Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0244

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0244

Улаанбаатар хот

Б.У, Д.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

 

Нэхэмжлэгч Б.У, Д.Б нар

Хариуцагч СЭАУБХ

Гуравдагч этгээд: Д.О

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагч Б.С,

Гуравдагч этгээд Д.О, түүний өмгөөлөгч Д.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 159/2021/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У, Д.Б нараас СЭАУБХ-т холбогдуулан “СЭАУБХ-ийн уб-гчийн  2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот үйлчилгээний зориулалттай 257.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Д.Б нарыг улсын бүртгэлийн Ү-1307002496 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 7, 8, 10 дугаар зүйлийн 10.1, 29 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У, Д.Б нараас СЭАУБХ-ийн уб-гчийн  2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот үйлчилгээний зориулалттай 257.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Д.Б нарыг улсын бүртгэлийн Ү-1307002496 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо:

3.1. Нэхэмжлэгч Б.У, Д.Б нар нь СЭАУБХ-т холбогдуулан СЭАУБХ-ийн уб-гчийн  2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 баг, Минжинхангай Төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002496 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ СЭАУБХ-т холбогдуулан СЭАУБХ-ийн уб-гчийн  2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 баг, Минжинхангай Төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002496 дугаарт бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв явагдсан гэж дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалт хэрэглэсэн буюу бүртгэл хийгдэх үед дагаж мөрдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд херенгийн 491 бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглээгүй.

3.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.Мөнхзаяа байсан, түүнийг чөлөөтэй хугацаанд дахин өөр шүүгчид хуваарилагдсан байсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчээр тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатар оролцсон ба хэргийн оролцогч нарын зүгээс эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэгт шүүгч солигдсонтой хамааралтайгаар дахин танилцуулах хүсэлт тавьсан боловч хангаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарн 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын дагуу Цахим оролцогчийн баталгаа зуруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

3.4. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
  2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрх баталгаажуулах тухай” 213 дугаар захирамжаар эзэмшиж байсан 534 м.кв газраа Д.Б-аас өөрийн төрсөн охин Б.У-т шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Мандал сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 51 дүгээр захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байна.
  3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, СЭАУБХ-ийн уб-гчийн  2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод 257.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Д.Б нарыг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1307002496 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журам зөрчигдсөн байдал тогтоогдсонгүй. Тодруулбал,

3.1. Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн хууль ёсоор эзэмшиж байсан 534 м.кв газраа төрсөн охин Б.У-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай сумын засаг даргын шийдвэр гарахаас өмнө төрсөн дүү Д.О-тэй хэлэлцэн тохиролцож эзэмшил газарт үл хөдлөх эд хөрөнгө барихыг зөвшөөрч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон байна.

3.2. Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалтай.

3.3. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс мэдүүлэг гаргагч Д.О, хамтран өмчлөгчөөр Д.Бямбааг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Д.Б-ийн СЭАУБХ-т гаргасан нотариатаар баталгаажуулж, гэрчлүүлсэн түүний өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг болон план зураг, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг хүлээн авч, хуулийн шаардлага хангасан бөгөөд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот 257.3 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Д.Б нарыг бүртгэж, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324292 дугаартай гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.8, 13.10, 15 дугаар зүйлийн 15.2, 17, 18 дугаар зүйлд заасантай нийцсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бүртгэлийн ажиллагаа хууль, журмын дагуу зохих ёсоор явагдсан байна.

3.4. Нэхэмжлэгч Д.Б-аас эзэмшил газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барих эрхийн зөвшөөрөл өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр бүртгэлд хандаагүй гэж мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна.

3.5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч нарын буюу бусдын эзэмшил газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барих болон түүнийг өмчлөх эрх гуравдагч этгээд Д.О-т хууль ёсоор үүссэн байх тул нэхэмжлэгч нар нь үл хөдлөх өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлийн маргааны үйл баримтад Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хуулийн хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, ингэхдээ нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 7, 8, 10 дугаар зүйлийн 10.1, 29 дүгээр зүйлд заасныг” гэснийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 17, 18 дугаар зүйлүүдэд заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА