Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0127

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0122/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Н.С- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-д холбогдох эрүүгийн 2118000000112 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.С, 1998 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.С- нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах "Гос-хот" өрхийн эрүүл мэндийн төвийн гадна хууль сахиулагчийг буюу  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь халдан, хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр :

 

-Шүүгдэгч Н.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан дээдийн хажууд согтуу машин бариад явсан. Уг нь манай найз барьж байсан. Тэгээд явж чадахгүй болохоор нь би шавран дээгүүр нь гаргаж өгсөн. Тэгээд хажуугаар машин зөрөхдөө согтуугаар машин бариад байна гэхээр нь би маргалдаж, намайг “үлээ” гэхэд нь үлээгээгүй. Би дүрэмт хувцасгүй цагдаа гээд жаахан уучихсан байсан болохоор маргасан.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архинаас болж гэмт хэрэг үйлдсэн. Би архи уухгүй гээд өөртөө амласан.

...Хохирол төлбөрт 430000 төгрөг төлсөн. Харин албаны машины эвдэрсэн зүйлийг засаж өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 0102 ДАУ дугаартай албаны машинд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12/,

 

-Б.Э-ын Самсунг А10s маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14/,

 

-“Гос Хот” өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22/,

 

-Гэрч Э.Ууганбаяраас гаргуулан авсан энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23/,

 

-Хохирогч Б.Э-ын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын үүрэг гүйцэтгэх хуваарь /хавтаст хэргийн 36/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн жагсаалт /хавтаст хэргийн 39/,

 

-Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цаг өнгөрч байхад ахлах ахлагч Ууганбаяр над руу 143 дуудлагатай станцаар “согтуу жолооч бичиг баримтаа шалгуулахгүй байна хүрээд ир” гэхээр нь “Госхот” өрхийн эрүүл мэндийн төвийн урд яваад очтол хар савхин куртиктэй согтуу залуу утсаар яриад зогсож байсан ба түүний хажууд Ууганбаяр зогсож байсан юм. Би тэр хоёрын | хажууд очоод бичиг баримтаа шалгуулаач гэж хэлтэл нөгөө согтуу залуу цаана нь байсан 05-58 СЭҮ улсын дугаартай киа приде маркийн мөнгөлөг саарал өнгийн машин руугаа очоод улаан өнгийн хавтастай зүйл гаргаж ирээд “муу лалруудаа би та нарт бичиг баримтаа шалгуулахгүй” гээд дэлгүүрийн хашаа руу давуулаад шидчихсэн юм. Тэгэхээр нь би та яагаад бичиг баримтаа шалгуулахгүй байгаа юм бэ гээд ойртоод очтол тэр согтуу залуу “би согтуу машин бариагүй, та нарт шалгуулахгүй” гээд намайг заамдаж аваад миний баруун мөрөнд байсан энгэрийн камерыг аваад замын нөгөө талд байсан хашаа руу шидсэн юм. Тэгэхээр нь Ууганаа бид хоёр тэр залууг гавлах гэтэл тэр шаардлага эсэргүүцэж миний цавь болон зүүн гуя руу өшиглөөд авсан юм. Тэгж байтал нөгөө залуу намайг мөргөх гэхээр нь Ууганбаяр бид хоёр тэр залууг гавлаад албаны машинд суулгаад аваад явсан юм. Тэгтэл тэр залуу албаны алаг тэргэнд суусан хойноо хэл амаар доромжлоод та нарыг ална, үр хүүхдийг чинь ална гээд албаны машины жолоочийн эсрэг талын арын хаалганы дуу өсгөгчийг өшиглөөд хагалсан юм. Тэгээд тэр залууг эрүүлжүүлэхэд аваачихад мөн л агсамнаад байсан бөгөөд тэр нэрээ Нямаа овогтой Н.С- гэж байсан юм. Энэ үед би гар утсаараа ярих гээд халааснаасаа утсаа гаргаж иртэл миний самсунг А-10s маркийн гар утасны дэлгэц хагарсан байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66/,

 

