| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0078/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар , улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч ******* *******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******н овогт ******* *******д холбогдох эрүүгийн 1836000000116 дугаартай 178/2021/0078/Э/ индекстэй хэргийг 2021 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч 2021 оны 07 сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-23 тоотод оршин суух, 1993 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс өөлд, тусгай дунд боловсролтой, тогоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого байхгүй, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 21- ний өдрийн 2019/ХМШЗ/65 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 11 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож байсан, ******* дугаарын регистртэй, *******н овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч *******н овогтой ******* ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 62-47 улсын дугаартай автомашинаар таксинд үйлчлүүлж байхдаа таксины жолооч болох хохирогч Г.*******ын 130000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-47 маркийн гар утсыг “нэг яриулаач” гэж хэлж авсан, мөн машины дунд хэсэгт байсан 2 ширхэг 10000 төгрөгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Г.*******т 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг “Ариун шүд” эмнэлгийн гадна насанд хүрээгүй Т.ы эзэмшлийн “HUAWAI” маркийн гар утсаар яриулахгүй гэж хэлсний хариуд түүний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа, нуруун тус газар руу нэг удаа цохиж, гар утсыг хэрэглэхээр заналхийлж авч насанд хүрээгүй Т.д 180000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон гэж шүүх дүгнээд яллах болон өмгөөлөх талын нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 8-09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед зах орж машины сэлбэг авах гээд гэрээсээ гараад зах ороод техникийн зах дээр очсон. Сэлбэгний лангуун дээр очиход хаалттай байсан болохоор нь буцаад харих гээд явж байтал техникийн зах дээр Б.*******тэй /Цэвээнээ/ таарсан. Захын дээд талд байдаг машин засварын газар дээр Б.*******ий /Цэвээнээ/ хамт очоод машины сэлбэг байгаа талаар асуугаад байж байтал засварчин залуугийн найз гэх Увс аймгаас ирсэн Ганболд гэх залуутай таарсан. Увс аймгаас ирсэн энэ тэр гээд Ганболд, Б.******* /Цэвээнээ/ бид гурав 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан. Б.******* /Цэвээнээ/ бид хоёр манай гэр лүү ирээд гэрээсээ нүдний шил, маск гэх мэт зүйлс аваад Болдоо гэх манай байрны ахынд орж 0,75 литрийн Архи гэсэн архийг Б.******* /Цэвээнээ/ Болдоо бид 3 хувааж уусан. Болдоогийн гэрээс 22 цаг 30 минутын үед гараад 52, 62, 72 айлын орон сууцны дунд байдаг тоглоомын талбай дээр ирж байрныхаа дүү нартай юм ярьж сууж байгаад Б.*******/Цэвээнээ/ бид хоёр 62 айлын орон сууцны дээд талд байдаг эмийн сангийн хажуугаар тойроод Спорт ордоны урд талаас такси зогсоох гээд явж байтал 62 айлын орон сууцны хойд талд байдаг “Ариун шүд” гэх нэртэй шүдний эмнэлэгийн урд талын довжоон дээр нэг хүүхэд утсаа оролдоод сууж байхаар нь Б.