Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0137

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0128/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа,

Шүүгдэгч Ш.Т- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т-т холбогдох эрүүгийн 2118000000132 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

                                                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш.Т- 1980 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ш.Т- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт иргэн Ч.Э-ын Хаан банкны виза картаас 800000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ш.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд Гүндалай гэх ангийнхаа залуугийн гэрт Ч.Э- бид нар архи уугаад сууж байсан юм. Тэгээд Эрдэнэбаяр хамаатны ах Цэнд-Очирт картаа өгөөд “архи, тамхи тариа аваад ир” гэж хэлээд гаргасан юм. Удалгүй Цэнд-Очир ах буцаж орж ирээд “карт чинь болохгүй байна” гэсэн. Тэгээд би Цэнд-Очир ахтай хамт АТМ яваад Эрдэнэбаярын картыг хийгээд 80000 төгрөг авах гэж байгаад андуураад 800000 /найман зуун мянган/төгрөг аваад халаасандаа хийгээд “архины мөнгө хүрэхгүй юм байна, хоёулаа дэлгүүр оръё” гэж хэлээд Цэнд-Очир ах дэлгүүрийн гадна үлдээд би ганцаараа дэлгүүр лүү ороод худалдагч Солонгод 540000 төгрөг үлдээгээд буцаж ирээд авна гэж хэлээд 2 шил архи хайрцаг тамхи ундаа авч гарч ирээд Цэнд-Очир ахад өгөөд би Дархан явлаа гэж хэлээд яваад өгсөн.

... Би хоёр шил архи, тамхи тухайн мөнгөнөөс авчхаад үлдэгдэл 200000 төгрөгийг бэлнээр өөрөө аваад Дархан ороод архи аваад уучихсан юм. Тэгээд би Солонго руу 3 хоногийн дараа залгаад 300000 төгрөгийг данс руу хийгээд өгөөч гэж гуйгаад дансаар авсан юм. Үлдэгдэл 240000 төгрөгийг нь Эрдэнэбаяр өөрөө авсан юм байна лээ.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03/,

 

-Ч.Э-ын 5054067397 дугаартай ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 9-10/,

 

-Хохирогч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байгаад хамаатны ах болох Д.Цэнд-Очирт өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны виза картыг өгөөд нууц дугаар нь 0622 гэж хэлээд АТМ ороод мөнгө аваад дэлгүүрээс идэж уух юм аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгэхэд хамт байсан нутгийн залуу болох Ш.Т- хамт явсан байсан. Манай хамаатны ах болох Д.Цэнд-Очир цаг гаруйн дараа ирээд “чиний картад мөнгө алга байна, 8000 /найман мянга/ төгрөг л байна.” гээд хоосон ирсэн. Хамт явсан Ш.Т- нь ирээгүй. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны 11:00 цагийн үед утсаа цэнэглээд асаатал банкны мэдээлэл мессежээр иртэл 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Би Д.Цэнд-Очир ахаас юун 800.000 /найман зуун мянга/ төгрөг зарлага гарчхав гэхэд “Тэгшээ дансанд нь 8000 /найман мянга/ төгрөг л байна гэж хэлсэн шүү дээ” гэж байсан. Дараа нь сураглаад байхад Ш.Т- миний данснаас мөнгө аваад сумын дэлгүүрийн худалдагч Солонгоод 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг хадгалуулсан цувуулж аваад байгаа гэж сонсогдохоор нь очиж уулзаж асуугаад 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг авсан. Одоо 560000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,

 

-Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэбаяр надад картаа өгөөд “та дэлгүүр ороод ганц архи аваад ир” гэхэд Ш.Т- “хамт явъя” гээд гарч ирсэн. Бид 2 АТМ ороод Ш.Т- картыг нь хийгээд нууц дугаарыг нь хийж үзсэнээ 80 төгрөг гэсэн үү, 8000 төгрөг байна гэсэн үү архины мөнгө хүрэхгүй юм байна, хоёулаа дэлгүүр орьё гэхээр нь хамт яваад Эрдэнэсайханы дэлгүүрийн гадна очоод удалгүй гарч ирээд надад 0,75 литрийн “Хараа” архи өгөөд “Та энэ архийг аваад явж бай, би хүнтэй уулзах хэрэгтэй байна” гэж хэлээд явсан. Дахиж уулзаагүй, араас ирээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20/,

 

-Гэрч Т.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёрыг юм яриад сууж байхад Тэгшээ ах гаднаас орж ирээд лангуун дээр нь их хэмжээний бэлэн мөнгө гаргаж тавиад “энэ мөнгөнд архи авмаар байна.” гэтэл Солонго намайг “мөнгийг нь тоолчих” гэхээр нь лангуун дээр байсан мөнгийг аваад тоолоод үзтэл 20.000 /хорин мянга/ -ийн дэвсгэрт 40 /дөч/ ширхэг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөг байхаар нь хэлтэл 2 бил үү 3 авдар 0,75 литрийн “Хараа” архи бэлдүүлээд 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг тооцоо гэж өгөөд 13 ширхэг 20.000 /хорин мянга/ -ийн дэвсгэрт буюу 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг өөрт нь буцааж өгсөн. Тэгтэл 2 шил 0.75 литрийн “Хараа” архи авч гарч яваад эргэж ирээгүй.