-Хохирогч Б.Э-ын гаргасан “Н.С- нь 430000 төгрөг төлж, миний хохирлыг барагдуулсан, миний биед ямар нэгэн зовуурь байхгүй тул надад ямар нэгэн гомдол санал, байхгүй болно” гэх хүсэлт /хавтаст хэргийн 67/,

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ хэрэгт Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Э-ын ашиглаж байсан энгэрийн камерыг шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байсан. Мөн албаны 01-02 ДАУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы дотор талд байдаг дуу өсгөгч доод хэсэгтээ жижиг хэмжээтэй цуурсан байсныг Н.С- өөрөө засварлаж нааж өгсөн учраас энэ хэрэгт Цагдаагийн газрын зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73/,

 

-Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай ээжийн дүүгийн хүүхэд болох үеэл Н.С- над руу утсаар яриад “би архи уучихсан байна чи миний машиныг бариад надтай хамтдаа жаахан гадуур яваад өг” гэхээр нь би тэгье гээд бид хоёр тохь дээр уулзахад тэр архи уучихсан халамцуу байсан юм. Тэгээд түүнтэй хамт би машиныг нь бариад деревен, ширээ нуруу зэрэг газруудаар явсан. Ширээ нуруунд Н.С- машин дотор 0,5 литрийн соёрхол архины талыг нь ганцаараа уусан бөгөөд би машин барьж байгаа учраас архи уугаагүй юм. Тэгээд бид 2 Дархан дээд сургууль руу очиж Сүхтулгын найз охинтой уулзаад найз охин нь бид хоёроор гэр лүүгээ хүргүүлэхээр болоод ангиасаа юмаа аваад ирье гээд орсон юм. Энэ үед би бие засах гээд машинаас буутал Н.С- жолооны ард суухаар нь би түүнд чи архи уучихсан согтуу машин барьж болохгүй ш дээ гэтэл тэр миний үгэнд орохгүй болохоор нь би түүний хажууд суутал тэр машинаа бариад “Госхот” өрхийн эмнэлгийн наана зогсоол руу орох гэж байхад хажуу тийшээ эсрэг урсгал руу орсон ба машинаа зогсоолд байрлуулсны дараа саарал өнгийн приус 30 машинаас нэг хүн бууж ирээд чи согтуу машин бариад байгаа юм уу? гээд Сүхтулгын машины түлхүүрийг аваад цагдаа дуудсан юм. Тэгж байтал 1 цагдаа ирээд хэн жолоо барьсан бэ гэхээр нь би жолоо барьсан гэж хэлсэн чинь нөгөө цагдаа маань Н.С- руу чи барьсан юм уу гэтэл Н.С- намайг барьсан гэж хэлсэн юм. Энэ үед нөгөө түлхүүр авдаг хүн хүрч ирээд цагдаад Сүхтулгын машины түлхүүрийг өгөөд Сүхтулгыг согтуу машин барьсан гэрч байгаа гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгтэл нөгөө цагдаа Н.С-д чи жолоо барьсан юм биш үү гэж байтал дахиад нэг цагдаа хүрч ирсэн ба Н.С- тэр хоёр цагдаад хандаж би машин бариагүй манай найз барьсан юм, та нар яасан хүний үгэнд итгэдэггүй юм бэ гэсэн. Тэгтэл 2 цагдаа Н.С-ас бичиг баримтаа шалгуул гэхэд Н.С- бичиг баримтаа шалгуулахаас татгалзаад хашаа давуулаад шидчихсэн юм. Тэгэхэд нөгөө 2 цагдаа Сүхтулгыг шаардлага биелүүлэхгүй байна гээд гавлах гэсэн чинь Н.С- эсэргүүцэл үзүүлээд нэгнийх нь энгэрийн камерыг авч шидээд гэдэс болон гуя руу нь өшиглөсөн юм. Тэгээд алаг машин ирээд Сүхтулгыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76/,

 

- Гэрч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад согтуу жолооч хүүхэд дайрчих шахаад “Госхот” өрхийн эрүүл мэндийн төвийн үүдний зогсоол дээр байна гэсэн дуудлагыг хүлээж аваад би унтаагүй байсан учраас Гантөмөр гэх танилтайгаа хамт машинд суугаад очсон юм. Намайг очиход 05-58 СЭҮ удсын дугаартай киа Треди маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу машиныхаа гадна зогсож байхаар нь би тэр хоёр дээр өөрийгөө танилцуулаад энэ машины эзэн нь хэн бэ, хэн энд унаж ирсэн бэ гэтэл согтуу залуугийн нөгөө ажлын хувцастай Чинзориг гэдэг залуу нь би энэ машиныг барьж ирсэн надад бичиг баримт байхгүй энэ манай ахын машин байгаа юм гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөгөө согтуу залууд хандаж чи барьж ирсэн юм биш үү би согтуу жолооч машин барьж байна гэсэн дуудлагын дагуу ирсэн гэж байтал мөнгөлөг саарал өнгөтэй приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу машинаасаа бууж ирээд “энэ хоёр замаар явж байсан хүүхэд дайрчих шахаад эсрэг урсгалд ороод яваад байхаар нь би түлхүүрийг нь аваад цагдаад дуудлага өгсөн юм, жолооч нь энэ хар савхитай согтуу залуу” гээд надад машиных нь түлхүүрийг өгөөд явсан юм. Тэгэхээр нь Н.С- гээд согтуу залууд та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэдгийг нь хэлээд бичиг баримтаа шалгуулна уу гэтэл тэр “би согтуу машин бариагүй, бичиг баримтаа шалгуулахгүй хөгийн муу бацаан минь зайл” гэх мэтээр хэл амаар доромжлоод зугтаах гээд байхаар нь би станцаар нэмэлт хүч дуудаад Б.Э- ирсэн юм. Тэгээд бид 2 түүнийг гавлах гэтэл тэр гавлуулахгүй, бичиг баримтаа шалгуулахгүй хашаа давуулж шидээд Б.Э-ын энгэрийн камерыг авч чулуудаад цавь болон гуя руу нь 2 удаа өшиглөөд авсан юм. Тэгэхээр нь бид хоёр түүнийг гавлаад эрүүлжүүлэх рүү албаны машинтай хүргэж өгөхөд тэр машин дотор мөн л хэл амаар доромжлоод Б.Э- бид хоёрыг ална амьдралаар чинь тоглоно гэж байхдаа албаны машины жолоочийн эсрэг талын хойд хаалганы дифузерийг өшиглөөд хагалсан юм. Мөн эрүүлжүүлэх рүү орсон хойноо согтуурал шалгах гэтэл шалгуулахгүй эсэргүүцэл үзүүлээд байсан юм. Эрүүлжүүлэх  Б.Э- утсаараа ярих гээд утсаа гаргаж ирэхэд нь түүний самсунг А-10s маркийн гар утасных нь дэлгэц хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81/,

 

- Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би захын урд талын замаар машинтайгаа явж байтал миний танил  найз замын цагдаа Ууганаа над руу залгаад агромашийн урд талд хүрээд ирээч гэхээр нь би тэнд нь яваад очтол тэр миний машинд суугаад хоёулаа согтуу жолооч шалгаадахъя, дуудлага гараад байна гээд бид хоёр 18-ын буудал дээр очиход тэр согтуу жолооч нь байхгүй байсан бөгөөд станцаар өөр бас нэг согтуу жолооч “Гос хот” өрхийн эмнэлгийн урд байна гэхээр нь тэнд яваад очтол 05-58 СЭҮ улсын дугаартай жижиг суудлын машинтай 2 залуу байсан. Тэр хоёр машиндаа суугаагүй машиныхаа гадаа зогсож байсан бөгөөд хар өмд, гуталтай, савхин куртиктэй залуу нь нэлээн согтуу бололтой байсан бөгөөд түүний хажууд мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн улсын дугаарыг нь харж амжаагүй машинтай залуу согтуу залуугийн машины түлхүүрийг өгөөд хүүхэд дайрчих шахлаа чи согтуу байна гээд дайраад байхад нь Ууганаа очоод болиулсан юм. Тэгтэл тэр приус-30 машинтай залуу машиндаа суугаад яваад өгсөн юм. Харин Ууганаа нөгөө согтуу залууд яагаад согтуу машин бариад байгаа юм бэ гэхэд нөгөө залуу нь Ууганаагийн өөдөөс салаавч гаргаад би согтуу машин бариагүй пизда минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байхад нь Ууганаа хойшоо алхаад байсан юм. Тэгж байтал замын цагдаа Б.Э- хүрч ирээд Ууганаатай хамжаад нөгөө согтуу залууг барьж аваад гавлах гэсэн чинь нөгөө залуу Б.Э-ын энгэрийн камерыг аваад хашаа руу шидчихсэн юм. Энэ үед тэр согтуу залуутай хамт явж байсан ажлын хувцастай залуу нь Ууганаа, Б.Э- нараас уучлалт гуйгаад би найзыгаа аваад явчихъя гэж байсан чинь нөгөө согтуу залуу нь Б.Э-ын гуя болон гэдэс рүү нь өшиглөсөн юм. Тэгээд Б.Э-, Ууганаа нар тэр согтуу залууг гавлаж алаг тэргэнд суулгаад эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84/,

 

-Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед байх би өөрийн машинтайгаа эхнэр хүүхдээ цэцэрлэг, ажлаас нь авах гээд Дархан Дээд сургуулиас дээш “Гос хот” эрүүл мэндийн төвийн чиглэлд явж байтал миний урд явж байсан киа маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу ороод замаараа шулуун явахгүй байсан ба түүний урдуур нэг хүүхэд зам хөндлөн гарч байсан бөгөөд тэр хүүхэд рүү замын ус цацаад өнгөрсөн юм. Би тэр хүүхдийн хажуугаар гарахдаа ахын дүү гайгүй юу гэтэл тэр хүүхэд гайгүй ээ ах аа саяын өнгөрдөг машин ус цацчихлаа гэж байсан юм. Тэгээд нөгөө машин чинь Гос Хот өрхийн эмнэлэг рүү эргээд урд зогсоол дээр зогсохоор нь би угаасаа эхнэрээ тэндээс авах ёстой байсан учир хажууд нь зогсоод чи яаж яваад байгаа юм бэ гэтэл жолоочийн хажууд сууж байсан залуу юм ярихгүй байсан чинь жолооч нь бууж ирсэн юм. Тэгтэл тэр жолооч нь нэлээн согтуу хар савхитай жижгэвтэр биетэй залуу байсан бөгөөд надад хандаж “миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь чи согтуу машин барьж болохгүй шүү дээ гэж хэлтэл тэр согтуу залуу “битгий хуц миний яаж явах чамд ямар хамаатай юм бэ” гээд дахиад машинаа бариад явах гээд байхаар нь би түлхүүрийг нь машинаас нь очиж сугалж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба удаагүй цагдаагийн алба хаагч ирэхээр нь болсон асуудлыг хэлээд түлхүүрийг нь өгөөд явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88/,

 

-Гэрч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  би жижүүртэй байсан бөгөөд орой 18 цаг өнгөрч байхад ахлах ахлагч Ууганбаяр нэг согтуу жолооч шаардлага эсэргүүцээд байна, эрүүлжүүлэх рүү хүргэмээр байна гэхээр нь яваад очтол нэг жижгэвтэр биетэй нэлээн согтолттой хар савхин куртиктэй залуу орилоод элдэв янзаар цагдаа Ууганбаяр, Б.Э- нарыг та нарыг сайн явахыг чинь харна, ална гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан юм. Намайг очиход Ууганбаяр, Б.Э- нар тэр залууг гавлачихсан байсан бөгөөд тэр залууг албаны 01-02 ДАУ маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад эрүүлжүүлэх рүү явсан юм. Тэгээд эрүүлжүүлэхийн гадаа очоод нөгөө залууг чинь буулгах гэсэн чинь буухгүй гэж байхдаа тэр залуу машины баруун талын хойд хаалганы хавтасны дуу өсгөгчийг өшиглөөд цуулчихсан. Тэгээд тэр цуурсан нь жижигхэн газар байсан учир би Н.С- гээд тэр согтуу залуугаар маргааш нь наалгаад хуучин хивэнд нь оруулчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90/,