*******/Цэвээнээ/ бид хоёр явж очоод би тэр хүүхдэд хандаж “ахын дүү гар утсаараа нэг яриулчих” гэсэн чинь тэр хүүхэд би утсаараа тоглож байна өгөх боломжгүй гэхэд Б.*******/Цэвээнээ/ хажуу талд зогсож байгаад тэр хүүхэд рүү хандаж “чамд ах хүн үг хэлээд байгаа юм бишүү чи утсаа яагаад өгчихөж болдоггүй юм бэ” гээд Б.*******/ Цэвээнээ / тэр хүүхдийн утсыг нь булааж аваад утасных нь кодыг гаргуулж авахад тэр хүүхэд замын цаад тал руу эмнэлэг чиглээд зугтаад гүйгээд явсан. Би хойноос тэр хүүхэд рүү “ахын дүү утасаа ав” гээд орилоход тэр хүүхэд “би та хоёрыг таньж байна цагдаад хэлнэ” гээд гүйгээд явсан. Б.*******/ Цэвээнээ/ бид 2 “Ариун шүд” гэх нэртэй эмнэлэгийн довжоон дээр 2 минут орчим хүлээж байгаад ирэхгүй болохоор нь 62 айлын орон сууцны эмийн сангийн хажуу талаар өнгөрөөд 72 айлын орон сууцны хажуу талд явж байтал бид хоёрын хойноос машинтай цагдаа нар ирээд “энэ хүүхдийн утас хаана байна” гээд Б.*******/ Цэвээнээ/ бид хоёрыг машинд суулгаад цагдаагийн газар дээр авч ирсэн. Бид хоёр тэр хүүхдийн утсаар нь ярих гэж очсон юм. Би тэр хүүхдийг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хүүхэдтэй уулзаад утсыг нь Б.*******/Цэвээнээ/ авсан байх үед би хөлнийхөө боолтыг ороогоод, чангалаад сууж байсан болохоор Б.******* / Цэвээнээ/ тэр хүүхдийг зодож цохисоныг би анзаарч хараагүй. Бид хоёр тэр хүүхэд рүү хандаж ямар нэг дарамталсан болон этгээд үг хэллэг хэлээгүй. Тухайн үед Б.******* /Цэвээнээ/ тэр хүүхдэд хандаж “аав шиг чинь хүн чамд хэлж байхад чи яагаад сонсдоггүй юм бэ” гэж хэлж байсан. Бид хоёрт утсаа өгөөгүй. “ Утасаа өгч бай” гээд гарнаас нь авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Түмэнбуянгийн гэрчээр өгсөн...Намайг бэлэн мөнгөний машин дээр гүйлгээ хийж байхад Т. бага зэрэг айсан байдалтай “миний утсыг хүн дээрэмдчихлээ” гээд ирэхээр нь би Т.г дагуулаад 62 айлын орон сууцны хойд талд байх “Ариун шүд” гэх нэртэй эмнэлэгийн үүдэнд ирэхэд дээрэмдсэн гэх хүн нь байгаагүй. Тэгээд Т. миний утсыг надаас гуйж аваад цагдаа руу залгасан. Удалгүй 1 минутын дараа цагдаа нар ирэхээр нь би Т.г цагдаа нарт болсон үйл явдлыг нь хэлээд өгөөд явуулсан. Цагдаа нэг их удаагүй 3-5 минутын дотор ирсэн байх. Цохиулсан гэж байсан, би яг хаана нь яаж цохиулсан талаар Т.гаас асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Нямдаваагийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой 10 цаг 40 минутын үед манай дүү нар болох Т., О.Эрдэнэхишиг нарын хамт эмнэлэгийн хажуу талын бэлэн мөнгөний машин /АТМ/ руу явж орлого хийх гээд бид гурав явж байгаад Т. замдаа 62 айлын орон сууцны хойд талын “Ариун шүд” гэх нэртэй шүдний эмнэлэгийн үүдний довжоон дээр үлдсэн. “Би энд утсаараа тоглоод сууж байя, та хоёр яваад мөнгөө хийчихээд ир” гэхээр нь Т.г үлдээгээд О.Эрдэнэхишиг бид хоёр эмнэлэгийн хажуу талд байдаг бэлэн мөнгөний машин /АТМ/ руу явж гүйлгээ хийчихээд буцаад 62 айлын орон сууц руу О.Эрдэнэхишигийг оруулж өгөх гээд Гигант дэлгүүрийн хажуу талд явж байхад Т. шүдний эмнэлгийн үүдний довжоон дээр сууж байхаар нь би О.Эрдэнэхишигийг 62 айлын орон сууцны 5 давхарт гэрт нь оруулж өгчихөөд буцаад гараад Т. дээр ирэхэд байсан газраа байхгүй болохоор нь ойр орчимд хүн байгаа эсэхийг хараад 1 минут орчим харж зогсож байгаад байхгүй болохоор нь би Т.г гэрлүүгээ харьсан юм байна гэж бодоод гэрлүүгээ явсан. Гэртээ очоод өвөөгийн гэрт Т.г байгаа эсэхийг харахад байхгүй байхаар нь гэртээ ороод утсаараа фэйсбүүх ороод байж байхад манай үеэл Дэлгэрмаа надруу фэйсбүүк чат бичээд “Т. 62 айлын орон сууцны хажууд хүнээр зодуулаад утсаа булаалгаад айсан байдалтай явж байхаар нь цагдаа дуудаад Т.г өгөөд явуулчихлаа” гэж манай нөхрийн найз Түмээ гэх залуу надруу утсаар ярилаа гэж чат бичихэд нь Т.г хаана байгаа талаар мэдсэн. О.Эрдэнэхишиг бид хоёр бэлэн мөнгөний машин орж гүйлгээ хийгээд буцаад 62 айлын орон сууцруу О.Эрдэнэхишигийг оруулж өгчихөөд буцаад Т.гийн байсан газар ирэхэд 20 минут орчим болсон байх. Ганцаараа шүдний эмнэлэгийн довжоон дээр утсаа оролдоод сууж байсан. Хажууд нь хүн байгаагүй...Би утас руу нь залгаагүй. Би Т.гийн утасны дугаарыг нь мэддэггүй юм... гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Эрдэнэхишигийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цаг 40 минутын үед байсан байх цаг сайн анзаарч хараагүй 10 мянгатад гэртээ байж байгаад бэлэн мөнгөний машин /АТМ/ руу явж гүйлгээ хийх шаардлагатай байсан болохоор манай ах О.Нямдаваа дүү Т. нарын хамт эмнэлэгийн хажуу талын бэлэн мөнгөний машин /АТМ/ руу явж гүйлгээ хийх гээд бид гурав явж байтал Т. замдаа 62 айлын орон сууцны хойд талын “Ариун шүд” гэх нэртэй шүдний эмнэлэгийн үүдэнд үлдээд би энд хүлээж байя та хоёр явчихаад ир гэхээр нь О.Нямдаваа ах бид 2 эмнэлэгийн хажуу талд байдаг бэлэн мөнгөний машин /АТМ/ руу яваад гүйлгээ хийчихээд буцаад 62 айлын орон сууц руу би гэртээ орсон. О.Нямдаваа ах намайг оруулж өгчихөөд гараад явсан. Цааш юу болсоныг би сайн мэдэхгүй байна. Бид гурав 22 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан байх цагийг сайн анзаарч хараагүй юм. Ойр хавьд нь хүн байгаагүй ганцаараа үлдсэн. Ойролцоогоор 15-20 минут болсон байх. О.Нямдаваа ах бид удаагүй юм...гэх мэдүүлэг/ хх-ийн 22-рт/
Б.*******ээс “HUAWEI Y6” маркын гар утсыг эд мөрийн хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 25-27-рт/
Хөрөнгийн үнэлгээний тайлан, тооцоо ...2019 оны 04 дүгээр сард худалдан авсан “HUAWEI Y6” маркын гар утас-180000 төгрөг / хэргийн 37 дугаар хуудас/
2017 оны 04 сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54-рт/
2017 оны 09 сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58-рт/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 75-79 дүгээр хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хэргийн 90 дүгээр хуудас/
2014 оны 03сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хэргийн 91-94 дүгээр хуудас/