... Би их хэмжээний мөнгөтэй явахаар нь “Та чинь яасан их бэлэн мөнгөтэй яваа юм, яах гэж байгаа юм бэ?” гэхэд “Хонгорын АТМ чинь дээд тал нь 800.000 /найман зуун мянга/ төгрөг л гардаг юм байна, Зүүнхараагаас манай найз мөнгө явуулаад архи захисан юм, ах нь унаа олоод хүргэж өгнө.” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26/,

 

-Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай дэлгүүрт 14:00 цагийн үед санагдаж байна Ш.Т- орж ирээд “хөдөө явах гэж байна энэ мөнгөнд бүгдэд нь архи авна” гээд 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг өгөөд бэлдчих эргэж ирээд авна гэж хэлээд 1 шил 0.75л-н “Хараа” архи, ус ундаа аваад гарсан. Тэгээд эргэж ирээгүй.

...Мөнгийг хаанаас яаж олж авсан талаар надад огт юм яриагүй. Энэ мөнгөнд тааруулаад архи бэлдчих би эргэж ирээд авна гэж л хэлсэн тэгээд эргэж орж ирээгүй. 2-3 хоногийн дараа над руу залгаад “үлдээсэн мөнгөө авах гэсэн юм, би Дарханд байна, хүн явуулъя, өгөөд явуулчих” гээд байхаар нь “Хүний мөнгийг хүнд өгөхгүй чи өөрөө ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд дахин дахин утасдаад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь 300.000 /гурван зуун мянга/ төгрөг явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29/,

 

-Гэрч Ш.Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр Солонгыг дэлгүүртээ зогсож байхад нь Ш.Т- ирээд 540000 төгрөг үлдээгээд явсан байсан, өөр ямар нэгэн эд зүйлс үлдээгээгүй.

...Ш.Т- хэд хоногийн дараа над руу залгаад үлдээсэн мөнгөө шилжүүлчих гэхээр нь чи өөрөө ирээд ав гэж хэлсэн. Тэгтэл яаралтай мөнгөний хэрэг гараад байна 300.000 /гурван зуун мянга/ төгрөг шилжүүлчих гээд байхаар нь эхнэрийн данснаас шилжүүлсэн. Үлдэгдэл 240.000 /хоёр зуун дөчин мянга/төгрөгийг мөнгөний эзэн гээд манай нутгийн ах болох Ч.Э- ах авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32/,

 

-Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...:Миний бие Дархан сумын “Өргөө” багт байрлах “Булагтай” зочид буудалд ресейпшн ажилтай байсан юм. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилтай байхад Ш.Т- гэх хүн орж ирээд 1 хонохоор болоод өрөө авсан. Тэгээд өглөө нь 11 цагийн үед над дээр ирээд “ахын дүү бэлэн мөнгө гаргаад өгөх боломж байна уу?, данс руу чинь шилжүүлээд авчихъя.” гэж хэлэхээр нь “тэг тэг, ах аа” гээд өөрийнхөө дансаа өгсөн чинь удалгүй 300000 төгрөг шилжээд ирсэн юм. Тухайн үед би тэр хүнээс ямар учиртай мөнгө юм бэ? гэж асуугаагүй. Учир нь “ах нь картгүй байна, хүнээс мөнгө авах гэж байгаа юм, миний дансыг эхнэр хаачихсан байгаа юм аа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би юм бодолгүй дансаа өгчихсөн юм. Тэгээд би АТМ яваад данснаас мөнгө авч өгсөн чинь “за за баярлалаа ахын дүү” гээд гараад явчихсан юм. Ийм л асуудал болсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

-Хохирол төлбөр хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 110-112/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Т- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт иргэн Ч.Э-ын Хаан банкны виза картаас 800000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ш.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ч.Э- нь “...миний бие 2021 оны 06 сарын 14-ний өдөр Ш.Т-аас 560000 төгрөгийг хүлээн авсан. Ийм учраас гомдол, санал байхгүй.” гэх мөнгө хүлээлцсэн баримт болон мөнгө шилжүүлгийн баримтуудыг /хавтаст хэргийн 110-112/ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Т-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Т-т анхааруулж, шүүгдэгч Ш.Т- нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Т- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Т-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Т-т анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