Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/60

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 улсын яллагч А.Баясгалан,

 иргэдийн төлөөлөгч Д.Алимаа,

 шүүгдэгч Ж.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ы *******ад холбогдох эрүүгийн 2031000000182 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хонд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн мод үржүүлгийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, маргааны улмаас иргэн Х.*******гийн баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хутгалж, биед нь баруун доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хонд 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Өргөн Сэлэнгэ” ХХК-ийн мод үржүүлгийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, маргааны улмаас иргэн Х.*******гийн баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хутгалж, биед нь баруун доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Ж.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сард портер машинтай ******* болон жолооч ******* бид 4 “Хонд” гэх газар луу явсан. Алтанбулаг сум өнгөрөөд явж байхад би портер машины дээр нь явж байсан. ******* бид хоёр 100 граммын нэг нэг архи хувааж уусан. Тэгээд “Хонд”-од очоод найз Золбоо дээр очсон. Манай найз гэртээ хоол хийсэн байхаар нь тэрийг нь идээд дараа нь манай жолооч гишүүнд яваад ирий гэж хэлсэн. Тэгээд гишүүнд явж ирсний дараа машинд байсан 1 шил архийг 3-уулаа хувааж уусан. Орой нь ******* Ганбаа руу агсам тавиад байсан. Тэгээд ******* гарч явахаар нь Би Ганбаа руу “цаадах чинь модон дотор яваад байна, төөрчих вий дээ” гэж хэлсэн. Тэгсэн Ганбаа “гайгүй байхаа ойрхон дуугарч байна” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад буцаж орж ирээд Ганбаа руу дахиад агсраад байсан. Би тэгэхээр нь унтаач гэж хэлээд татсан. Тэгсэн над руу “чамд ямар хамаатай юм, чи зүгээр цаашаа зайл” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ширээ дээр мах идэж байсан хутгаар нуруу луу нь нэг хатгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Х.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар сумаас Алтанбулаг сумын “Хонд” гэх газар руу ажил хийхээр явсан юм.  Би *******, ******* нартай хамт портер машинаар явсан ба замдаа 100 грамм Ерөөл архи уусан. Бид 3 мод үржүүлгийн газарт очоод манаач *******ын хийсэн хоолноос идэж, уугаад гишүү түүж ирээд байрандаа амарч байхдаа *******ын авч ирсэн 0,75 литрийн шилтэй “Стандарт” нэртэй архинаас Ганбаа, ******* нарын хамт хувааж уусан. Би нилээн муудсан байсан. Нэг мэдэхэд харанхуй болсон ажилчдын байранд *******тай ярилцаад сууж байсан. ******* орон дээр унтаж байсан. Би ажилчдын байранд *******тай ялихгүй зүйлээс болж маргалдаад ширээний хажууд зогсож байгаад гарах гэж байхад ******* намайг яс мөлжиж байсан шар иштэй хутгаар нурууны араас цохих шиг болсон чинь миний ухаан балартаж унасан. Би эмчилгээний зардалд 800,000 төгрөг *******аас гаргуулан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Г.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь хүнтэй эв зүйтэй харьцдаг. Элдэв муу зан ааш байхгүй. Ажилсаг, хааяа архи уудаг. Согтуу гэртээ ирээд агсам тавьдаггүй, төлөв даруу хүүхэд...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч З.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг ухаан ороход манай дарга Нэргүй, хүү Мөнхбаттай, өөр нэг машинтай *******ын ээж *******, хүргэн ах болох Баяраа, эхнэр Долгормаа нар ирсэн байсан. Тэр үед манай дарга Нэргүй намайг сэрээсэн. Тэгээд *******ын ээж надаас “...даавуу байна уу” гэж асуухаар нь би ******* ахын байрлаж байсан байшин руу орсон чинь ******* хэвтэж байсан. Тэр үед би *******г хутгалуулчихсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийнхөө  байранд ороод амарч байхад шөнө 01 цаг:45 минутын үед ******* миний унтаж байсан байранд ирээд “******* ахаа би болохоо байлаа. Та гараад ирээч” гэхээр нь гарсан чинь гадаа хэвтэж байсан. Тэгээд босгох гэтэл “намайг битгий хөдөлгө, ******* намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ компанийн эзэн Нэргүй рүү залгаж “энэ хүмүүсийг ирж ав” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Хэргийн газраас бэхжүүлсэн авсан 2, 6 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “6” гэсэн дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд *******ы *******ын баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн иргэн Ж.*******ын гарын хээний нэгдсэн санд MN0003320006648 бүртгэн кодлог оруулж, харьцуулалт хийхэд урьд нь 2 удаа MN000331002461, 0003312462 дугаараар бүртгэгдсэн байна...” гэх дүгнэлт[6],

7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Х.*******гийн биед баруун далны доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[7],