2018 оны 04 сарын 30-ны өдрийн 20218/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 75-100 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 05-29 тоотод оршин суух, 1957 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ДЮ57061513 дугаарын регистртэй/ Буурлууд овогт Гандангийн Сонинтөрийн өгсөн...Би өөрийн эзэмшлийн 62-47 улсын дугаартай суудлын авто машинаар таксийнд явж мөнгө олдог бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орой 21 цаг болж байх үед Ард-Аюушын талбайн урд талын таксийний зогсоол дээр зогсож байтал миний машинд хар куртиктэй шар цариатай шар будболктой, пүүз өмссөн залуу ард талын суудал дээр суугаад “явах уу” гэхэд нь би “явна” гэж хэлээд хаашаа явах вэ гэж асуухад захын дээд талд очно гэхээр нь захын дээд тал дээр талын 3 замын уулзвар дээр ирээд одоо хаашаа явах вэ гэж асуухад чигээрээ яваад зүүн гар талдаа эргэчих гэхээр нь би орон нутгийн автобус явдаг газрын дээд талын замаар зүүн гар талдаа эргээд гэр хороололд мухар гудамжинд ороход ингээд зогсчих гэхээр нь би зогссон. Тэгээд нөгөө залуу машины ар талаас буугаад миний хажуу талын урд талын суудал дээр орж ирж суугаад утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгөөд гэрэлээ асаачих гэхээр нь гэрэлээ асаагаад миний утасны хамгийн эхний дуудлага хийсэн дугаарлуу буюу манай эхнэрийн дугаарлуу залгахаар нь би чи манай эхнэрийн дугаарлуу залгаад байна гэж хэлсэн чинь нөгөө залуу миний машины салоны хөгжимний хажууд задгайгаар тавьчихсан байсан 2 ширхэг 10000-тын дэвсгэрт бүхий 20000 төгрөг болон утас аваад машинаас буугаад зугтаачихсан. Тэгээд би харанхуй байсан болохоор араас нь хөөх боломжгүй болсон бөгөөд шууд цагдаа дээр ирж мэдээлэл өгсөн юмаа.
Би ганцаараа явж байсан. Тэр залуу ч гэсэн ганцаараа явж байсан...Архи үнэртэж байсан.Тухайн үед царай төрөхийг нь тогтоосон бөгөөд цагдаа дээр дуудлага өгөхөөр ирэхэд нэг залуугийн зураг харуулахад тэр зураг мөн байсан. Надад санал гомдол алга байна. Би алдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 124-126-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 2004 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангид суралцдаг, ПЙ 04210811 дугаарын регистртэй/ Төнхөн овогт Төрмөнхийн гийн өгсөн...Би 2020 оны 04 сарын 20-ны өдөр 23 цаг 30 минутын орчим АТМ орох ахынхаа хоёр хүүхдийн хамт явж байгаад нөгөө хоёр хүүхэд 62 айлын орон сууцанд айлд ороод ирье гэхээр нь би хүлээгээд орон сууцны арын “Ариун шүд” шүдний эмнэлэгийн үүдэнд утсаараа тоглоод сууж байтал хоёр хүн ирсэн. Өндөр шар ах нь “ утсаа өгч бай ярьчихаад өгье “ гэхээр нь би тоглож байна гэсэн. Тэгтэл чи ямар том юм бэ, том хүн чамд үг хэлж байгаа юм бишүү гээд миний утсыг гарнаас булааж аваад миний толгой руу гараараа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би айгаад зугтаасан. АТМ- ийн дэргэд ирэхэд танидаг хүн болох Түмэнбуян таарсан. Тэр хүний утсаар цагдаа дуудсан. Тухайн үед хажуу талд нь махлагдуу шар ах байсан. Утас авсан хүн л миний толгой руу гараараа цохисон. Би тухайн утсыг 2018 онд 480000 төгрөгөөр худалдаж авсан. Утсаа цагдаагаас буцаагаад авсан тул ямар гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 