Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1315

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 484 266 478 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр

Хариуцагч: Д.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Б.Төмөрсүхийн хамт иргэн Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нартай харилцан тохиролцож дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан болно.

2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан.

2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот байрлах Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.

2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг 5 хувь болгож өөрчилсөн.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг нэмж нийт 83 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн.

2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулж 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан.

Эдгээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба зээлийн гэрээг Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нар нь сунгах хүсэлт гаргасны дагуу бүх зээлийн гэрээг сунгасан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 000 000 төгрөг. 2014 дугаар сарын 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөг. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 500 000 төгрөг, нийт 177 500 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 177 516 450 төгрөг, хүү 235 260 213 төгрөг, алданги 71 489 815 төгрөг, нийт 484 266 478 төгрөгийг гаргуулна.

Тодруулбал хариуцагч Ц.Дуламсүрэнгээс 201 557 830 төгрөг, хариуцагч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 282 707 833 төгрөг гаргуулж өгнө үү. 

Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэцогт Б.Төмөрсүх нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 9911-тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Эрдэнэцогт нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй. 

2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Ганбат нь 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөг аваагүй, өмнөх 75 000 000 төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4 500 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусад нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

2013 оны 01 дүгээр сарын 07-ны болон 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас Э.Эрдэнэцогт Б.Төмөрсүх нарт зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар 232.4-т зааснаар хариуцагч Ц.Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.834.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод олгож, 236 дугаар зүйлийн 236.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нарын Ц.Дуламсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 174.723.530 төгрөг гаргуулах, Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нараас 282 707 833 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дуламсүрэнгээс тэмдэгтийн хураамжид 292 122 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалда журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай Д.Ганбаттай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчид 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүүний хамт 7 700 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч Д.Ганбат нь  зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгалт хийсэн байхад Д.Ганбат нь гарын үсэг зурсан бөгөөд Э.Эрдэнэцогт нь гарын үсэг зураагүйг шүүхээс 2 талын хүсэл зоригийг илэрхийлэл гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зээлдүүлэгч Э.Эрдэнэцогтын хувьд зээлдэгч Д.Ганбатын хүсэлтийг хүлээн авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ юм.

Нэхэмжлэгч Б.Төмөрсүх нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Дуламсүрэнтэй 75 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот Ц.Дуламсүрэнгийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 79 500 000 төгрөгийг буцаан төлөх үүрэг зээлдэгч Ц.Дуламсүрэн нь хүлээсэн. Мөн Ц.Дуламсүрэн нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацаа сунгах эрхийг Б.Төмөрсүх миний бие нөхөр Э.Эрдэнэцогтод зөвшөөрөл өгсөн бөгөөд үүний дагуу тус гэрээний сунгалт хийгдсэн байхад шүүхээс Б.Төмөрсүхээс гэрээнд түүнийг төлөөлөх эрх олгосон баримт байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар Ц.Дуламсүрэнтэй зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч нь 10 300 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байсан боловч зээлдэгч Ц.Дуламсүрэн нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээг 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр сунгасан.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлүүлэхээр Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нар нь 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүгийн хамт 80 533 333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар Д.Ганбат, Ц.Дуламсүрэн хүсэлт гаргасны дагуу тус зээлийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан.

Гэтэл шүүхээс энэхүү нотлох баримтыг засвартай байх тул үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын эх хувь баримттай шүүхээс үзлэг хийхэд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт хийсэн хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлж зурсан гарын үсэг засваргүй бөгөөд зөвхөн зээлдүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, хаягийг нөхөн бичихэд засвар оруулсан ба талуудын гарын үсэг болон бусад зүйлд ямар нэгэн засвар ороогүй болно.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх болон Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарын хооронд нийт 6 удаагийн зээлийн гэрээ байгуулагдаж гэрээ тус бүр талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж зээлийн гэрээнд сунгалт хийсэн нотлох баримт байхад анхан шатны шүүх энэ талаарх нөхцөл байдал, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэнгүй.

Мөн Зээлдэгч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж 2014 оны 03 дугаар 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 356 787 700 төгрөг болсныг харилцан тохиролцон зөвшөөрч гарын үсэг зурсан нотлох баримтыг огт үнэлээгүй орхисон нь хэргийн материалтай дутуу танилцсан эсхүл үнэлэхийг хүсээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх болон Д.Ганбат нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хувьд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу 2012 оны 03 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус үүссэн болно.

Тус гэрээнүүдээс харахад 2016 оноос эхлэн шаардах эрх үүссэн байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээрх 3 000 000 төгрөгийн гэрээг 2016 оны 7 дугаар cap хүртэл тооцоход /150.000x42 cap/ 6 300 000 төгрөг, 25 000 000 төгрөгийн гэрээг мөн хугацаагаар /1.250.000x37 cap/46 250 000 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар нийт 42 500 000 төгрөгийг Ц.Дуламсүрэн нь Э.Эрдэнэцогтод төлөх үүрэгтэй үүнээс Э.Эрдэнэцогтод 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 12 500 000 төгрөг болон хариуцагчаас зээлд тооцож авсан барааны үнийг хасч, нийт 26 834 300 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар Ц.Дуламсүрэнгээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Дуламсүрэн нь зээлийн гэрээний хүүг багасгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт, Б.Төмөрсүх нар нь хариуцагч Д.Ганбат, Ц.Дуламсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 484 266 478 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр, 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн гэрээгээр хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхөөр үүргийг хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Талууд гэрээний үүргийн гүйцэтгэх хугацаа сунгасан эсэх, зээл тус бүр төлөгдсөн эсэх, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн хэмжээнд маргаж байна.

 

Нэхэмжлэгч нар 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээнүүд 2016 оныг хүртэл үргэлжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа бол хариуцагч зээлийн гэрээнүүдийг тухай бүрт нь сунгаж байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдвэл зохих эсэх, хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Тооцоо нийлсэн баримтад зохигч талууд тус бүр гарын үсэг баталгаажуулсан, уг тооцоог буруу тооцсон гэж хэн аль нь маргаагүй байгаа тохиолдолд зээлийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэн дүгнэсэн акт мөн эсэх талаар анхан шатны шүүх тодруулах ёстой байсан. Зээлийн гэрээг сунгаагүй гэж байгаа тохиолдолд энэ 2015 оны актын дагуу үүрэг үүсэх боломжтой эсэх талаар дүгнэх шаардлагатай.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эсэх нь тодорхойгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2 579 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА