас халах арга хэмжээ авсан болно гэжээ.
Б.Эрдэнэбилэгийн хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажил нь сэтгүүл борлуулах байтал 2 сарын хугацаанд 288 ширхэг сэтгүүл борлуулж 2712 ширхэг сэтгүүл борлогдоогүй үлдсэн.
Б.Эрдэнэбилэг нь ажил үүргээ биелүүлээгүйгээс компанид дараах хохирол учирсан болно. Борлогдоогүй үлдсэн нийт 2712 ширхэг сэтгүүл байгаа бөгөөд нэг сэтгүүлийн хэвлэлтийн үнэ 933 төгрөг, нийт хэвлэлтийн зардал 2 530 296 төгрөг болсон.
Иймд хариуцагч Б.Эрдэнэбилэг Хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын үндсэн үүргээ зохих ёсоор бодиттойгоор биелүүлсэн эсэхийг тогтоож, “Мегабренд” ХХК-д учирсан хохирол болох “Алтан түлхүүр” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2 530 296 төгрөгийг Б.Эрдэнэбилэгээс гаргуулж өгнө үү.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгийг хариуцагч “Мегабрэнд” ХХК-ийн Алтан түлхүүр сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 615 830 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэбилэгт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28 800 төгрөгийг Б.Эрдэнэбилэгээс гаргуулж “Мегабрэнд” ХХК-д олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг “Мегабрэнд” ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч “Мегабрэнд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56 803 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 55 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 4550 төгрөгийг гаргуулж хариуцагч “Мегабрэнд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж төлөвлөгөөгөө дараалан биелүүлж чадаагүй тул ажлаас чөлөөлсөн бөгөөд нотлох баримтаар нотлогдож байна.
Гэтэл борлуулалтын менежер Б.Эрдэнэбилэг нь батлагдсан төлөвлөгөөний дагуу нэг сард 1500 ширхэгээс дээш сэтгүүл борлуулах ёстой байтал 9 дүгээр сард 294 ширхэг сэтгүүл, дараагийн cap болох 10 дугаар сард нь 355 ширхэг сэтгүүл борлуулсан. Төлөвлөгөөний дагуу 9,10 дугаар сард нийт 3000 ширхэг сэтгүүл борлуулах ёстой байтал 288 ширхэг сэтгүүл борлуулж компанид хоёр сарын хугацаанд нийт 585 000 төгрөгийн орлого оруулсан байна. Үүнээс 2712 ширхэг сэтгүүл борлогдоогүй үлдсэн.
Иймд Б.Эрдэнэбилэг нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарийн дагуу захирлын баталсан ажил үүргийн төлөвлөгөөг биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадаагүй тул компаний зүгээс сануулга өгч мөн захирлын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/003 дугаар тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах хүртэл арга хэмжээг тус тус авч байсан. Үүнээс үзэхэд Б.Эрдэнэбилэг нь захирлын баталсан төлөвлөгөөг бүрэн биелүүлээгүй болох нь нотлогдож байна. Дээрх арга хэмжээг авсан ч ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул ажилтантай байгуулсан гэрээний 3.3-т зааснаар сахилгын зөрчлийг удаа дараа гарган хийсэн ажилдаа хайнга хандаж байгууллагад хохирол учруулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2016/009 дугаар тушаалыг гаргасан.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нь сахилгын зөрчил гаргасан гэдэг нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийг хуваарьт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд “Мегабренд” ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй үзэж байна.
Гэтэл шүүх зөвхөн тушаалын ажил хийх чадамжгүй гэсэн үндэслэлийг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй тул ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх гэсэн заалтыг үндэслэлээгүй байна.
Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалд заагаагүй үндэслэлээр гаргасан хариуцагчийн тайлбарыг үндэслэн ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй юм гэсэн байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэн 40.1.4 дэх хэсгийг орхигдуулсан нь шүүхийн үндэслэл ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэдгийг харуулж байна.
Дээрх дурдсан үндэслэлээр үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэл болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн хуулийн гол зорилго болох ажилтан ажил олгогчийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг зөрчиж хэргийг шийдсэн байна.
Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нь хариуцагч “Мегабренд” ХХК, “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин 250 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 615 830 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Алтан түлхүүр” сэтгүүлийн борлогдоогүй үлдсэн сэтгүүлийн хэвлэлийн зардал 2 530 296 төгрөгийг хохиролд тооцуулж гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнбилэг нь хариуцагч “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн өдрөө хариуцагч “Мегабренд” ХХК-ийн захирлын 09/004 тоот тушаалаар сэтгүүлийн борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2016/009 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-ийг хариуцагчаар татсан, ажил авах, ажлаас чөлөөлөх тушаалыг “Мегабренд” ХХК нь гаргасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг харьцуулан үзэж, Б.Эрдэнэбилэг нь “Мегабренд” ХХК-ийн борлуулалтын менежерийн ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
. Түүнчлэн “Мегабренд” ХХК болон Б.Эрдэнэбилэг нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учраас хариуцагч “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд “ажилд орсноос хойш өөрийн хариуцсан ажилд хариуцлагагүй хандаж төлөвлөгөөгөө дараалан биелүүлж чадахгүй байгаа” гэсэн үндэслэл зааж ажилтныг ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил буюу хөдөлмөрийн гэрээний 3.3.б дэх хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэх зохицуулалттай нийцсэн боловч ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй байна.
Хариуцагч байгууллагын эрхлэн гаргадаг “Алтан түлхүүр” сэтгүүлийн борлуулалт хангалтгүй байсан нь сэтгүүлийн борлуулалтын тайлангаар тогтоогдож байх боловч уг зөрчлийг ажилтан Б.Эрдэнэбилэг гаргасан гэдгийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгийг сэтгүүлийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2016 оны 10 дугаар сарын цалин 250 000 төгрөгийг дутуу олгосныг гаргуулах хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч “Мегабренд” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нь ажилдаа хайнга хандсаны улмаас борлогдоогүй үлдсэн 2 712 ширхэг сэтгүүлийн хэвлэлтийн зардал 2 530 296 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн ажилтан Б.Эрдэнэбилэг нь ажил олгогчтой ажил хүлээлцэхдээ “тооцоогүй” гэж гарын үсэг зурсан боловч хариуцагч байгууллагад 2 530 396 төгрөгийн борлуулалт хийгээгүйгээс хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан эд хариуцагч гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 9 ширхэг сэтгүүлийн үнэ болох 28 800 төгрөгийг төлөөгүйг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00946 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.5” гэснийг “133 дугаар зүйлийн 133.1” гэж,
“үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг “Түгээмэл шуурхай шуудан” ХК-д холбогдох шаардлагыг” гэснийг “үндсэн нэхэмжлэлээс 250 000 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 501 496 төгрөг гаргуулах хэсгийг, “Түгээмэл шуурхай шуудан” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 57 713 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Э.ЗОЛЗАЯА