131-132 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ий хэргээ хүлээн мэдүүлсэн... Энэ өдөр би гол дээр найз Ганзоригийн хамт 1 шил 0,75 граммийн Соёрхол архи авч уугаад голоос 17 цагийн үед “Түшиг” зочид буудал орсон. “Түшиг” буудалд очих үед Ганзоригийн найз тэр буудалд байрлаж байсан бөгөөд өрөөнд нь орж 1 шил 0,75 граммийн архи хувааж уугаад би буудлаас гараад явсан. Манай найз Ганзориг “Түшиг” буудалд найзынхаа хамт үлдсэн. Би “Түшиг” буудлаас гараад явж байтал 2 цагдаа намайг барьж аваад цагдаагийн газар дээр авч ирээд хэсэг байлгаж байгаад гаргаад явуулсан. Тэгэхээр нь цагдаагаас гараад талбайн урд талаас такси аваад гэрийн зүг явсан. Би гэрлүү дөхөж очоод хот хоорондын автобусны зогсоолын тэнд зогсоод жолоочийн гар утсыг гуйж аваад утсаар нь би Ганаа гэж найзруугаа залгасан. Гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би машины урд байсан 20000 төгрөгийг би аваад буугаад зугтаад яваад өгсөн. Би тэндээс шууд гэртээ очоод хувцасаа сольчихоод найз Заяагийн гэрт очих гээд явж байтал араас цагдаа ирээд барьж авсан. Би мөнгө, гар утсыг цагдаа нарт тэр үед өгсөн. Маргааш нь эзэн нь өөрөө хүлээж авсан гэсэн. Би согтуу байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа зүйлийг мэдэж байсан. Би тухайн үед согтуу байсан учраас ийм хэрэг үйлдсэн байна. Би гэр бүл болж тусдаа гараагүй учраас надад ямар нэгэн хөрөнгө, мөнгө гэх зүйл байхгүй.Би урд өмнө нь 4 удаа гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. Би 2020 оны 04 сарын 20-ны орой 18 цагийн үед зах ороод техникийн зах дээр явж байгаад Д.******* ахтай таарсан. Бид хоёр Ганболд ахын гэрт очсон. Тэндээсээ гараад Болдоо ахын гэрт очоод архи уусан. Болдоогийн гэрээс 22 цаг 30 минутын үед гараад такси авах гээд 62 айлын эмийн сан тойроод гарч ирэхэд “Ариун шүд” гэх нэртэй эмнэлэгийн хаалган дээр нэг хүүхэд утсаараа тоглоод сууж байсан. Тэр хүүхэд дээр Д.******* ах бид хоёр очоод Д.******* ах тэр хүүхдэд хандаж, “ахын дүү утсаа өгчих ярьчихаад өгье” гэхэд “тоглож байна” гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь “ Чамд ах хүн үг хэлж байгаа юм бишүү” гээд гарт байсан утсыг нь булааж аваад өмсөж байсан малгайных нь саравч руу цохиход босоод зугтаагаад гүйгээд явсан. Тэгээд бид хоёр 62 айлын довжоон дээр сууж байгаад 72 айлын орон сууцны дэргэдүүр явж байхад машинтай цагдаа нар ирээд “ энэ хүүхдийн гар утас хаана байна” гээд Д.******* ах бид хоёрыг машиндаа суулгаад цагдаа дээр авч ирсэн. Тухайн гар утсыг би булааж авсан ..гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.******* өгсөн...Манай хүү Б.******* нь 1993 онд Ховд аймагт төрсөн, одоо ямар нэгэн ажил хөдөлмөр хийхгүй гэртээ эхнэр бид хоёртой амьдардаг. Манайх 3 хүүхэдтэй 2 охин, 1 хүүтэй. Б.******* манай хамгийн бага хүүхэд байгаа юм. Би хүний гар утас авсан гэдгийг 3 хоногийн дараа мэдээд хохирогч гэх хүнтэй нь очиж уулзсан. Манай хүү Б.*******д 2012 онд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангид алба хаасан...Арван жилд сурч байгаа Политехник коллежид сурч тогооч мэргэжил эзэмшсэн.