8.Шүүгдэгч Ж.*******ын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би унтаж байгаад шөнө дунд сэрэхэд  ******* орилоод яваад байхаар нь би *******ыг дуудаж сэрээгээд “наадах чинь мод руу ороод төөрчих юм биш биз дээ” гэхэд “наадах чинь гайгүй байх” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* ажилчдын байранд орж ирсэн. ******* нь агсамнаад орилж хашгираад *******ыг дуудаж сэрээж, өндийлгөөд байхад нь ******* буцаж хэвтээд байсан юм. Тэгээд дахиад гарч явчихаад хэсэг орилж  байгаад дахиад *******ын урд очоод сэрээх гээд байхаар нь би босоод “чи болиоч ээ, маргааш ажилтай хүн унтуулж амраагаач” гэж хэлэхэд ******* “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхэд би босч ирээд *******г татсан боловч *******ыг өдсөөр байсан юм Тэгэхээр нь би төмөр тавган дээр байсан хутгыг шүүрч аваад *******гийн араас нуруу руу нь 1 удаа хатгасан юм. ******* тэр дороо шалан дээр унаад урдаас муухай дуу гаргаад “чи найзыгаа хутгалчихлаа шүү дээ” хөгшин нь даараад байна шүү дээ” гэж хэлэхэд би хөнжлөө нөмөргөсний дараа орилоод яраглаад байхаар нь би *******г “бос” гэж хэлээд түүнийг хөтлөөд Боргоцойн цех гэх цагаан байшинд оруулахад тэнд ******* хөгшинд хандаж “Та манай дарга Нэргүйг эгч рүү яриад энэ талаар хэлчих” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Эд мөрийн баримтаар тооцох тухай[10], 11.Өвчний түүх[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тутах тухай тогтоол[12], 13.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Шийтгэх тогтоолын хуулбар[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ж.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* нь “...Тэгэхээр нь ширээ дээр мах идэж байсан хутгаар нуруу луу нь нэг хатгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тохирсон ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгчийн зүгээс зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, зүйл ангитай маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид гэмтэл учруулсны дараа бол тэнд байсан *******ийн утсаар ээж рүүгээ залгаж “хүн хутгалчихлаа, бэр эгчид хэлээд хүрээд ир” гэж хэлсэн. Түүний дагуу Ж.*******ын ээж мод үржүүлгийн газрын эзэн Нэргүй, хүү Мөнхбат, төрсөн дүү Баяраа гэдэг хүмүүсийг дагуулан Мөнхбатын машинаар хохирогчийг эмнэлэгт хүргэж ирсэн. Шүүгдэгчийн зүгээс бол хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн. Хохирогчийн ээж бол 80 гарсан өндөр настай хөгшин байсан учраас шүүгдэгч өөрийн ээжээр эмнэлэгт хохирогчийг 4 хоног сахиулсан. Хохирогч эмнэлэгт нийт 8 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Тэр үед шүүгдэгчийн зүгээс цай хоол зөөж тусалсан. Эмчилгээний төлбөр бол нийт 657,640 төгрөг төлсөн. Мөн гаднаас авч хэрэглэсэн эм тарианы мөнгө 31,700 төгрөг, шүүх шинжилгээний үнэлгээ гэж 13,000 төгрөг ингээд нийт 800,000 төгрөгийг хохирогчид бүрэн төлсөн. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна” гэсэн гэм буруугийн дүгнэлтийг хийсэн.

Иргэдийн төлөөлөгч Д.Алимаа “...Энэ хүн буруутай гэж үзэж байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тухайн оногдуулсан хариуцлагыг бүрэн эдэлж дууссан. Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь ердийн байдлыг нь дордуулах нөхцөл болгохгүй учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн ээжийгээ хардаг ганц хүн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг баримтлан хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хийсэн.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлын мөнгийг нөхөн төлсөн. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. ...Шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөн хохирогчид учруулсан хохирол, хор уршгаа төлсөн зэргийг харгалзан үзээд 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байгаа учраас өмгөөлөгчийн саналтай санал нэг байна” гэсэн эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн заалттай байдаг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан ба шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

   Иймд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулах ялын доод хэмжээ 05 жилийн хугацаагаар хорих ялын 23  оос багагүй ял оногдуулахаар хуульчилсан тул

5жил (60сар) х23=40 сар 3 жил, 4 сар

шүүгдэгч Ж.*******ад 03 /гурван/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялтан Ж.*******ад оногдуулсан 03 /гурван/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

   Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

   Энэхүү хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн 26см урт, 15см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.*******ад 03 /гурван/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ж.*******ад оногдуулсан 03 /гурван/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******гийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 800,000 мянган төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.

6. Энэхүү хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн 26 см урт, 15 см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АМАРГЭРЭЛ

 

                                       ШҮҮГЧИД                             Г.САРАНТУЯА

 

                                                                                       Э.ОЮУНТУНГАЛАГ