 

-Гэрч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Н.С- нэг найзтайгаа найз нь машиныг нь барьчихсан Н.С- өөрөө нэлээн согтуу байдалтай манай сургуулийн гадаа ирсэн юм. Би Н.С-ас яагаад архи уучихсан юм бэ гэтэл тэр өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ гэж байсан юм. Тэгээд миний хичээл тарж байсан учраас тэр хоёроор дөхүүлүүлчих санаатай сургууль руу ороод цүнхээ аваад гараад иртэл сургуулийн гадаа байхгүй байсан. Тэгэхээр нь би явчихсан юм байх гээд дээшээ 18-ын буудлын зүг алхаж байтал “Гос хот” гэдэг өрхийн эмнэлгийн гадаа Н.С- найзтайгаа бас нэг цагдаа ирчихсэн байж байхаар нь би яваад очсон юм. Тэгтэл тэнд цагдаагийн ажилтан Сүхтулгыг согтуу машин барьсан гээд тэд нар хоорондоо маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би Сүхтулгын найзад Н.С- согтуу машин бариагүй биз дээ гэхэд тэр харин танай сургуулиас энэ хүртэл машинаа бариад ирчихсэн юм гэж хэлсэн. Тэгж байтал бас нэг цагдаа ирээд 2 цагдаа Сүхтулгыг бичиг баримтаа шалгуул, чамайг эрүүлжүүлнэ гэхэд Н.С- би эрүүлжүүлэх явахгүй гээд байсан. Тэгээд Н.С- машинаасаа бичиг баримтаа гаргаж ирээд 2 цагдаад бичиг баримтаа үзүүлсэн эсэхийг нь мэдэхгүй хашаа давуулаад шидчихсэн юм. Тэгэхэд нь нөгөө 2 цагдаа Н.С-тай барьцалдаж аваад ноцолдсон бөгөөд Н.С- тэдний гараас мултраад газраас нэг юм аваад замын нөгөө тал руу шидэхэд нэг цагдаа нь чи энгэрийн камер шидчихлээ чи наад камераа хэр үнэтэйг мэдэж байна уу гэж байсан. Тэгээд нөгөө 2 цагдаа Сүхтулгыг 2 талаас нь барьж аваад газар хэвтүүлээд гарыг нь гавласан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92/,

 

- Гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлийн хэргийн дуудлаганд очсон даруйд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-214-ын дагуу “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бололцоотой бүхий л нөхцөлд тухайн хүнтэй мэндэлж өөрийн албан тушаал, цол, танилцуулан бичиг баримтыг нь шалгах болсон үндэслэл, тайлбарыг цэгцтэй албаны хэллэгээр тайлбарлан өгч бичиг баримтаа шалгуулахыг хүснэ” гэж заасны дагуу харилцана. Иргэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй  бол Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба энэ нь тухайн зөрчил гаргасан иргэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад албадан хүргэж өгөх үндэслэл бий болно гэсэн үг юм.

 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагын дагуу иргэн бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94/,

 

            -“Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 430000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 98-99/,

 

-“Б.Э-ын биед зүүн цавь, гуя орчимд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Э-ын биед тогтоогдсон зүүн цавь, гуя орчимд цус хуралт нь 2021.03.18-ны өдөр үүссэн байх боломжтой. Б.Э-ын биед илэрсэн дээрх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 106-107/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.С- нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах "Гос-хот" өрхийн эрүүл мэндийн төвийн гадна хууль сахиулагчийг буюу  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Э-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь халдан, хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.С-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 106-107/ нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67/ өгсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “...Энэ хэрэгт албаны 01-02 ДАУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы дотор талд байдаг дуу өсгөгч доод хэсэгтээ жижиг хэмжээтэй цуурсан байсныг Н.С- өөрөө засварлаж нааж өгсөн, камерыг шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байсан учраас энэ хэрэгт Цагдаагийн газрын зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73/ өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.С-ас гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.С- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.С хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ийг 1 жилийн /нэг жил / хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Н.С-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.С оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.С-д анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл бичлэг бүхий 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