Бид нар араас нь байнга хараа хяналт тавьдаг. Манай хүүхэд архи уугаагүй үедээ гэртээ хоол ундаа хийгээд гэрээ цэвэрлээд байдаг. Зарим үед гараад архи уух бүрдээ гэмт хэрэгт холбогдож байгаа. Би архи уусны маргааш өөрөөс нь асуухаар огт санахгүй байсан.Тэгэхээр би энэ хүүхдийн тархинд юм байна гэж сүүлдээ бодож байна. Тэр хүний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн.Өөрийн эд зүйлээ буцааж авсан гэсэн.Өөр ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 114-115-рт/
Хохирогч Т.гий нас тоолсон 2020 оны 04 сарын 20-ны өдөр 16 нас 3 сар 12 хоногтой... гэх тэмдэглэл /хх-ийн 128-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ган-Өлзийгийн өгсөн...Манайх 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага хүүхэд байгаа юмаа. 1993 онд төрсөн, одоо 28 настай. Манай хүү Б.******* нь гэртээ байхдаа даруухан, ажилсаг, хүнд тусархаг цайлган, цагаан сэтгэлтэй тийм хүүхэд. Гэрээсээ хол гараад явахаараа ямар зан ааш үйлдэл гаргадагийг нь мэдэхгүй байна.
Б.******* нь 2011 онд Ховд аймгийн Политехник коллежийг 1 тогоочийн ангиад сурч төгссөн. Их, дээд сургуульд ороогүй. 2011 намар цэрэгт яваад 2012 онд халагдаж ирсэн. Б.******* нь мэдрэлийн өвчтэй юм шиг байгаа юм хааяа татаж унадаг байсан. Сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй эрүүл хүн. 2013 онд Увс аймгийн харъяат хүнтэй гэр бүл болж басан ба 2013 онд хуримаа хийсэн. Эхнэртэйгээ танилцаж байхдаа 2011 онд, дараагийн хүүхэд нь 2013 онд төрсөн. 2-лаа эмэгтэй хүүхэд байдаг. Тэгээд 2018 онд Б.*******ийг шоронд орсоны дараа салаад явчихсан. Одоо өөр хүнтэй гэр бүл болсон байлаа. Одоо 2 хүүхэдтэйгээ холбоотой байдаг. Архи, тамхи хэргэлдэг. Өөр муу зуршил байхгүй. Найз нөхөд болон бусад хүмүүсийн дунд нэр хүндийг нь сайн мэдэхгүй байна. Ангийн найзууд нь гээд хүүхдүүд байдаг л юм шиг байгаа юм. Б.*******д өөрийн гэсэн эд хөрөнгө гэж байхгүй. Би *******ийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг мэдэж байгаа. Тэгээд шоронд орохгүй гэж хэлж байсан тэрнээсээ айгаад нэг өдөр алга, болчихсон. Алга болоод нэлээн удаан холбоо барихгүй байж байгаад сүүлдээ танихгүй хүний дугаараас хааяа ярьдаг байсан. Тэгээд би залгасан дугаар луу нь ярихад мэдэхгүй надаас утас гуйж байгаад ярилаа танихгүй гэж хэлдэг байсан. Тэгээд би эрүүгийн төлөөлөгчид ярилаа гэдгийг нь тухай бүр хэлдэг байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 203-204-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадамцоожийн өгсөн...Манайх эхээсээ 3-лаа Б.******* нь хамгийн бага нь бөгөөд надаас 1 дүү айлын ганц эрэгтэй хүүхэд юмаа. Зан төрөхийн хувьд хүнд тусархаг их зөөлөн сэтгэлтэй,аливаа зүйлд хурдан уурлаж, хурдан уур нь гарчихдаг, уяхан сэтгэлтэй, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг тийм хүн юмаа. 2009, 2010 онд Ховд аймгийн Политехник коллежид суралцаж төгссөн. Их дээд сургуульд яваагүй. 2011онд цэрэгт яваад 2012 онд халагдаж ирсэн. Цэргийн албаа Баян-Өлгий аймагт хаасан. Б.******* нь 2013 онд гэр бүл болсон ба 2 хүүхэдтэй Одоо эхнэр нь салаад Б.*******ийг таслагдсан хойно өөр амьдрал зохиогоод явсан. Одоо 2 хүүхэдтэйгээ байнга холбоотой байдаг. Архи тамхи хэрэглэдэг өөр муу зуршил байхгүй. Уг нь нэр хүнд сайтай. Гэвч муу хүмүүстэй нөхөрлөөд уруу татагдаж асуудалд ордог байсан. Ер нь бол хүн өмөөрдөг зантай тэр зангаараа хүнтэй маргалдаж зодолддог гэнэн зангаасаа болж асуудалд ордог байсан. Найз нар нь тэр зангийг нь ашигладаг.
Б.*******д өөрийн гэсэн эд хөрөнгө гэж байхгүй. Би хамгийн сүүлд ямар гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар дээрэм гэсэн байх...Алга болсоны дараа ямар ч холбоо барьж байгаагүй. Харин сая цагаан сарын өмнө 2 удаа нууцалсан дугаараас залгаж хэцүү байгаа талаар уйлж байгаад ярьж байсан. Би тэгээд хаана байгаа юм гэж асуухад өөрийнхөө байгаа газрыг огт хэлэхгүй сайн байгаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 296-297-рт/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 62-47 улсын дугаартай автомашинаар таксинд үйлчлүүлж байхдаа таксины жолооч болох хохирогч Г.*******ын 130000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-47 маркийн гар утсыг “нэг яриулаач” гэж хэлээд, мөн машины дунд хэсэгт байсан 2 ширхэг 10000 төгрөгийг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Г.*******т 150000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг “Ариун шүд” эмнэлгийн гадна насанд хүрээгүй хохирогч Т.ы эзэмшлийн “HUAWAI” маркийн гар утсаар яриулахгүй гэж хэлсний хариуд түүний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа, нуруун тус газар руу нэг удаа цохиж, гар утсыг хэрэглэхээр заналхийлж авч насанд хүрээгүй хохирогч Т.д 180000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Г.Сонинтөр, насанд хүрээгүй хохирогч Т. нарын өгсөн мэдүүлэг, гэрч Д.*******, Б.Түмэнбуян, О.Нямдаваа, О.Эрдэнэхишиг нарын мэдүүлэг, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ, шүүгдэгчийг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.*******ий бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирч байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр: Хохирол хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сонинтөр, насанд хүрээгүй хохирогч Т. нар нь гар утас болон мөнгөө буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.******* нь хохирогч нарт учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 21- ний өдрийн 2019/ ХМШЗ/ 65 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 11 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэж байсан хэрэгт авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол,Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 21- ний өдрийн 2019/ХМШЗ/65 дугаартай “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай“ захирамжийн хуулбар баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь дээрэмдэх гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол... эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хохирогч нарт учруулсан хохирлыг бодит байдлаар төлсөнийг харгалзан шүүгдэгч Б.*******ий хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял шийтгэв.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгйин хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 2019/ ХМШЗ/ 65 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай“ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 11 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж,хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 04 сарын 11, 04 сарын 20- ны өдөр дахин дээрэмдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдээлгүй үлдсэн 11 сарын 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 11 сарын 29 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 11- ний өдрийн 2021/ ЦХШЗ/ 10 дугаартай “ Яллагдагч Б.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар цагдан хоригдож шүүх хуралдаан хүртэл 120 хоног буюу 4 сар цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь өмнө шүүхээр 4 удаа шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан ... 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ... мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...гэсэнд нийцэж байх тул шүүгдэгч Б.******* оногдуулсан 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарласан 2 жил 7 сар 29 хоногийн хугацаанд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн 2036000000116 дуаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, Эрүүгийн 2036000000116 дугаартай хэрэгт 2036000000103 хэргийг нэгтгэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тул өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******н овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ий цагдан хоригдсон 120 хоног буюу 4 сарыг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 2036000000116 дуаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, эрүүгийн 2036000000116 дугаартай хэрэгт 2036000000103 хэргийг нэгтгэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаас цагдан хоригдсон 4 сарын хугацааг хасаж, үлдэх 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас явахыг хориглох хязгаарлалтыг 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.*******д...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА